MCS-ийн “нууц ноёнтон”

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

76:1

MCS-ийн “нууц ноёнтон”

MCS-ийн “нууц ноёнтон”

“NEWS” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг. Энэ удаагийн дугаарт УИХ-ын дэд дарга Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг онцолж байна.


Монголын бизнесийн салбарт үлдээсэн мөрөөрөө "MCS-ийн" болтлоо нэрлэгдсэн улстөрч бол УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан юм. МАН-ын урдаа барих хууль тогтоогчдын нэгд багтдаг ч УИХ, Засгийн газраар Тавантолгой, экспортын төмөр замын төсөл хэлэлцэгдэхэд  “MCS-ийн хүн нөлөөлчих вий” гэх хардлагад ямагт өртөнө. Энэ хардлага эцэс сүүлдээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоёрын тодорхойлсноор Монголын уул уурхайн лиценз эзэмшдэг 30 гэр бүлийн нэг болж, нэрлэгдэхэд хүрсэн билээ. Гэхдээ энэ үг бизнесийн салбараас Ерөнхийлөгч болтлоо дэвшсэн хүндээ л шүүмжлэлийг илүүтэй авчирсан юм.

УИХ дахь МАН-ын бүлэгт Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хоёртой халз үздэг хуруу дарам гишүүн байдгийн нэг нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан. “Ерөнхийлөгчийн дайсан” гэх хоч зүүх болтлоо яригдах болсон нь төрийн тэргүүн рүү хандсан хурц үгүүдтэй нь холбоотой ч байж мэднэ.

“Эрэл” группийн ерөнхийлөгч  Б.Эрдэнэбатыг ялж, парламентад хоёр ч удаа сонгогдсон тэрбээр хөвсгөлчүүдийн төлөөлөл болж, УИХ-д долоо дахь жилдээ ажиллаж байна. Эхний ялалтыг авахад MCS группийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллах үедээ хэрэгжүүлсэн эрчим хүчний төсөл чухал үүрэг гүйцэтгэжээ.

Учир нь 2000-аад оны үед Хөвсгөл аймгийн ихэнх сум дизель станцаар эрчим хүчээ хангаж байсан бөгөөд өртөг өндөртэй тул айл өрх, албан байгууллагын төлдөг цахилгааны үнэ нь төвийн бүсийн эрчим хүч хэрэглэгчдийнхээс өндөр. Дизель станц нь зундаа ажиллахгүй, бусад улиралд 18.00-23.00 цаг хүртэл ажилладаг нь өвөлдөө албан байгууллагыг дулаанаар хангах ч боломжгүйн зэрэгцээ иргэд үйлдвэрлэл эрхлэхэд саад учруулдаг зэрэг олон бэрхшээл дагуулж байсан юм. Харин дээрх төсөл хэрэгжсэнээр сумд 24 цагийн турш төвийн бүсийн эрчим хүчинд холбогдон үнийн дарамтаас чөлөөлөгдөөд зогссонгүй орон нутаг хөгжих үндэс нь болсон юм.

Тэрбээр 2012-2016 онд парламентад ажиллахдаа Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Малчдын тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай, Нэмүү өртгийн албан татварыг 1 хувь болгох тухай, Хамтын тэтгэврийн тухай зэрэг хуулиудыг нэр бүхий гишүүдийн хамт санаачлан УИХ-д өргөн барьж, батлуулж байжээ.

Харин УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллахад МАН 2012-2016 онд хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж ажилласан нь нөлөөлсөн гэж хэлж болно.

Мөн УИХ-ын 2016 оны сонгуульд 65 суудал авсан МАН өмнөх парламентад ажиллаж байсан залуу гишүүдээ Байнгын хорооны дарга, Засгийн газарт сайдаар томилж, дээш татахад MCS-ийн "нууц ноёнтон" хоосон хоцорсонгүй, УИХ-ын Нийгмийн бодлого, байнгын хорооны даргаар томилогдсон юм. Удалгүй жил гаруйн дараа УИХ-ын дэд дарга болтлоо суга дэвшсэн. Өндөр албан тушаалд очиход “MCS төлөөллөө хууль тогтоох байгууллагын толгойд заллаа” гэх “бор шувуу” ч нисээд амжсан. МАН-ын бүлэг УИХ-ын дэд даргыг сонгохын өмнө сунгааг явуулахад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр түүнд өвдөг шороодсон байдаг. Ж.Эрдэнэбатын танхимыг унагахад кнопын дэмжлэг үзүүлсэн Ж.Энхбаярыг Д.Хаянхярваагаар удирдуулсан МАН-ын бүлгийн 32 хариуг ийн хатуу барьсан юм.

УИХ-ын шинэ дэд дарга бүлгээсээ Сонгуулийн тухай хуулийг цэгцлэх даалгавар авч, төсөл нь эдүгээ бэлэн болсон ч УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах эсэхийг эцэслэсний дараа хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Гэхдээ хуулийн төслийг хараахан УИХ-д өргөн бариагүй байгаа юм.

МАН-ын хөрөнгөтнүүдийн тоонд багтдаг түүний хөрөнгө орлого нам нь ялагдахад буурдаг бол эрх барихад өсчээ. Авлигатай тэмцэх газраас гаргасан төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр хувийн орлого нь 2017 онд 22 сая төгрөг байсан бол 2018 онд 12 тэрбум болж, огцом өсчээ.

Тэрбээр ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, АНУ-ын Дакотагийн их сургууль, БНСУ-ын Хангдоны их сургуульд тус, тус суралцаж, төгссөн. Эзэмшсэн мэргэжлээрээ  МОНЦАМЭ агентлагаас ажлын гараагаа эхлүүлж, дараа нь “Ил товчоо” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилогдон очжээ. Энэ үедээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэхээр орчуулагч  Г.Акимын удирдлага дор ажиллан, Батлан хамгаалах яамны генералууд тугны оройг бүрэх ёстой байсан алтаараа өөрсөддөө аяга хийлгэсэн тухай бичсэн нь тухайн үедээ дуулиан дэгдээж, шүүхэд хүртэл дуудагдан, хуулийнхны хараанд өртөж амжжээ.

Гэхдээ мэргэжлээрээ удаан ажилласангүй, дахин гадаадад суралцах боломж олдсоноор АНУ-ыг зорьсон бөгөөд нөхцөл байдал ч нэлээн өөрчлөгдөж, бизнест хүчээ үзэхээр шийдэн, Интерпрессийг үүсгэн байгуулж, MCS-тэй холбогдсон байдаг. Энэ үедээ “Цахим Монгол” хөтөлбөрийг санаачлагчдын нэг болж, “Нэг өрх- Нэг компьютер” төслийг дэлхийд алдартай INTELDELL компаниудтай хамтран хэрэгжүүлснээр  компьютерийн үнийг 250 ам.доллар хүртэл буулгажээ.  Сансрын сүлжээгээр дамжуулан авдаг өндөр үнэтэй интернетийн зурвасыг өргөтгөснөөр хэрэглээ нь 1000 дахин өсч, интернет хэрэглээний үнэ 100 дахин хямдарчээ. Тухайн үеийн 20.000 интернет хэрэглэгчийн тоо өнөөдөр 2 сая хол давсан нь MCS –ийн “нууц ноёнтон”-ы хийсэн ажлын нэг үр дүн юм.

БОЛОВСРОЛ:

1987 онд

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

1992 онд

ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль

1996 онд

АНУ-ын Дакотогийн их сургууль

2002 онд

БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1992-1995 онд

МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга

1996 онд

Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч

1996-2012 онд

Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч

2012 онд

Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх

2012-2016 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн

2016 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга

2017 оноос

Монгол Улсын Их Хурлын дэд дарга

ГАДААД ХЭЛ:

Орос, Англи

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж