Хамгийн сүүлд Өмнөд Солонгосын сөрөг хүчний “Солонгосын эрх чөлөө” намын дарга Хван Кё Ан Ерөнхийлөгчийн засаг захиргааны үүдэнд үсээ хусуулж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Түүнээс өмнө парламентын хоёр эмэгтэй гишүүн олны өмнө үсээ хуссан билээ.
Энэ бүхэн саяхан тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хийсэн томилгоотой холбоотой юм. Тодруулбал, Мүн Жэ Ин энэ сарын 9-ний өдөр өөрийн хамгийн ойрын туслах Чо Гүг гэгчийг Хууль зүйн сайдаар томилсноос энэ бүх эсэргүүцэл тэмцэл эхэлжээ. Сөрөг хүчний дээрх гурван эрхэм Чо Гүгийг даруй эргүүлэн татахыг шаардаж байгаа юм.
Шинэхэн томидогдсон Хууль зүйн сайд нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, гэр бүлийнхэн нь авлигын дуулианд холбогдсон нэгэн бөгөөд энэхүү томилгооноос хойш ард түмний дунд ч Мүн жэ Иний нэр хүнд илт унаж байгаа юм. Үүнээс гадна ажлын байрны тоо буурсан, Японтой эхлүүлсэн худалдааны маргаан, Хойд Солонгостой дипломат харилцаа тасалдаж эхэлсэн зэрэг асуудлууд түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Мөн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хууль зүйн сайдыг томилохдоо аливаа сайдыг томилохдоо Үндэсний Ассамблейгаар хэлэлцүүлдэг дүрмийг дахин зөрчжээ. Тэрбээр өмнө нь 16 сайдыг ингэж томилж байсан бөгөөд эдгээр үйлдлээ салбарын бус хүнийг сайдаар томилоход л Үндэсний Ассамблейгаар хэлэлцүүлэх шаардлагатай хэмээн зөвтгөсөн байна.
Чо Гүкийн эхнэрийг охиноо нэр хүндтэй их сургуульд элсүүлж, өндөр тэтгэлэгт хамруулахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн хэмээн Прокуророос буруутгаж байгаа бол Чо Гүг үүнийг шүүхийн хэт ялзарсан тогтолцоо Мүн Жэ Иний хийж буй шинэчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, татан унагаахын тулд зориудаар хүний нэр хүндэд нөлөөлж буй үйлдэл хэмээн тайлбарлаж байгаа. Мөн тэрбээр гэр бүлийнхнийхээ гаргасан алдаанаас хүлцэл өчөөд хууль зүйн салбарын ялзралыг арилгахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.
Хууль зүйн сайдын томилгооноос үүдэн Өмнөд Солонгосын ард иргэд хоёр хуваагдаад байна. Нэг хэсэг нь Мүн Жэ Инийг өөрийн итгэлтэй хүмүүсээр хүрээлүүлэн хүчирхэг багийг бүрдүүлэн ажиллах ёстой гэсэн байр суурин дээр нэгдээд байгаа бол нөгөө хэсэг нь сөрөг хүчний үзэл баримтлалыг дэмжиж буй юм. Мүн Жэ Иний хувьд өөрийн хийсэн томилгоог өөрчдөхгүй гэдгээ илэрхийлээд бүх зүйл баримт нотолгоогоор нотлогдсон тохиолдолд л шийдвэрээ эргэж харах болно гэдгээ хэлсэн байна.
Тус улсын өмнөх засаг захиргаа мөн л авлигын хэргээс болж нуран унаж, Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ авлигын хэргээр шоронд сууж байгаа. Харин олны өмнө үсээ хусуулан эсэргүүцлээ илэрхийлж буй ноён Хван Кё ан нь өмнөх Ерөнхийлөгчийн үед Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан нэгэн бөгөөд ард иргэдийн зарим нь түүнийг Мүн Жэ Инийг унагахын тулд “жүжиг тавьж байна” хэмээн үзэж байгаа юм.
Үсээ хусах нь Өмнөд Солонгост жагсаалын уламжлалт хэлбэр билээ. Энэхүү үйлдэл нь Күнзийн уламжлалт сургааль дээр үндэслэсэн бөгөөд аливаа зүйлд тууштай байгаагаа харуулах арга зам байсаар ирсэн. Түүхээс харвал 1960-1970 оны үед цэргийн дарангуйлагчид эрх барьж байхад тэднийг эсэргүүцэгчид үсээ хусч байр сууриа илэрхийлж байжээ. Хоёр жилийн өмнө тус улсын 900 гаруй иргэн АНУ-ын пуужингийн системийг эсэргүүцэх жагсаалын үеэр мөн л үсээ хуссан юм.
Мөн 2007 онд Ичин хотын олон зуун оршин суугчид хотод нь шинэ химийн үйлдвэр барих асуудлыг эсэргүүцэж эсэргүүцлийн энэ аргийг хэрэглэж байжээ. Хожим 2018 онд угаалгын өрөө, хувцас солих өрөөнд нууц камер байршуулах хууль бус үйлдлийг эсэргүүцсэн эмэгтэйчүүд үсээ хусч байсан юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ