Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салмантай мягмар гаригт утсаар ярьж, “Saudi Aramco” компанийн эзэмшиж буй газрын тосны байгууламжид халдсан асуудлаар ярилцсан талаар тус улсын мэдээллийн SPA агентлаг мэдээлсэн байна.
Энэ үеэр Францын Ерөнхийлөгч халдлага үйлдэгчдэд бууж өгөхгүй байх нь чухал болохыг цохон тэмдэглэжээ. Макрон мөн Франц улс олон улсын шинжээчидтэй хамтран ажиллаж, халдлага үйлдсэн этгээдүүдийг олж илрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компанийн Абкайк болон Хурайс байгууламжууд руу есдүгээр сарын 14-ний бямба гаригт үл мэдэгдэх 10 дрон дайралт хийснээр дэлбэрэлт болсон билээ.
Дроны энэхүү халдлага нь дэлхийн нийт нийлүүлэлтийн 5% буюу хоногийн 5.7 сая баррель газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулж, улмаар брент газрын тосны үнийг огцом өсгөөд буй юм.
Дээрх халдлагыг Йемений хусит босогчид үйлдсэн гэдгээ зарласан ч АНУ “Галын тэсрэлт Ирак, эсвэл Ираны газар нутгаас халдсан пуужингийн үр дүн гэж үзэх хангалттай үндэслэлүүд бий. Йеменээс эхтэй гэх ямар ч нотолгоо байхгүй” гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ