Монгол Улсад хар тамхины хэрэглээ, гэмт хэргийн гаралт улам нэмэгдэж, хэдэн зуун саяар тоологдох хэмжээний үнийн дүнтэй дүйцэхүйц бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх тохиолдлууд бүртгэгдэх болсон. Тэр дундаа Монгол Улсад багшлах нэрийдлээр гадны улсаас виз даруулан орж ирсэн иргэд хар тамхины хэрэгт холбогдсон хоёр ч тохиолдол гараад байна.
Баримт 1: Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигер улсын 31 настай иргэн Шон гэгч нь өөрийн улсын гурван иргэнтэй хамтран Тайланд улсаас Монгол Улсад шуудан илгээмжээр 300 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөс хэмээх хар тамхины төрлийн бодисыг хилээр нэвтрүүлэхийг завдсаныг Цагдаагийн байгууллагаас дайчлан баривчилсан. Тэрбээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Upline” сургалтын төвд англи хэлний цагийн багшаар ажилладаг байсан бөгөөд тус сургалтын төв нь албан ёсны бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж байжээ. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газраас шалгалтын ажиллагаа явуулж дуусчээ. Улмаар ЦЕГ-аас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газар шилжүүлээд байна. Нийслэлийн прокурорын газраас дээрх дөрвөн иргэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт бичиж, яллах дүгнэлтийг англи хэл дээр орчуулах шатандаа явж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Баримт 2: Уржигдар /2019.09.16/ 06.45 цагт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулан Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С-ийг баривчилсан юм. Тэрбээр биедээ хар тамхины төрлийн бодистой явсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн байна. Мөн хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь "Royal academy"-тай албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулан багшлах гэж байсан гэх мэдээлэл байна. Уг гадаад улсын иргэнд холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд Шүүхээс “хилийн хориг тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэний зорчих эрхийг хязгаарлан гэмт хэргийн шинж, үйлдлээс нь шалтгаалан 1-12 жил хүртэлх хорих ялаар шийтгэдэг аж.
Анзаарсан бол дээрх хоёр хэрэгт ижил, төстэй нэг зүйл бий. Тэр нь сургалтын төвд англи хэлний багшаар ажиллах нэрийдлээр Монгол Улсад хөл тавьсан байдаг.
Багшлах нэрийдлээр хөдөлмөр эрхлэхээр ирдэг гадаад иргэд ийн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдах болсон нь Монгол Улс гадаадаас орж ирдэг иргэдэд хяналт шалгалт хийж чаддаггүй, сул байдагтай ч холбож болох юм.
Хэлний сургалтын төвүүдэд багшилна гэж виз даруулчхаад, энд ирэхээрээ өөр ажил хийдэг хүмүүс ч олон байдаг аж. Гадаадаас ирсэн болгон шилдэг сайн мэргэжилтэн биш, ирээдүй үеийг хордуулж, болзошгүйг дээрх хэргүүд бэлээхэн харуулж байна.
Хэлний сургалтын төвүүд гадаадаас багшлах боловсон хүчин авахын тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ханддаг байна. Зөвшөөрсөн тохиолдолд гадаад багш нар орж ирдэг аж.
ГАДААДЫН 900 ГАРУЙ БАГШ АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙНА
БСШУСЯ-ны гадаадын хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарьд "Гадаадаас багшлах боловсон хүчин авахдаа эхлээд ХХҮЕГ-ын журам болон Гадаадын иргэн, харьяатын газраас гаргасан квотыг харгалзан нийт ажиллах хүнийхээ тоог гаргадаг. Гадаад багш ажиллуулах сонирхолтой сургалтын төв, их сургууль, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ зэрэг нь гадаад багш нарыг өөрсдийнх нь стандартыг хангаж байна гэж үзвэл хоёр талт гэрээ байгуулдаг. Дараа нь БСШУСЯ-нд багшлах хүний мэргэжлийн үнэмлэх, диплом, ямар нэгэн халдварт өвчингүй эсэх мэдээллүүдийг өгдөг. Хэрэв тэнцвэл яамнаас дэмжих бичиг өгдөг. Яамнаас дотоодын багш нарыгаа илүү багшлуулах тал дээр дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байгаа боловч даяаршлын энэ үед их сургууль, ерөнхий боловсролын сургуулиуд чанар, стандартаа дээшлүүлэхийн тулд гадаад багш нарыг сонгож байна.
Монгол Улсад сүүлийн 2-3 жил тогтмол гадаадын 900 гаруй багш нар жиллаж, амьдарч байна. Дээрх тоог 1000-аас дээш давуулахгүй. Хоёр жилийн өмнө ХХҮЕГ-аас манай яаманд “Монголд багшлахаар ирсэн гадаад багш нарын зарим нь зуны цагаар ажлаа хийхгүй сэлгүүцээд байна. Элдэв хэрэгт орооцолдох магадлалтай” гэсэн зөвлөмж ирүүлж байсан. Бид тухайн үед журмаа өөрчилж багш нарын визийг зургаан сарын хугацаатай гаргадаг болсон. Гадаад багш нар Монголд ирээд багшилж байна уу, аль эсхүл өөр ажил хийж байгаа эсэхийг ХХҮЕГ болон Гадаадын иргэн, харьяатын газраас жил бүр тогтмол шалгалт явуулдаг” гэв.
Хуулиараа гадаад хэлний сургалтын төв болон Мэргэжлийн боловсрол сургалтын төвд багшлах гадаад багш нарыг Монголд оруулж ирэхэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам/ХНХЯ/-наас зөвшөөрөл авдаг бол их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуульд багшлах гадаад багш нарыг Монголд оруулж ирэх зөвшөөрлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд тавьж авдаг аж.
ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт албан ёсоор бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй хэлний түр сургалтын 160 гаруй төв бий. Харин янз бүрийн хэлний түр сургалтын төвүүдэд багшаар ирж байгаа гадаад иргэдийн хувьд асуудал нэлээд ярвигтай. Учир нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй сургалтын төвд “но”-той хүмүүсийг багшлуулах эрсдэл өндөр. Нэгэнт хаана ч бүртгэлгүй сургалтын төвд ажиллах зөвшөөрөлтэйгөөр ороод ирсэн хойноо багшлаад явж болох хяналтгүй, эзэнгүй орон зай Монголд байгааг тэд гаргууд ашиглаж буйг дээрх жишээ нотоллоо. Ер нь явж явж багшлах гэж орж ирсэн хүн үнэхээр багшаа хийж байна уу, эсвэл зүсээ хувилгасан хар тамхины наймаачин байж уу гэдэгт хяналт тавих эрх, үүргийг найдаж тохох байгууллага одоогоор Гадаадын иргэн, харьяатын газрынхнаас өөр байхгүй бололтой.
Холбоотой мэдээ