БНАСАУ гал зогсоох хэлэлцээг зөрчиж байна гэв
"Өмнөд Солонгосын хоёр цэрэг өртөж, хөлөө гэмтээсэн дэлбэрэлтэд Хойд Солонгосын цэргийнхэн буруутай болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон" гэж НҮБ үзэв. Өмнөд Солонгос дахь НҮБ-ын командлал хоёр Солонгосын хооронд үйлчилж байгаа эвлэрлийн гэрээг зөрчиж байна гэж Пхеньяныг буруутгасан мэдэгдлийг наймдугаар сарын 10-нд гаргалаа. Наймдугаар сарын 4-нд хилийн цэрэггүй бүсийн орчим уг хэрэг гарч, өмнөдийн хоёр цэрэг минанд дэлбэрч, хоёулаа хөлгүй болсон юм. Энэ хэргийн мөрдөн байцаалтыг АНУ, БНСУ, Шинэ Зеланд, Колумбийн мэргэжилтнүүд явуулсан билээ.
"Сэндай" АЦС-ыг ажиллуулахаар боллоо
"Сэндай" атомын цахилгаан станцын эрчим хүчний нэгдүгээр блокыг наймдугаар сарын 14-нд ажилд оруулахаар болсон байна. Энэ тухай компанийн оператор Kyushu Electric Power (KEPCO) өнөөдөр мэдээлэв.
“Фүкүшима-1” станцын ослын дараа хаагдаж, үйл ажиллагаа нь зогссон 48 арилжааны цөмийн тогооны ажиллагааг сэргээсэн анхны тохиолдол энэ болох юм. Уг тогоог ажиллуулах зөвшөөрлийг тус компани өнгөрсөн зун авсан ч орон нутгийн хүмүүс болон захиргааны дэмжлэгийг одоо л авч байгаа ажээ. Эхиме мужийн “Иката” станцын нэг блок, Фукуи мужийн “Такахама” станцын хоёр блок мөн саяхан ажлаа эхлүүлэх зөвшөөрөл авсан гэнэ.
Индонези дахь Японы үйлдвэрт гал гарчээ
Жакарта хотод үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны барааны япон үйлдвэрт гал гарсны улмаас амь үрэгдсэн ажилчдын тоо 25 хүрчээ. Үйлдвэрийн эзэн энэ талаар өнөөдөр мэдээлэв.
Янз бүрийн төвшний түлэгдэлтэй гучаад ажилтан эмнэлэгт хүргэгдсэний заримынх нь биеийн байдал маш хүнд байгаа гэнэ. Галын гамшгийн улмаас таван ажилчин газар дээрээ нас барсан бол бусад нь эмнэлэгт хүргэгдсэн ч сэхээ авч чадаагүй байна. Эл үйлдвэрийг "Mandom" компани 36,76 сая ам.долларын хөрөнгө оруулж, баруун Ява аралд босгосон бөгөөд бүс нутгийн гол үйлдвэрүүдийн нэг болсон байсан юм.
Турк дэх Америкийн консул руу халджээ
Үл таних хоёр хүн даваа гаригийн өглөө Стамбул хот дахь АНУ-ын консулын газар руу халдаж, буудсан байна. Энэ халдлагын талаар консулын газраас мэдэгджээ. Эрх баригчид гэтэл уг мэдээллийг үгүйсгэж байна. Болсон хэрэг явдлын үеэр хэн нэгэн хүн хохироогүй бөгөөд эд материалын хохирол ч гараагүй аж.
Энэтхэгийн даяанчид хэлмэгджээ
Энэтхэгийн зүүн хэсгийн Байдинатх хотын Деодарх сүмийн орох хаалганы дэргэд шахцалдаан үүсч, 11 хүн гишгүүлж амиа алдсанаас гадна тавиад хүн хэлмэгдсэн байна. Даяанчид өглөө сүмийн хаалга онгойх үеэр хүчтэй дайрчээ. Хотын хамгийн алдартай сүмийн дэргэд энэ үед 200 мянган даяанч цугласан байв. Даяанчдын аюулгүй байдлыг хангахад цагдаагийнхны хүч мөхөсдөж байгааг эх сурвалжийн мэдээнд тэмдэглэжээ.
Цэцгэнд тавьсан хориг үйлчилж эхлэв
Оросын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналтын албаны Голландаас цэцэг оруулахыг хориглосон хориг наймдугаар сарын 10-наас Оросын нутаг дэвсгэрт үйлчилж эхэллээ.
Өнөөдрөөс эхлэн Голландаас ОХУ руу цэцэг оруулахад фито шинжилгээнд оруулж, ариун цэврийн дэглэмийн дүрэм журамд нийцэж байх ёстой болов. Ургамлын аюулгүй байдал, ариун цэврийн байдлыг сахиулах үүднээс энэ арга хэмжээг авч байгааг Оросын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналтын алба тайлбарлажээ. Голланд цэцгээс өмнө нь элдэв хортны авгалдай илэрсэн юм.
Тони Смит Австралийн парламентын даргаар сонгогдов
Огцорсон спикер Бронвин Бишоп
Австралийн парламентын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимын шинэ даргаар өнөөдөр Тони Смит сонгогдлоо. Өдгөө 48 настай Тони Смит 14 жилийн турш Виктория мужийг төлөөлөн парламентад суусан юм.
Смитийг эрх баригч намын жигүүр нэр дэвшүүлжээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтаар бус зарцуулсан гэх шүүмжлэл сонссон өмнө спикер Бронвин Бишоп албаа түүнд хүлээлгэж өгсөн байна.
Фергюсоны төвд буун дуу гарав
© AP Photo/Jeff Roberson
Жилийн өмнө цагаан арьстан цагдаад буудуулж, нас барсан өнгөт арьстан Майкл Брауны дурсгалд зориулан Америкийн Фергюсон (Миссури) хотод болж байгаа эсэргүүцлийн арга хэмжээний үеэр хэд хэдэн удаа буун дуу гарчээ. Үүний дараа жагсагчид хотын төвийг яаралтай орхин тарсан байна. Хэн буу тавьсан нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийнхан нисдэг тэрэгтэй эргүүл хийж байгаа аж.
Йемений нийслэлд онц байдал тогтоов
Сана
© Архив AP Photo/Hani Mohammed
Арабын Сана хотыг хянаж байгаа шиитийн "Ансар Аллах" (хоуситууд) хөдөлгөөнийхөн хотод онц байдал тогтоосноо зарлав. Засгийн газрын талынхны цэргийнхэн нийслэлд ойртож байгаа учраас босогчид ийм арга хэмжээ авсан гэнэ. Йемений ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хадийг дэмжсэн Засгийн газрын цэргийнхэн Сана руу өмнө зүгээс ойртож байгаа аж. Засгийн газрын цэрэг хэд хэдэн мужийг шиитийн хөдөлгөөнийхнөөс чөлөөлөөд байгаа юм байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР