Асашёорюү тулааны урлагт хүч сорино

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Асашёорюү тулааны урлагт хүч сорино

Асашёорюү тулааны урлагт хүч сорино
Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж мэргэжлийн тулааны урлагт хүч сорихоор шийджээ. Японы MMA буюу мэргэжлийн тулаан урлагийн дээд байгууллага болох World Victory Road-ээс "Их аварга Асашёорюү төрөлх Монгол улсдаа Team Asashoryu нэрийн дор өөрийн гэсэн клубтэй болсон бөгөөд шинэ клубын тамирчин Ж.Нарантунгалаг ирэх сарын 22-нд Токио хотын Кокугикан буюу Сумо бөхийн их өргөөнд болох тулаанд оролцуулахаар болсон гэнэ" хэмээн мэдээлжээ.

World Victory Road-ын төлөөлөгч Фукуда Мукай гэгч Монгол наадмыг үзэж сонирхохоор манай улсад хүрэлцэн ирж, Асашёорюүтэй биечлэн уулзаад явсан бөгөөд их аварга Монголын тулаанчдыг цаашид дэлхийн тавцанд гаргах чин хүсэлтэй байгааг онцолжээ. Мукай нутагтаа очсоны дараа буюу өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, дээрх мэдээллийг олон нийтэд өгсөн байна. Энэ үеэр тэрбээр өдгөө Монголд тулааны урлаг ид хүчээ авч байгаа. Их аварга Асашёорюү зодог тайлснаас хойш эх орондоо бизнес эрхлэхийн зэрэгцээ Монголын үндэсний бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж байгааг онцлон ярьжээ.

Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн санаачилгаар үүсгэн байгуулсан "Team Asashoryu" клубыг өмнө нь тулааны урлагаар хичээллэж байсан туршлагатай   түүний төрсөн ах, дүү нар болох Д.Сумъяабазар, Д.Сэржбүдээ нар клубын үйл ажиллагааг хариуцан бөх болон боксын бэлтгэлийн заал түрээслэн бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа гэнэ.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Мукайгаас нэгэн үе сумогийн дэвжээг эзэгнэж байсан их аварга Асашёорюү өөрөө тулааны урлагаар хичээллэх болов уу гэсэн асуултад тэрбээр “Би түүнээс энэ талаар асуугаагүй” хэмээн хариулжээ. Гэхдээ түүний хэлснээр их аварга өөрөө тулалдахгүй, харин менежмент тал дээр анхаарч ажиллах бололтой.

С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж