"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшид 10 хувийн нэмэгдэл олгоно"

Хуучирсан мэдээ: 2019.09.18-нд нийтлэгдсэн

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшид 10 хувийн нэмэгдэл олгоно"

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшид 10 хувийн нэмэгдэл олгоно"

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд суралцах шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан. Тэгвэл энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар тус яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Б.Гэрэлтуяатай ярилцлаа.


-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд суралцах шийдвэрлийг БСШУСЯ-наас гаргасан. Өнөөдөр хичээлийн шинэ жил эхлээд гурван долоо хоног болж байна. Салбар яамнаас гаргасан шийдвэрийн хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн сургуульд огт сурч байгаагүй гэсэн үг биш. Өнгөрсөн 2018-2019 оны хичээлийн жилд боловсрол мэдээллийн системд нийт 6518 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэгдсэн. Эдгээр хүүхдээс 1740 хүүхэд нь тусгай зургаан сургуульд сурч байгаа бол үлдсэн 4678 хүүхэд энгийн сургуульд суралцсан. Гэхдээ тэр хүүхдүүд энгийн сургуульд суралцахад хүүхдийг хэрхэн үнэлж, ямар хөтөлбөрөөр хичээл заах гээд зохицуулсан эрх зүйн баримтууд байхгүйгээс олон асуудал үүсдэг байсан.

Үндэсний статистикийн хорооны 2018 оны арваннэгдүгээр сарын мэдээгээр улсын хэмжээнд 0-18 насны 10660 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Монгол улсад хүүхдүүд гурван наснаас эхлэн боловсролд хамрагдах ёстой. Тиймээс боловсролд хамрагдах 3-18 насны  8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа үүнээс 1087 хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан. Харин Насан туршийн боловсролын төвд 933 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдсан бол огт боловсролд хамрагдаагүй 1800 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа гэсэн тоон судалгаа гарсан. Өнгөрсөн 2018 онд БСШУСЯ-наас гаргасан эрх зүйн баримт бичгүүд яг эдгээр асуудлуудыг зохицуулахад зориулсан юм. Үүнд 2018 оны гуравдугаар сард “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал” гээд салбарын сайдын тушаал гарсан. Энэ тушаал нь энгийн, тусгай сургууль байна уу хүүхдүүдийн үзэж буй судлагдахууны агуулгаар хичээллэж чадахгүй хүүхдүүдийг багш нь тухайн хүүхэдтэй ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулж, ажиллах юм. Жишээлбэл, ангийн багш энэ хүүхдэд энэ улиралд ийм юмыг заана гээд эцэг, эх, сургалтын менежерээрээ баталгаажуулаад ажиллана гэсэн үг.

-Ганцаарчилсан төлөвлөгөөг батлуулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн үнэлнэ гэсэн үг вэ?

-Бид 2018 онд гаргасан А/425 дугаар үнэлгээний журамд хоёр заалт оруулж өгсөн. Нэгдүгээрт ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэсэн хүүхдийг бусад хүүхдүүдтэй нь харьцуулахгүй өөрийнх нь ахицаар нь үнэлнэ гэсэн байгаа. Хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдсон хүүхдийг сургууль төгсөх шалгалт авах, баримт бичигт тусгахдаа сургуулийн шалгалтын комиссын шийдвэрээр хэрхэн үнэлэхийг шийдвэрлэнэ гэж тусгасан. Дараагаар нь 2018 оны арваннэгдүгээр сард Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд хамтран “Заавар маягт батлах тухай” тушаалыг баталсан. Энэ тушаалд Монгол Улсад байгаа 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хэрхэн цогц дэмжлэгийг үзүүлэх вэ гэдгийг тусгасан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх насанд хэрхэн анхаарах, боловсролд хэрхэн хамруулах тухай аргачлал хэлбэрээр заасан. Зааварт  орон нутаг бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөлийг байгуулна гэж зааварласан.

-Эдгээр зөвлөлүүд байгуулагдсан уу?                 

-Одоо яаманд зөвлөл байгуулагдсан тушаалууд ирж байгаа. Тэр зөвлөлийг аймаг орон нутгийн удирдлагууд байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулахаас гадна огт хамрагдаагүй хүүхдээ олж илрүүлж ямар нэгэн боловсролд хамруулах юм. Мөн заавар дээр ерөнхий боловсролын сургууль бүрт хүүхдийн дэмжлэгийн багийг байгуулах ёстой гэж тусгасан. Хөвсгөл аймгийн хувьд орон нутагтаа дэмжих зөвлөлийг байгуулж, нэг өдөрт хөгжлийн бэрхшээлтэй 40 хүүхдийг хурлаараа оруулж байсан. Хэрвээ сургуульд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг бол багаараа хэрэгцээтэй, шаардлагатай зүйлээр туслах юм. Үүний дараагаар бид 5 дугаар сард сургууль дээр болох үйл явцыг журамласан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах журам”-ыг гаргасан байгаа.

-Тухайн ангийн багш энгийн хүүхдүүдэд хичээл заахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ганцаарчилсан сургалтыг явуулах юм байна. Цалин хөлсийг тодорхой хувиар нэмэгдүүлэх үү?

-Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 12-нд Засгийн газрын 145 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор энгийн сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгох журмыг боловсруулж шийдвэрлэхийг даалгасан. Бид энэ журам дээр ажиллаж, Засгийн газрын тогтоолын төслийг оруулж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшид үндсэн цалингийн 10 хувийн нэмэгдэл олгох саналыг оруулсан. Сая Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас дэмжсэн. Багш нарыг чадавхижуулах тал дээр их Монгол Улсын боловсролын их сургуульд тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийг байгуулсан . Мөн нэг жилийн хөрвөх ангиар 122 дугаар тусгай хэрэгцээт боловсролын багш шинээр бэлтгэгдсэн. Одоо 3.5 жилийн бакалаврын ангид 100 орчим оюутан суралцаж байна. Монгол Улсын боловсролын их сургуулийн сонгох хичээлд нь тусгай хэрэгцээт боловсролын хичээлийг оруулсан байгаа. Ноднин гэхэд энэ хичээлийг 680 гаруй оюутан энэ хичээлийг сонгож үзсэн байна лээ. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд 2300 гаруй багш нарт үндсэн сургалтаараа тэгш хамруулах боловсролын анхан шатны мэдлэгийг олгосон.

-Саяхан хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад аутизмтэй хүүхэд энгийн сургуульд суралцахаар очоод хөөгдсөн гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгч байсан. Энэ асуудлыг судалж үзсэн үү?

-Тэр хүүхдийн эмээтэй нь утсаар холбогдсон. Тухайн хүүхэд “Монгол од” гээд хувийн сургуульд нэгдүгээр ангид сурч байсан юм билээ. Сургуулийн зүгээс “Эхний ээлжинд хүүхдээ өглөө өгөөд өдөр ав. Тэрнээс гадна туслах багш хэрэгтэй байна” гэдэг шаардлагыг тавьсан гэдгийг эмээ нь хэлсэн. Одоо тэр хүү “Монгол од”  сургуулийн дэргэдэх өөр хувийн сургуульд дүүтэйгээ хамт сурч байгаа.

-Одоогийн байдлаар хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн сургуульд суралцах хүсэлтээ өгөөд байна вэ?

-Жишээлбэл 141 дүгээр сургуульд харааны бэрхшээлтэй хүүхэд нэгдүгээр суралцаж байна. Ингэхдээ Хараагүйчүүдийн үндэсний холбооноос туслах багш ажиллуулж байгаа. Удахгүй 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 44-өөс дээш хүүхэдтэй ангид туслах багш ажлуулна гэсэн хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр 141 дүгээр сургуулийн зүгээс  туслах багшийг ажиллуулах боломжтой болно. Одоо ерөнхий боловсролын сургуулийн захирлууд туслах багшийн төсвийг суулгачихсан байгаа. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах сайн жишээ өндөр хөгжилтэй орнуудад сайн хэрэгжиж байна. Харин манай улсын хувьд туршлага бага, дөнгөж тэгш хамруулах гээд эхлэлээ тавьж байгаа учраас тал талын оролцоо маш чухал.

-Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан орчин нөхцөлийг бүрдүүлсэн зүйл харагдахгүй байна. Зарим нь нийслэлийн хэмжээнд ганц хоёрхон сургууль дээр орчин нөхцөлөө сайжруулсан гэж шүүмжилж байна?

-Хамгийн гол нь эрх зүйн баримт бичиг гарна гэдэг чинь маш том амжилт. Гаргасан баримт бичиг дээр ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой. Бид “Бүх шатны боловсролын байгуулагын хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид тохирох хэрэглэгдэхүүн, орчин бүрдүүлэх журам”-ын  төсөл боловсруулаад ХНХЯ-наас  саналыг  аваад байна. Бид энэ журмын төслийг боловсруулахдаа ТББ-тай хамтран, тэдний саналыг тусгадаг. Тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй хүүхдэд маш  их тохирох хэрэглэгдэхүүн шаардлагатай. Тийм учраас тухайн сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардлыг гурав дахин нэмэгдүүлж өгч байгаа. Тэр зардлыг багшийн цалин хөлс, хүүхдийн тохирох хэрэглэгдэхүүнд ашиглах ёстой. Өнөөдөр журам гарлаа гээд маргааш нь шууд  бүх зүйл сайн болохгүй шүү дээ. Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдалтын тоо үзүүлэлт 80 хувьд хүрээд байгаа. Цаашдаа ажлаа үе шаттай эрчимтэй хэрэгжүүлнэ.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд хамрагдсан үзүүлэлт 80 орчим хувьтай байгаа гэлээ. Гэтэл тэр хүүхдүүд сурах орчин нөхцөл,  харилцаа гээд олон хүндрэл бэрхшээлээс болоод сургуулиа төгсч чадалгүй орхих тохиолдол цөөнгүй гардаг?

-Одоо харин ч хүүхдүүдийн хандлага их өөрчлөгдсөн. Энэ журам батлагдахаас өмнө ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 5000 орчим хүүхэд суралцаж байсан. Энэ журам гарсантай холбоотойгоор энгийн сургуульд сурах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэж гэж бодож байна.11 сард тоон мэдээлэл гарна. Миний мэдэж байгаагаар гурван хүүхэд тусгай сургуулиас хоёрдугаар бүрэн дунд сургууль руу явсан. Мөн 113, 16 дугаар сургууль руу шилжин суралцаж байгаа.

-Ерөнхий боловсролын сургуулиудад цахилгаан шат хийснээр сургуулийн орчин нөхцөлд ихээр нөлөөлнө гэж хэлж байна. Тийм боломж бий юу?

-Хуучны баригдсан сургуулиудад шинээр цахилгаан шат хийнэ гэдэг хүндрэлтэй. Харин одооноос баригдаж буй бүх сургууль, цэцэрлэгийн барилгаа хүлээж авахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан барилгын стандартын шаардлагыг хангасан байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тэрнээс гадна нийслэлд “ЖАЙКА” олон улсын байгууллагын санхүүжилтээр шинэ гурван сургууль баригдаж байна. Энэ сургуулиуд нь орчин бүрдүүлсэн байдлаараа жишиг сургууль болно. Удахгүй Дэлхийн банкны санхүүжилтээр 10 аймагт нэг нэг үлгэр жишээ дэмжих танхимыг байгуулахаар төлөвлөсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж