Италийн Наполи аваргуудыг хожив

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

Италийн Наполи аваргуудыг хожив

Италийн Наполи аваргуудыг хожив

Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох клубуудын аваргуудын лигийн 2019-2020 оны улирлын хэсгийн тоглолтууд урьд шөнө эхэллээ. Урьд шөнө E, F, G, H хэсгийн эхний тоглолтууд болсон байна.

E хэсэг:

  • Наполи 2-0 Ливерпүүл (гоол: Д.Мертенс пен 82’, Льорнете 90’)

Аваргуудын лигийн цомыг хамгаалагч Ливерпүүл клуб Италид зочлон хэсгийн эхний тоглолтоо хийлээ. Тоглолт талбайн эзэн Наполи клубын ялалтаар өндөрлөсөн бөгөөд тоглолтын гоолууд цаг дуусахаас ердөө 10 минутын өмнө орсон байна. Өнгөрсөн улирал мөн 2 баг нэг хэсэгт багтан тоглоход Наполи клуб талбайдаа ялалт байгуулж байсан юм. Ливерпүүл клубын хувьд Наполигийн талбай дээрээс хожил авна гэдэг тун хүнд байна.

  • Зальцбург 6-2 Генк (гоол: Э.Оланд 2’, 34’, 45’, Хван Хэ-чан 36’, Д.Собослаи 45+2’, А.Ульмер 66’, Ж.Луцими 40’, М.Саматта 52’)

Урьд шөнө болсон тоглолтуудаас хамгийн олон гоолтой болсон тоглолт Австрид боллоо. Талбайн эзэн Зальцбург талбайдаа 6-2 харьцаагаар Бельгийн багийг хожиж аваргуудын лигийн эхний ялалтаа авсан байна. Энэ тоглолтонд Зальцбург клубын Норвеги довтлогч Э.Оланд хет-трик хийж аваргуудын лигийн түүхэнд өөрийн нэрээ хет-трикээр бүртгүүлэв.

F хэсэг:

  • Боруссиа Дортмунд 0-0 Барселона

Германы шилдэг клуб Боруссиа Дортмунд клуб хэсгийн эхний тоглолтоо талбайдаа Барселона клубтэй хийж хуурай тэнцлээ. Энэ тоглолтонд талбайн эздээс М.Ройс тоглолтын 57 дахь минутанд гоол оруулсан ч тооцоогүй юм. Гэхдээ талбайн эзэд Барселонагийн эсрэг тоглолтонд маш сайн бэлтгэлтэй байж оноо алдсангүй. Тоглолтын 59 дэх минутанд Л.Месси талбайд орж ирсэн ч тоглолтыг өөрчилж чадаагүй юм.

  • Интер Милан 1-1 Слава Прага (гоол: Н.Барелла 90+2’, П.Ольянка 63’)

Европын аваргуудын лигт 2 дахь удаагаа оролцож буй Чехийн Слава Прага клуб Италиас хожил авахад тун ойрхон байлаа. Аваргуудын лигийн түүхэнд өмнө нь 1 удаа орохдоо ганцхан хожил авч байсан Слава Прага клуб тоглолтын 63 дахь минутанд П.Ольянкагийн оруулсан гоолоор талбайн эзэн Интер Миланыг хүнд байдалд оруулаад байсан. Гэвч шүүгчийн мэдлийн 90+2 минутанд гоол алдаж бараг л халаасанд нь ороод байсан бүтэн 3 оноогоо алдсан байна.

G хэсэг:

  • Лион 1-1 Зенит (гоол: М.Дефай пен 51’, С.Азмоун 41’)

Оросын аваргууд Францад зочлон тэнцээ авлаа. Өнгөрсөн өвлийн солилцоогоор Рубин Казан клубээс ирж байсан Иран довтлогч С.Азмоун тоглолтын 41 дэх минутанд гоол оруулж зочид тэргүүллийг авсан. Харин М.Дефай 51 дэх минутанд торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэснээр багаа хожигдлоос аварсан байна.

  • Бенфика 1-2 Лайпциг (гоол: Х.Сеферович 84’, Т.Вернер 69’78’)

Ердөө 10 жилийн түүхтэй Германы Лайпциг клуб дотооддоо төдийгүй Европын тавцанд хүчтэй өрсөлдөгч болоод байна. Тэд аваргуудын лигийн 2 удаагийн аварга, 115 жилийн түүхтэй Португалын Бенфика клубыг талбайд нь хожиж хэсгээ тэргүүлж эхлэв. Энэ тоглолтонд Германы шигшээ багийн довтлогч дубль хийсэн бол талбайн эздээс Х.Сеферович нэг гоол оруулсан байна.

Н хэсэг:

  • Аякс 3-0 Лилль (гоол: К.Промес 18’, Алварез 50’, Н.Тальяфико’)

Өнгөрсөн зун багийн гол тоглогчдоо алдаад байсан Аякс клуб аваргуудын лигийн шинэ улирлыг ялалтаар эхлүүлэв. Ингэхдээ тэд талбайдаа 3-0 харьцаагаар Францын Лилль клубыг хожиж өнгөрсөн улирал үзүүлсэн тоглолтоо гаргах боломжтой гэдгээ харуулаад амжив.

  • Челси 0-1 Валенсиа (гоол: Родриго 74’)

Челси клубын бүх цаг үеийн мэргэн бууч Ф.Лампард клубтээ дасгалжуулагчийн дүрээр эргэн ирж аваргуудын лигийн эхний тоглолтондоо оролцов. Гэвч түүний эхний тоглолт тийм ч таатай үр дүнтэй болсонгүй. Талбайдаа Испаний сарьсан багваахайнуудад хожигдсон байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж