“Дүнжингарав” худалдааны төвийн түрээсийн үнэ хоёр дахин нэмэгджээ. Тодруулбал, нэг лангууны сарын түрээсийн төлбөр 495 мянган төгрөгөөс 995 мянган төгрөг болгож өсгөсөн байна. Үүнийг эсэргүүцэж, худалдаа эрхлэгчид тус төвийн гадаа өнөөдөр жагсаж байгаа юм.
Худалдаа эрхлэгчдийн зүгээс “Дүнжингарав” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас түрээсийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм байна. Гаргасан шийдвэрээ бидэнд сарын өмнө хэлэх ёстой ч өчигдөр л дуулгасан. Ингэхдээ есдүгээр сарын 25-ны дотор түрээсийн гэрээг шинэчлэн хийж, нэмэгдсэн төлбөрийг төлөхгүй бол лангуугаа чөлөөлж, гарахыг сануулсан. Түрээсийн төлбөрийг ингэж огцом их хэмжээгээр нэмсэнээр худалдаа эрхлэгчдэд хүнд дарамт учруулж байна. Компанийн зүгээс түрээсийн үнийг нэмэх болсон шалтгаанаа цахилгаан, дулаан, усны үнэ өссөнтэй холбоотой гэж тайлбарласан. Ер нь түрээсийн үнийг байсхийгээд мэдэгдэлгүй нэмдэг.
Лангуу түрээслэх иргэнээс эхэлж 1 сая төгрөг барьцаанд авдаг. Түлхүүр хүлээлцэх болохдоо мөн 100 мянган төгрөг авдаг. Энэ түлхүүрийн гэх 100 мянган төгрөг авах ёсгүй. Энэ мэтээр түрээслэгчдийн эрх ашгийг зөрчдөг” гэлээ.
Мөн тэд иргэдийн худалдан авах чадвар муугаас сарын түрээсийн төлбөр болох 495 мянган төгрөгийг арай чүү төлдөг байсан. Гэтэл өнөөдөр 995 мянган төгрөг болсон нь худалдаа эрхлэх аргагүй болгож байна” гэсэн юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ