"Монголд дижитал шилжилтийг хийх алтан үе ирээд байна"

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

"Монголд дижитал шилжилтийг хийх алтан үе ирээд байна"

Билл болон Меланда Гейтс сангийн тэргүүн Меланда Гейтс хөгжиж буй орнууд технологийн хөгжлийн ашиглан хөгжсөн орны тоонд орох боломжтой гэж үзэн, Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран “Олон улсын технологийн комисс”-ыг байгуулжээ. Тус комисс нь гурван улсыг сонгон, технологийг нь хөгжүүлэн, хөгжлийн үе шатыг нь хурдасгах төсөл хэрэгжүүлж байна. Жишиг гурван орны нэгээр Монгол Улс байж болох юм гэсэн санааг Аксесс Солюшн компанийнхан санаачлан, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр дээрх төсөлд эх орноо багтааж чаджээ.

Энэ хүрээнд "Цахим эрин дэх нүүдэлчид" төсөл Монгол Улсад хэрэгжжээ. Төслийн хүрээнд бидний амьдарч буй аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд Монгол Улс хаана явна вэ гэдэг судалгааг хийж, өчигдөр /2019.09.17/ үр дүнгээ танилцууллаа.

Судалгааны үр дүнг "Цахим эрин дэх Монгол Улс" төслийн захирал Б.Болор-Эрдэнэ танилцуулсан юм. Ингээд түүний тавьсан итгэлийг сийрүүлэн хүргэе

Тэрбээр судалгааны үр дүнгээ танилцуулахын өмнө дэлхийн улс орнуудад дижитал шилжилтэд хэрхэн шилжиж байгаа талаарх сонирхолтой жишээг дурдсан юм. Тодруулбал "2017 онд дэлхийн эдийн засгийн форумын мэдээгээр 2030 онд нийт ажлын байрны 50 хувь нь байхгүй болно гэсэн мэдээлэл гарч байжээ. Энэ мэдээлэл тухайн үед маш их шуугиан дэгдээж байв. Үүний зэрэгцээ, дөнгөж хоёрхон сарын өмнө БНХАУ цэцэрлэгийн хүүхдийн сургалтын хөтөлбөрт роботуудыг нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдээ багаас нь роботтой тоглуулах, харилцахыг сургаж эхэлсэн юм. Мөн дөнгөж хоёр долоо хоногийн өмнө Сингапурт цэцэрлэгийн робот багш нарыг бэлдэж эхэлсэн бөгөөд аль хэдийнэ туршилтаа хийжээ. Тэгэхээр та өнөөдөр хүүхдээ роботод найдаж үлдээчихээд тайван амгалан сууж чадах уу гэдэг асуудал бидний өмнө гарч ирж байна" гэв.

Технологийн хөгжил дэвшил бидний амьдралд хүссэн хүсээгүй нэвтэрч байна. Иймээс технологийн хөгжлийг ашиглан хөгжлийн үе шатаа хурдасгах боломжтой гэдгийг IT салбарынхан үзэж байна.

Өнөөдөр Монгол Улсад нөхцөл байдлаа зөв үнэлээгүйгээс болоод маш олон бодлого, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт маш буруу явагдсан. Иймээс бид Монгол орон дижитал шилжилтэд бэлэн үү гэсэн судалгааг хийсэн гэж Б.Болор-Эрдэнэ илтгэлийнхээ эхэнд дурдсан юм.

Мэдээж, технологи ярьж байгаа тул өнөөдөр Монгол Улсад эрчим хүчний боломж, дижитал төлбөр тооцооны систем байгаа эсэх хатуу болон зөөлөн дэд бүтцээ судалж үзсэн. Хоёрдугаарт бид хүний нөөцийн асуудлыг судалсан. Магадгүй бидний судалгааны хамгийн гол хэсэг нь хүний нөөцийн асуудал болох байх. Гуравдугаарт, санхүүжилтийн боломж, хууль эрх зүйн орчин тус тус судалж, бодлогын зөвлөмж гаргасан гэв.

Монгол Улсын талаарх сонирхолтой статистик:

  • Хүн ам – 3.2 сая. Үүний 63 хувь нь 35-аас доош насны залуучууд бөгөөд нийт хүн амын 98 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Үүгээрээ бид дэлхийд 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.
  • ICT хөгжлөөр монголчууд Ази тивдээ 14 дүгээр байрт орж байна.
  • IQ үзүүлэлтээр дэлхийд 12-т эрэмбэлэгджээ.
  • Насанд хүрсэн хүний 94 хувь банкны данстай.
  • Залуучуудын 92 хувь нь интернэт ашигладаг гэх мэтчилэн статистик үзүүлэлтийг харахад Монгол Улс  маш залуу, "толгой сайтай" залуучуудтай гэдэг нь харагдаж байна.

Үүнийг бид яаж ашиглах вэ гэдгийг маш сайн бодох нь зүйтэй гэдгийг судалгаандаа дурджээ.

  • Монгол Улсын хэмжээнд таван айл тутмын нэг нь эрчим хүчний хязгаарлагдмал боломжтой нөхцөлд аж төрж байна.
  • 100 хүнд ногдох гар утас нь 113 хувь буюу нэг хүн хоёр утастай байх жишээтэй.
  • 3.9 сая хэрэглэгч интернэт ашиглаж байна. Суурин интернэт 45 хувьтай байгаа бол хөдөлгөөнт интернэт 26 хувьтай байна. Интернэт худалдан авах чадвар 70 хувь. Энэ бол бусад улс орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт.

Дэлхийн банкны тооцоолсноор, 2030 онд нийт ажлын байрны 66 хувь нь хорогдоно гэж үзсэн бөгөөд 2027 онд технологийг ашиглаж чаддаг, хүмүүс дэлхийд хэрэгтэй болох ажээ.

Хэдийгээр нийт ажлын байрны 66 хувь нь хорогдож, автоматжуулалт бий болох ч гэсэн өнөөдөр олон улсын байгууллагууд ажилчдаа дахин чадавхижуулж, сургахыг зөвлөж байна.

Харин дээрх судалгаанаас харахад хамгийн сэтгэл эмзэглүүлсэн салбар бол Боловсролын салбар байгааг "Цахим эрин дэх нүүдэлчид" төслийн захирал Б.Болор-Эрдэнэ илтгэлдээ онцолсон юм. Учир нь, Монгол Улс өнөөдөр ур чадвартай ажиллах хүчин бэлтгэх чиглэлд 130 –р байрт эрэмбэлэгджээ. Өөрөөр хэлбэл, бидний бэлтгэн гаргаж буй оюутнууд ажиллах чадваргүй гарч ирж байгаагийн илрэл аж.   Улсын хэмжээнд нийт 105 мянган ажилгүй иргэд байна. Тэдгээр залуучуудын 56 хувь нь 18-35 насны залуучууд байгаа ажээ. Харин хөдөө орон нутагт амьдарч буй залуучуудын 6 хувь нь татвар төлдөг, албан ёсны хөдөлмөр эрхэлж байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас гаргасан судалгаагаар, нийт хүн амын 32 хувь нь тоон бичиг үсгийн чадвартай. Интернэт хэрэглээгээр 3.2 сая хүн амын 70 хувь буюу 2.2 сая хүн бүгд интернэт идэвхтэй ашиглаж байна. Санхүүгийн үйлчилгээний хувьд гар утсаар 49 хувь нь, интернэт банкны үйлчилгээг 27 хувь байна.

Хэдийгээр монголчууд технологийн дэвшлийг өргөн хэрэглэж байгаа ч IT чиглэлд суралцагчдийн тоо өсөхгүй байгааг дурдсан юм.

Өнөөдөр буй гарааны бизнесүүд зээл авах санхүүгийн эх үүсвэр нь банк. Гарааны бизнестэй хүн зээл авахад тэр хүнд барьцаа байхгүй. Өөрөөр хэлбэл нийт ААН-ын 90 хувь нь банкнаас санхүүжилт авах боломжгүй.

Монгол Улс бизнесийн орчноор дэлхий 192 орноос 74-т орж байна. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэх тийм ч таатай орчингүй. Нөгөө талаар гарааны бизнес эрхэлж буй залуучууд зөвхөн технологи бус санхүүгийн болон хууль эрхзүйн мэдлэг бага байна. Эдгээр залуучуудыг сургах чиглэлд хөтөлбөр бараг хэрэгждэггүй. Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй ганц, хоёр хөтөлбөр нь хүртээмжтэй бус байна.

Монгол Улсад хууль эрх зүйн хувьд хэн ч бизнес эрхлэх боломжтой, старт-ап компаниуд үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Зохицуулалтын хувьд харилцаа холбоо мэдээллийн технологийн газар гэх мэт агентлагууд бий. Харин хөгжиж буй бусад орнуудад хариуцсан төрийн байгууллага байхгүй. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгийн газраас гарааны бизнесийг дэмжих чиглэлд маш их арга хэмжээ авч байгаа. Hub innovation center гэх мэт. Цэвэр шударга өрсөлдөх зарчим нь бүрдсэн ч бодит байдал дээр хүндрэлтэй. Татварын хувьд Монголд байгаа татварын систем хэнд ч дараа болохооргүй байна гэж бид үзсэн. Учир нь, татварын хувь хэмжээ дэлхийн бусад улс оронтой харьцуулахад харьцангуй бага. Өөрөөр хэлбэл, одоо байгаа татварын системээр гарааны бизнес эрхэлж буй компаниуд амьдрах, бизнесээ өргөжүүлэх боломжтой.

Төрийн үйлчилгээ 2000 оноос эхлэн маш эрчимтэй хөгжиж байна. Хур систем, Төрийн үйлчилгээг операторын системд шилжүүлэх зэрэг цахим үйлчилгээ алхам алхамаар нэвтэрч байна. Нөгөө талаар хуулийн хэрэгжилт хангалтгүй. Ялангуяа оюуны өмч, шударга өрсөлдөөний хувьд хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Технологийн салбараас бусад салбар хэр дижитал шилжилтэд орсон вэ гээд харахаар маш хэцүү. Ялангуяа хөдөө аж ахуйн салбар технологийн шийдлийг хамгийн бага нэвтрүүлсэн байна.

"Цахим эрин дэх нүүдэлчид" төслийн судалгааны явцад Монгол Улсад яаралтай шийдэх асуудлаар цахим аюулгүй байдал тодорчээ. Учир нь Монгол Улс цахим аюулгүй байдлын тухай хууль байдаггүй. Хууль, хүчний байгууллагынхан энэ чиглэлд ажилладаг ч олон нийтийг хамарсан стратеги, том төсөл үгүйлэгдэж байна.

Үүний зэрэгцээ, Монгол Улсын айл өрхийн 20 хувь нь өвөл болохоор ядуурлын шугам руугаа орчихдог. Хүүхэд нь өвдөхөөр ядуурчихдаг. Үүнээс харахад дундаж давхарга Монгол Улсад алга байгааг судалгаа харуулжээ. Мөн жендерийн тэгш бус байдлыг харахад магистр, бакалавтр сурч буй оюутнуудын дийлэх нь эмэгтэйчүүд байна. Гэхдээ эмэгтэйчүүд эрчүүдээс 20 хувиар бага  цалин авсаар байна. Жендерийн түвшнөөр дэлхийд 28-д, эдийн засгийн боломжоор 20-д, улс төрийн оролцоогоор 109-т орж байна.

Эндээс дүгнэхэд бидний хувьд дэд бүтэц хөгжсөн, хууль эрх зүйн орчин дээр сайжруулах зүйл байна. Гарааны бизнесийн санхүүжилтийг олгох экосистемийг үүсгэх, мөн энэ салбарыг соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй ажээ. Мөн хамгийн гол нь бид технологийн мундаг бүтээлийг бүтээдэг IT экспертүүд, түүнийг хэрэглэж чаддаг ард түмэн гэсэн хоёр хүнийг бэлдэх нь чухал гэдгийг онцолсон юм.

Энэхүү илтгэлийн дараа "Монгол Улс дижитал шилжилтэд бэлэн үү?" гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Энэ үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Н.Чинбат салбарын хууль эрхзүйн орчинд нэмэлт өөрчлөлт хийж байгаа бөгөөд цахим мэдээллийн аюулгүй байдал, дата өгөгдөл, цахим засаглалын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж буйг дуулгасан юм.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  төрийн үйлчилгээг шат дараатайгаар цахимжуулах ажил хийгдэж байгаа бөгөөд түгжрэлийг бууруулах чиглэлд технологийн дэвшлийг ашиглахаар судалгаа хийж буйг онцолллоо.

Өнөөдрийн байдлаар, цэцэрлэгийн цахим бүртгэл, и-баримт, хур систем, нийслэлийн үйлчилгээний нэг цэгийн систем зэргээр төрийн үйлчилгээг цахимжуулах ажил хийгдэж байгаа ажээ.

Анд глобал ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.Анар хэлэлцүүлгийн үеэр техник, технологийн хөгжил Монгол Улсад маш хурдацтай орж ирж байгаа хэр нь хэрэглэгчдийг, ард түмнийг сургах асуудал чухлаар тавигдаж буйг онцолсон юм. Тухайлбал, монголчууд санхүүгийн боловсрол дутмаг байдгаас банк санхүү болон улсын эдийн засгийн талаарх ойлголтгүй эсвэл буруугаар ойлгох хандлагатай байгаа тул технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн боловсрол олгох ажлыг хийж байгаа гэлээ. Гэхдээ гол бэрхшээл нь суурь боловсролд оршиж буй тэмдэглэсэн юм.

Мөн тэрбээр Монгол Улс сул талаа ашиглан дижитал шилжилтийг огцом хийх алтан үе нь ирээд буйг дуулгасан юм. Ингэхдээ хэрэглэгчийн цахим аюулгүй байдлын тухай хуулиа батлаад бусад хууль эрх зүйн орчныг сул байгааг ашиглан дижитал шилжилтийг хийх хэрэгтэй гэв. Ингэж чадвал Монгол Улс 3-5 жилийн дотор хөгжих боломжтой гэв. Үүнээс гадна, гол тулгамдаж буй асуудал боловсон хүчин гэв. Учир нь, социализмын үед бэлтгэгдсэн инженерүүдийн сүүлийн үе өнөөдөр Монгол Улсын IT салбарыг авч явж байна. Цаашид энэ салбарыг авч явах боловсон хүчин хангалтгүй байгааг онцолсон билээ.

Харин ICT групп ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Лхамсүрэн Дижитал хөгжлөөрөө Монгол Улс Ази тивдээ төдийгүй дэлхий дахинд тэргүүлж байна. Харамсалтай нь, иргэд үүнийг ашиглаж мэдэхгүй байна. Төрийн үйлчилгээ цахимжаад 10 гаруй жил болж байна. Тухайлбал, эрүүл мэндийн үйлчилгээ  10 жилийн өмнө цахимжиж, шинжилгээний хариугаа цахимаар авах боломжтой ч өнөөдөр хүртэл иргэд эмнэлэгт дугаарлан байж, шинжилгээний хариугаа авсаар байна гэв. Өнөөдрийн байдлаар 30 мянган иргэн шинжилгээний хариугаа цахимаар авдаг гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ үзүүлэлт нь Энэтхэгт ажиглагдаагүй үзүүлэлт аж. Мөн Монгол Улс дэлхийд анх удаа элсэлтийн ерөнхий шалгалтыг цахимаар авсан. Автомашины торгуулийг цахимаар төлөх боломжтой гээдг суурь дэд бүтэц нь зарим нэг талаараа дэлхийн түвшинд хүрэхүйц хөгжсөн.

Хурлын төгсгөл IT салбарт үйл ажиллагаа явуулж буй хоёр эрхэм Монгол Улс дэлхийд sandbox болсон гэдгээ зарлаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, нэмүү өртөг шингэсэн гаднын технологийг импортлохоос илүүтэй эх орондоо туршиж, хөгжүүлэх нь зардлыг багасгах боломжтой гэдгийг онцлон тэмдэглсэн билээ. Үүнийг хөгжүүлэхэд 3-5 жил л хэрэгтэй. Өнөөдөр алтан үе нь ирсэн гэдгийг тэмдэглэсэн билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж