Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүд өдөрт 1650 төгрөгөөр дөрвөн удаа хооллох ёстой. Мах, ногооны үнэ тэнгэрт хадсан энэ үед төрөөс ийм хэмжээний мөнгийг нэг хүүхдэд төсөвлөж буй нь шим тэжээлтэй хоол өгөх нь битгий хэл цатгаж ч чадахгүйд хүргэж байгаа. Уг нь тав хүртэлх насны хүүхдийн хоолноос өдөр тутамд авах ёстой илчлэг 70-80 хувь байх ёстой гэж үздэг. Иймээс бид шоколад ч авч хүрэхгүй мөнгөөр шим тэжээлтэй хоол бэлдэх хүнд даалгаврыг биелүүлж чадаж байгаа эсэхийг сурвалжиллаа.
ТӨМӨР ЗАМЫН 180 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ НЭГ ХҮҮХЭД ӨДРИЙН 2500 ТӨГРӨГӨӨР ХООЛЛОДОГ
Төмөр замын гэх тодотголтой 180 дугаар цэцэрлэгт 17:00 цагийн үед эцэг эхчүүд хүүхдүүдээ албанаас нь авч байв. Тус цэцэрлэгт 500 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг. Нэг хүүхдийн 2500 төгрөгөөр өдөрт гурван удаа хооллох ба эцэг эхчүүд сар бүрийн эцэст 15000-17000 төгрөг хүүхдийнхээ хоолны мөнгөнд “хандивладаг” байна. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхдийнхээ өдрийн хоолны мөнгөний 32 хувийг гаргадаг бол үлдсэн мөнгийг нь төмөр замаас төсөвлөдөг аж.
Цэцэрлэгийн гал тогоотой танилцахад маргааш өглөөний цайнд өгөхөөр жимсний чанамал, талхаа нөөцөлсөн байв. Мөн ногоо, мах, нарийн ногоо гээд хүнсний бүтээгдэхүүнийг тус тусад нь маш бага хэмжээгээр хадгалжээ. Маргааш өглөө нь хүүхдүүдэд шууд бэлэн хийж өгөхөөр махыг чанаж болгосон, төмс, ногоог хэрчиж хөлдөөсөн зүйл огт байгаагүйг энд онцолъё. Өчигдрийн тухайд тус цэцэрлэг хүүхдүүдэд гурвалжин будааны сүүн шөл, чавганы шүүс, нэгдүгээр хоолонд бөөрөнхий махтай улаан лоолийн шөл, хоёрдугаар хоолонд мантуун бууз шинэ ногооны хачир, үдээс хойш ясны шөлөөр баяжуулсан бор цай, боорцог, ааруул өгчээ.
Гал тогоонд “дээж” гэсэн хөргөгч нүдэнд туссан нь тогооч нарын баримталдаг хамгийн гол зарчим аж. Тэрхүү хөргөгчинд тухайн өдөр, өдрийн хоолноос дээж авч 24-72 цаг хадгалдаг ба хоолны эрүүл ахуйн “амин сүнс” нь аж. Энэ нь хүүхдүүдийг хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилдэг байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолыг Ахлах тогооч П.Одончимэгээр ахлуулсан гурван тогооч, нэг туслахын хамт бэлтгэдэг байна.
ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХООЛ ХҮНС БЭЛТГЭХЭД 1650 ТӨГРӨГ ХҮРЭЛЦЭХГҮЙ
Төмөр замын 180 дугаар цэцэрлэгийн Ахлах тогооч П.ОДОНЧИМЭГ:
-Манай цэцэрлэгт 2-5 хүртэлх насны хүүхдүүд хамрагддаг. Хоёр настнуудад хоолонд дуртай болгох, идүүлж сургахын тулд нэг сар гаруйн хугацаанд зутан, бантан, ногоогоор баяжуулсан шөлтэй хоол өгдөг. Дараа нь өдөр тутмын хоолоо идэж сурдаг. Нэг хүүхдийн өдрийн хоолны мөнгөнд 2500 төгрөг төсөвлөсөн нь хүрэлцээтэй. Одоо шинэ ногоо гарсан учраас аль болох ногоогоор баяжуулсан хоол менюндээ тусгаж байна. Ерөнхийдөө цэцэрлэгийн насны хүүхдүүд илчлэг их, амин дэмээр баялаг хоол идэх ёстой. Жишээ нь, бид хүүхдүүдэд мах, ногоо, жимс, сүү сүүн бүтээгдэхүүн гэх зэрэг шим тэжээлтэй хүнсээр хоол бэлтгэж өгч байгаа гэж бодож байгаа. Аль болох л чихэрлэг хүнснээс татгалздаг.
Улсаас төсөвлөсөн нэг хүүхдэд зарцуулж буй өдрийн хоолны 1650 төгрөг шим тэжээлтэй хоол хүнс бэлтгэхэд хаана нь ч хүрэлцэхгүй шүү дээ. Хүүхэд хоолондоо ч цадахгүй.
Бид эцэг эхчүүдэд зориулсан цэцэрлэгийн хоолны өдөрлөг зохион байгуулдаг. Өдөрлөгөөр эцэг эхчүүдэд хүүхдэд зориулсан шим тэжээлээр баялаг цэцэрлэгийн хоолыг хэрхэн бэлдэх арга, туршлагаас хуваалцаж, хүүхдийн хоногт авах илчлэгийн тухай эцэг эхчүүдэд зөвлөдөг. Ээж нар гэртээ цэцэрлэгийн хоол хийж сурах хэрэгтэй.
Тус цэцэрлэгт зөвхөн төмөр замын ажилчдын хүүхдүүд хамрагддаг тул харьцангуй ачаалал бага, хүүхдүүд өлсдөггүй аж. Цэцэрлэгийн хоолны мөнгөний 32 хувийг эцэг эхчүүд сайн дураараа бүрдүүлдэг эсэхийг тодруулав.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛНЫ МӨНГӨНИЙ 32 ХУВИЙГ ТӨЛЖ БАЙНА
Төмөр замын 180 дугаар цэцэрлэгийн Эрхлэгч Т.МӨНХТУЯА:
Манай цэцэрлэг өмнө нь нэг хүүхдийн хоолны төсөв 1300 төгрөг байсан. Гэтэл хоолны нэр төрөл цөөхөн болж, хүүхдийн биедээ авах ёстой шимт бодис дутагдаж эхэлсэн. Хүүхдийн хоолны үнийг шинэчилснээр хоолонд орж буй найрлага өөрчлөгддөг учраас хоолны үнэд шинэчлэлт хийх шаардлага гарсан. Бид энэ тухай саналаа "Улаанбаатар төмөр зам"-д хүргүүлсэн. Энэ дагуу 2015 оноос хоолны үнийг шинэчилж, дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Үүнтэй холбоотой эцэг эхчүүд сар бүрийн 5-ны өдрийн дотор 15-17 мянган төгрөг хоолны мөнгөнд хураалгадаг жишиг тогтсон. "Улаанбаатар төмөр зам"-аас ажилчдынхаа өмнө хүүхдүүдийн хоолны зардалд анхаарах үүрэг хүлээсэн.
Нэг хүүхдийн хоолны төсөвт багтсан 2500 төгрөгт хүүхдэд аль болох шим тэжээлтэй хүнс бэлдэхийн тулд энэ мөнгийг нарийн тооцоолдог. Гэхдээ мах, ногооны үнэ тийм ч нөлөөлөхгүй. "Улаанбаатар төмөр зам"-ын худалдаанаас хүнс нийлүүлэлтийн гэрээ тогтоодог. Ер нь улсаас төсөвлөж буй нэг хүүхдийн хоолны зардал 1650 төгрөг шим тэжээлтэй хоол бэлтгэхэд хүрэлцэхгүй.
Эцэг эхчүүд хүүхдээ эрүүл саруул бие бялдартай өсгөе гэж бодож л байвал хоолных нь мөнгөний 30-50 хувийг бүрдүүлэх нь зүйтэй. Манай цэцэрлэг бусад улсын цэцэрлэгүүтэй харьцуулахад хоолны төсвийн өртөг илүү учраас аль болох шим тэжээлтэй хүнсээр эрүүл хоол хүүхдэд өгөхийг зорьдог. Аягыг нь цуйвангаар дүүргэх чухал биш шүү дээ.
ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГӨ ӨГДӨГ БОЛОХООР ӨЛСӨХ АСУУДАЛ БАЙХГҮЙ
Цэцэрлэг тарах үед хүүхдүүдээ албанаас нь авч буй эцэг эхчүүдтэй тааралдаж, тэдний сэтгэгдлийг сонслоо.
Иргэн Д.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Энэ жилээс хүүхэд маань 180 дугаар цэцэрлэгт суралцаж байна. Хоол сайтай санагдсан. Өмнөх цэцэрлэг нь хоолны хангалт маш муу байсан болохоор шилжүүлсэн нь энэ. Цаашид хүүхдийн хоолны мөнгийг нэмэхэд эцэг эхчүүдээс тодорхой хувиар гаргахаар болбол эсэргүүцэхгүй.
Иргэн Г.АРИУНДАРЬ:
-Би цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй. Хоёулаа 180 дугаар цэцэрлэгт явдаг. Орой нь цэцэрлэгээсээ гэртээ ирэхдээ өлсөж ирдэггүй. Хоолны мөнгөний тодорхой хувийг цэцэрлэгт нь өгдөг учраас өлсөх вий гэж санаа зовох нь бага. Цэцэрлэгээс хүүхдэд өгч буй хоолыг танилцуулж, өдөрлөг зохион байгуулдаг. Амт сайтай, тэжээллэг чанар нь маш өндөр сайн хоол өгдөг гэж үнэлдэг. Гэхдээ улсын цэцэрлэгүүдийн нэг хүүхдэд төсөвлөж буй 1650 төгрөг бол маш хангалтгүй.
Иргэн О.ЭРДЭНЭЧИМЭГ:
-Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн нэг хоолны хэрэгцээнд 2350 төгрөг хангалттай санагдсан. Манай хүүхэд гэртээ ирэхдээ өлсөж байна гэж яриад байдаггүй. Цэцэрлэгээс нь сар бүр хоолны мөнгө тодорхой хувиар авдаг. Ийм жишиг бусад улсын цэцэрлэгүүдэд ч байх л хэрэгтэй. Хүүхдийнхээ хоолны мөнгөнд эцэг эхчүүд бас нэмэрлэхэд татгалзахгүй байлгүй.
ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛОНД ЦАДААГҮЙ ХҮҮХДҮҮД ОРОЙ НЬ МАШ ИХ ӨЛСДӨГ БАЙНА
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгт очвол өөр нөхцөл байдал угтав. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхэд нь орой бүр гэртээ өлсөж цангаж буй тухайгаа хэлдэг, хоол идүүлэхэд их өлссөн байдаг тухай хэлэв.
Иргэн Ү.СҮНДЭРЬЯА:
-Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд 1650 төгрөг төсөвлөж буй нь маш хангалтгүй. Шим тэжээлтэй хоол идэхэд энэ мөнгө хүрэхгүй. Ийм хэмжээний мөнгөнд чанар муутай л хоол өгөх байх. Орой цэцэрлэгээс нь авахад их цангаж өлссөн байдаг. Хэдийгээр жаахан хүүхэд ч гэсэн бага багаар иднэ шүү дээ. Цэцэрлэгээс нь хоолны мөнгө авдаггүй. Хэрвээ хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг эхчүүдээс гаргуулна гэвэл санал нийлж байна. Чанартай, шим тэжээлтэй хоол өгөхгүй л бол ханиад томуу тусна шүү дээ.
Иргэн М.ХОНГОР:
-Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хоолны мөнгөнд 1650-2300 төгрөг төсөвлөх нь хангалтгүй шүү дээ. Хүүхдээ цэцэрлэгээс авахад өлсгөлөн л гэртээ ирдэг. Хоолондоо цаддаггүй юм шиг санагдсан. Улсын цэцэрлэг болохоор хоолны мөнгө хурааж авдаггүй. Хүүхдээ өлсгөхгүйн тулд хоолных нь мөнгөнд нэмэрлэхэд гар татахгүй. Эцэг эхчүүдээс цэцэрлэгийн хоолны мөнгө авдаг болох нь зөв л дөө.
Иргэн Т.БОЛОР:
-Хүүхдийн хоолны мөнгөнд 1650 төгрөг зарцуулж буй нь хангалттай биш. Улсын цэцэрлэг болохоор эцэг эхчүүдээс хоолны мөнгө авдаггүй. Цаашид эцэг эхчүүдээр хоолны мөнгөний тодорхой хувийг гаргуулбал татгалзахгүй. Манай хүүхэд хоолондоо цаддагүй юм шиг санагдсан. Орой цэцэрлэгээсээ гэртээ ирэхдээ их өлсөж, ундаассан байхыг нь харахад их бага хоол өгдөг юм болов уу гэж бодсон. Хүүхдийн хоолны мөнгийг нэмэх хэрэгтэй.
Цэцэрлэгийн багш нарын хэлснээр улсаас төсөвлөсөн 1650 төгрөг нэг хүүхдийн хоолны зардалд хүрэлцдэггүй гэдгээс өөр мэдээлэл хэлэхээс цааргалсан билээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвийн гаргасан “Гэр” зөвлөмжид балчир болон цэцэрлэгийн насныхан үр тариа, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, сүү, цагааан идээ, жимс, жимсгэнэ гэсэн таван төрлийн бүтээгдэхүүн заавал хэрэглэх шаардлагатай гэж заасан байдаг ч цэцэрлэгүүд тэр бүр үүнийг дагаж мөрддөггүй. Энэ нь дээр дурдсан цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны мөнгө 1650 төгрөг төсөвлөсөнтэй холбоотой.
Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны мэдээлснээр ирэх оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн цэцэрлэгийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүд гаргах хуулийн төсөл хэрэгжих аж.
ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛНЫ МӨНГӨНД ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС САРД 30 МЯНГАН ТӨГРӨГ ГАРГУУЛАХААР ТООЦСОН
БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан дарга Ж.МЯГМАР:
-Боловсролын тухай хуульд сургуулийн өмнөх насны хүүхдийн хоолны зардлыг эцэг эхтэй хуваалцаж төлөх заалт бий. Энэ хүрээнд БСШУСЯ-наас судалгаа хийсэн. Судалгаагаар эцэг эхээс хоолны зардлыг тодорхой хувиар гаргуулахад тодорхой эрсдлүүд бий. Үүнд, эмзэг бүлгийн хүүхдүүдийн хоолны зардал, улирлаас хамаарсан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үний хэлбэлзлээс хамаарна. Судалгаагаар хүүхэд 10-24 цагийн ажиллагаатай цэцэрлэгт 2-6 хүртэлх насны хүүхдүүд хоолны хоногийн илчлэгээ бүрэн авах илчлэгийг тооцоход эцэг эхчүүд сард дунджаар 30 мянга төгрөг төлөхөөр тооцож байна. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд цэцэрлэгийн хоолны мөнгөний 50 хувийг төлнө. Эцэг эхчүүдээс санал авахад ихэнх нь дэмжсэн.
Засгийн газар 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 50 хувь нэмэгдүүлэхээр 2020 оны улсын төсвийн тооцоололд тусгасан. Цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны мөнгийг 3720 төгрөг болгосноор 10 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгт хүүхэд хоногийн хоолны илчлэгээ авах бүрэн боломжтой гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар 1650-2300 төгрөг төсөвлөснийг хангалтгүй биш гэж үзэж болохгүй гэлээ.
Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийн хоолны мөнгийг гаргахыг дэмжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1650 төгрөгт төсөвлөсөн нь шим тэжээлтэй хоолоо авч идэж чадахгүй байна гэж үзэж байгаа юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ