Хуулийн сургуулийн оюутнууд, залуу хуульчдын төлөөлөлтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

Хуулийн сургуулийн оюутнууд, залуу хуульчдын төлөөлөлтэй уулзав

Хуулийн сургуулийн оюутнууд, залуу хуульчдын төлөөлөлтэй уулзав

Хуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын мэтгэлцээний клубийн оюутнууд болон залуу хуульч, судлаачид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийг үе тэнгийн залуустай хүргэх, Ард нийтийн санал асуулгад идэвхтэй оролцуулах, өөрсдийн дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх зорилгоор өөрсдийн санаачилга, итгэл үнэмшлээрээ нэгджээ.

Эдгээр залуусын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу өчигдөр (2019.09.17) УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар болон Монголын Карл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хууль зүйн клиник сургалтын төвийн оюутнууд, “Тулах цэг” мэтгэлцээний клубийн оюутнууд, нийгмийн даатгалын шинэчлэлийн төлөөх “Хариуцлагатай даатгал төлөгчид” ТББ, “Богд” судалгааны хүрээлэн ТББ зэрэг байгууллагын төлөөлөл болсон 38 залуу оролцсон юм.

“Бидний амьдарч байгаа цаг хугацааны хувьд түүхэн үйл явдал тохиож байна. Тэр болгон Үндсэн хуульд өөрчлөлт орохгүй. Олон жил яригдсан нэмэлт, өөрчлөлтийг энэ удаагийн парламент хийхээр шаргуу ажиллаж, олон нийтийн хүсэж байсан Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр болсонд баяртай байгаа. Энэ хариуцлагатай цаг үед залуу үеийн төлөөлөл бид идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэхээр нэгдсэн. Болохгүй байна гэж нийгмийг бужигнуулахаас илүүтэй асуудалд бодитоор хандаж, залуучуудад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар зөв мэдээллийг хүргэхийг зорьж байгаа. Бидний ойрын 20-30 жилийн амьдралын эрх зүйн суурь орчныг зохицуулах энэ хуулийн талаар уншиж, судлая. Бидэнд хамаатай асуудал гэдгийг нь ойлгуулахаар өөрсдөө санаачилга гаргаж, кампанит ажлыг өрнүүлж эхлээд байна” гэж хуульч, судлаач Ү.Амарбат хэллээ.

УИХ-ын даргын Ахлах зөвлөх Ж.Сүхбаатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гол агуулгын талаар болон Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг дэлгэрэнгүй тайлбарлан танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж