Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг өчигдөр/2019.09.17/ Төрийн ордонд зохион байгууллаа. Чуулганд аймаг, нийслэл, сум, дүүрэг болон ОХУ, Швед, БНХАУ, БНСУ, Турк, АНУ, Казахстан зэрэг гадаадын 10 гаруй орны төлөөлөгчид зочид нийлсэн нийт 1000 гаруй төлөөлөгч оролцлоо.
Энэ удаагийн “Илүү сайн ирээдүйн төлөө” олон улсын чуулга уулзалт “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх боломж”, “Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, хүчирхийллийн асуудал” болон “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагааны зорилт” сэдвийн дор боллоо.
Чуулганыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлсэн юм. Тэрбээр улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих бус хүчирхийллээс ангид байх, эмэгтэйчүүдийн эрх болон жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол шалгуур болж байгааг онцолсон. Монголын эмэгтэйчүүдийн холбоо зөвхөн Монголдоо төдийгүй олон улсад нэр хүндтэй, өөрийн гэсэн орон зайгаа нэгтгэсэн байгууллага байж ирсэн түүхтэй. Энэ байгууллагын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд улам сэргэж, идэвхижиж байгаад баяртай байгаагаа хэлэхийг хүсэж байна. Дэлхийн улс орнууд хөгжил дэвшлийн төлөө хүчин чармайлтаа нэгтгэн тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийг хичээн эрмэлзэн ажиллаж байна. Хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмждэг арга барил өөрчлөгдөж хүчирхийллээс ангид байх, эмэгтэйчүүдийн эрхийн асуудал болон жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг батлан бас хэрэгжүүлэн ажиллаж байна. Бидэнд алдаа дутагдал байгаа ч алхам алхамаар урагшилсаар байгааг хэлэхийг хүслээ. Цаашид охид, эмэгтэйчүүдээ ажилтай орлоготой, айх аюулгүй, сайхан амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн төлөө Төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа Монголын эмэгтэйчүүдийн холбоотой нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Монголын эмэгтэйчүүдийн байгууллага Азийн анхны эмэгтэйчүүдийн холбоо гэдгээрээ онцлог. Тэгвэл өнөөдөр 95 жилийнхээ ойгоор дэлхийн эмэгтэйчүүдийг урьж “Илүү сайхан ирээдүйн төлөө” хамтдаа чуулсан нь тус холбооны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байгааг тус холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл энэ үеэр хэлж байлаа. Тэрбээр "Монгол бол хатан ухааныг төрийн хэрэгт үнэлж ирсэн түүхэн уламжлалтай, эзэнт гүрэн байгуулж явсан суут богд Чингис хааны өлгий нутаг, хаан төрийн голомтод ухаант хатдаа буулгадаг онцгой дэг жаягтай, эв эеийн билэгдэл Алунгоо хатан, Эрдэм мэдлэгийн ундарга болсон Сорхугтан хатан, хүч ухаан, эрэмгий зоригоороо хаан төрийнхөө голомтыг сахиж үлдсэн домогт Мандухай хатны эх нутаг юм. Өнгөрсөн зууны 1924 онд Монгол улс манжийн дарлалаас чөлөөлөгдөн, БНМАУ-аа зарлан тунхагласан тухайн жил “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны үндэс суурь тавигдаж, “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр Ази тив дэх эмэгтэйчүүдийн анхны байгууллага болон үүссэн түүхтэй. Ийнхүү манай холбооны түүх зуун дамжин өртөөлж, энэ цагийн соёлч боловсон, эрдэм мэдлэгтэй, дэлхийн хөгжилтэй хөл нийлэн алхах чадварлаг бүсгүйчүүдийн сурах хөгжих, хүмүүнжих их үйлсэд үеийн үед түүхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Түүнчлэн Монголын эмэгтэйчүүдийн байгууллага олон улсад, мөн Ази тивдээ үзэл санаа үйл хэргээрээ үлгэр дуурайл болж байлаа. Тухайлбал: 1947 онд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны гурав дахь дарга С.Удвал Прага хотноо хуралдсан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны их хуралд уригдан илтгэл тавьж байлаа. Мөн Монголын эмэгтэйчүүдийн байгууллага түүхэн хөгжлийнхөө явцад үеийн үед онцгой гавъяатай ажилласны нэгэн жишээ 1980-аад онд эхчүүдийн төрөхийн өмнө ба хойно амрах байр байгуулсан нь ээжүүд аавуудад эрүүл аж төрөх сургалт явуулах гол төв нь болж, энэ туршлагыг Олон улсын эрүүл мэндийн байгууллага өндрөөр үнэлэн гадаад улс орнуудад туршлага болгон хэрэгжүүлэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Та бид хэл соёл, шашин шүтлэг, үндэс угсаа өөр хэдий ч дэлхийн бүхий л улсын эмэгтэйчүүд ээж хүн, эмэгтэй хүнийхээ хувьд нэгдсэн дуу хоолойтой, нэгдсэн зорилготой байж ирсэнийг дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний түүх тод өгүүлдэг билээ. Иймд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” 95 жилийнхээ ойгоор олон улсын эмэгтэйчүүдээ “ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” хамтдаа, сайхан бүхнээр үлгэрлэхийг уриалж байна." гэж илтгэлдээ онцолсон юм.
Чуулганы үеэр хамгийн их анхаарал татсан асуудлын нэг бол эмэгтэйчүүдийг дэмжсэн төсөл, хөтөлбөр байсан. Өнөөдөр эмэгтэйчүүдийн удирдсан аж ахуй нэгж, компаниуд бизнесийн салбарт амжилттай яваа жишээ цөөнгүй. Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ч мөн адил. Банкнаас зээл олгох шалгуурыг ч эмэгтэй удирдагчид сайн хангаж, санхүүгийн болон эрсдлээ нарийн тооцсон байдаг. Гэтэл төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зээл тусламж олгох зэрэг асуудлыг шийдвэрлэх түвшинд эрэгтэйчүүд жин дардаг нь нууц биш. Иймд өрхийн үйлдвэрлэл, Жижиг дунд үйлдвэрлэл, гар урлал, газар тариалан, оюуны салбарт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийг төр бодлогоор дэмжих, чиглэсэн төсөл, хөтөлбөр, хүү багатай зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг чуулганд оролцогчид илэрхийлж, санал солилцсон юм.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа “УИХ-ын түвшинд бодлого, шийдвэр гаргаж байгаа. Харамсалтай нь ЖҮД-ийн зээл хүндээ очоогүй явдал гарсан” гэдгийг хэлж байв.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Банкууд зээл олгодог ч эмэгтэйчүүдийг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагүй. Цаашид ийм бодлого хэрэгтэй” гэв.
Энэ удаагийн чуулганд оролцсон манай хоёр хөршийн төлөөлөгчид туршлагаасаа хуваалцаж байлаа. ОХУ-ын “Зай байкалье” эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Валентина Ивановна Подойницине, ӨМӨЗО-ны Хөх хотын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Лиан Шуцин нар мэндчилгээ хүргэж , өөрийн орны эмэгтэйчүүдийг дэмжих тусгай хөтөлбөрүүд төрийн тэргүүний ивээл дор хэрэгждэг гэдгийг онцлон хэлж байсан юм.
Эмэгтэйчүүд гэр бүлдээ ихэнх цагаа зарцуулж хөлсгүй ажиллаж, эдийн засгийн хараат болж, өөрсдийгөө хөгжүүлэх боломж нь хязгаарлагддаг. Статистикийн дүнгээр, эдийн засгийн идэвхгүй хүн амын дунд хүүхэд болон ахмад настан асардаг, гэрийн ажилтай шалтгаанаар 2014 онд 123,855 эмэгтэй байсан бол 2018 онд энэ тоо 171,140 -д хүрсэн ба хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 23 хувьд хүрчээ. Эмэгтэйчүүд өөрийн орлогогүй байхын хирээр бие даасан байдлаа алдаж, бусдаас хараат болж улмаар гэр бүлийн, бэлгийн, эдийн засгийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байдаг байна.
Ялангуяа, цалин хөлс хамгийн өндөр буюу уул уурхай, зам тээвэр зэрэг салбарт ажиллагсдын дөнгөж 10 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтын үзэл баримтлалын 2.2-д заасан хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангах, эмэгтэйчүүдэд ээлтэй зохистой хөдөлмөр эрхлэлтийн орчинг бий болгох асуудал бодит амьдралд хангалттай хэрэгжихгүй байгаагийн илрэл юм.
Тиймээс эмэгтэйчүүдийн тусгай хэрэгцээ, шаардлагыг судлан эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлт, бичил бизнесийг дэмжих, үйлдвэрлэл, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, төрийн бодлого үгүйлэгдэж байгааг чуулганд оролцогчид онцоллоо.
Сүүлийн жилүүдэд хүчирхийлэл, тэр дундаа охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нэмэгдсэнийг судлаач, эрхзүйчид хэллээ. 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар хүчиндэх гэмт хэрэг 217 бүртгэгдсэний 51,4 хувь нь хүүхэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 22.5 хувиар өсчээ. Гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа нь тулгамдаж асуудал болоод байгааг оролцогчид анхаарууллаа. Энэ дотроо ажлын байрны бэлгийн дарамт өсч байгаа бөгөөд охид, эмэгтэйчүүдийн олонх нь хэн нэгэн даргын дарамтад айж бүлтэгнэн ажиллаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус хуулийн зөвлөх, хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа онцлон хэлж байв.
Чуулганд оролцсон УИХ-ын гишүүн Н.Оюундарь охид, эмэгтэйчүүдийн асуудлаар эмэгтэй гишүүд дуу хоолойгоо нэгтгэн ажиллах болно гэдгийг хэлсэн.
“Илүү сайн ирээдүйн төлөө” олон улсын чуулга уулзалт “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн” оролцоо сэдвээр хаалтаа хийж, намуудын төлөөллийг оролцуулсан юм.
Өнөөдөр Монгол Улсын үйлчилгээний салбарын ажилтнуудын 80 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгвэл шийдвэрлэх түвшинд буюу улс төр, төрийн захиргаа, удирдлагын чиглэлд энэ үзүүлэлт байдаг. Гэхдээ энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд өссөөр иржээ. Гэсэн ч манай улс 2017 оны байдлаар жендэрийн үзүүлэлтээр дэлхийн 144 орноос 107-д жагссан үзүүлэлттэй байна.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дуу хоолой ямар байв, эмэгтэйчүүд бодлого боловсруулах, хууль батлах түвшинд шийдвэр гаргахад нөлөөлж байгааг бодитой жишээнээс харъя. Нэгдүгээрт, Тамхины хяналтын тухай хуулийг тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг санаачлан боловсруулж, чуулганаар батлуулсан. МАХН-ын хувьд Барилга, хот байгуулалтын сайдаар анх удаа эмэгтэй сайдыг томилуулсан. З.Баянсэлэнгэ сайдаар ажиллах хугацаандаа ТОСК-ийг байгуулж, иргэдийг төрийн орон сууцанд хамруулах ажлыг гүйцэтгэсэн” гэдгийг онцоллоо. Мөн анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүнийг нэр дэвшүүлж байсан гэдгийг тэмдэглэсэн юм.
АН-ын тухайд өмнөх удирдлага нь ч, одоогийн дарга С.Эрдэнэ ч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг нийгмийн халамжийн чиглэлээр олон ажлыг санаачлан хийсэн туршлагатай. Тус нам эмэгтэйчүүдийн талаарх бодлогын асуудлыг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоогоор нь шийдүүлж ирсэн. Цаашид эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллана гэдгийг тус намын Хуулийн хэлтсийн дарга Д.Оросоо хэлж байв.
“Илүү сайн ирээдүйн төлөө” олон улсын чуулга уулзалтад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат оролцсон. Түүний хувьд Жендэрийн тухай хуулийг анх УИХ-аар батлуулахад Байнгын хорооны даргаар ажиллаж гол ачааг үүрч гарсан хүний нэг. Тус хуулийг батлуулсны дүнд 2005 онд УИХ 3-5 эмэгтэй гишүүнтэй байсан бол 2012 оны сонгуулиар 12, 2016 онд 13 болж нэмэгдсэнийг онцлон хэллээ. Ардын нам 2020 оны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг дэмжих чиглэлд түүчээ болох зорилт тавьж байгаа гэв.
Холбоотой мэдээ