Баянхонгор аймагт тарваган тахал өвчний сэжиг бүхий тохиолдол гарчээ. Наймдугаар сарын 7-ны өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 24 настай О гэгч эмэгтэй өндөр халуурч хэвтсэн нь тарваган тахал өвчний шинж тэмдэг байж болзошгүй гэж эмч нар үзжээ. Тиймээс түүний нөхөр, хоёр охиныг халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, шинжилгээ авчээ. Иргэн О нь гэр бүлийн хамт Баянхонгор аймгийн төвийн Эрдэнэмандал багийн есдүгээр гудамжинд амьдардаг тул ойр орчмын 50 м газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эргэн тойронд 50 м газарт хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байгаа ажээ. Өвчтөнөөс авсан шинжилгээг Зооноз өвчин судлалын үндэсний төвд шинжлэн үзэхэд “сөрөг” гарчээ. Гэвч тарваган тахлын давтан шинжилгээг аваад байна.
Тарваган тахал өвчний байгалийн голомт нь Монгол орны хэмжээнд 7-9 дүгээр саруудад идэвхждэг. Улсын хэмжээнд энэ жилийн хувьд 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомт бүртгэгджээ. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна. Тиймээс наймдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх Сонгинохайрхан дүүргийн Хорин хоёрын товчоо, Эмээлт түүхий эдийн зах, Баруун туруун, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-биокомбинат, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Налайх дүүргийн тавдугаар хороо Городок, Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн шалган бүртгэх товчоодод “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийг байгуулан ажиллаж байгаа юм.
Д.ЦЭЭЛ