Долоон жилийн өмнө эхэлсэн төмөр зам хаачив?

Хуучирсан мэдээ: 2015.08.10-нд нийтлэгдсэн

Долоон жилийн өмнө эхэлсэн төмөр зам хаачив?

Одоогоос долоон жилийн өмнө Ухаа-худаг, Гашуун сухайт чиглэлд 267 километр төмөр зам барих тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газар "Энержи ресурс" компанид олгож, 19 жилийн дараа баригдсан байгууламжийн 51 хувийг төр эзэмшилдээ авах гэрээг хийсэн байдаг. Гэвч 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар гарч ирж, дээрх гэрээг цуцлан, "Монголын төмөр зам" ТӨХК-д Ухаа-худаг, Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг даалгаж, 211.1 сая төгрөгийн өртөгтэй төсөл хэрэгжүүлэгч талаар сонгосон юм.

Улмаар "Монголын төмөр зам" ТӨХК ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын "Самсунг С&Т", "SCTECM" компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 километр төмөр зам барихаар болсон.


 

  • "Төрөөс төмөр замын тээврийн салбарт баримтлах бодлого, гэрээний дагуу дээрх зам 2012 онд ашиглалтад орох байлаа. Төр өөрөө сайн менежмент, зохион байгуулалт хийгээгүй, мөн гүйцэтгэгчээр гадны компаниудыг сонгосон нь төмөр зам барих төсөл одоог хүртэл зам тавигдаагүй, туслан гүйцэтгэгчид ажлын хөлсөө авч чадахгүй, дампуурахад хүргэлээ" гэж Монголын төмөр замчдын нэгдсэн холбоо, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо үзэж байна. Тэд өнөөдөр энэ талаар мэдэгдэл хийлээ.

 

  • "МТЗ” ТӨХК-ийн зүгээс одоогийн байдлаар Samsung C&T компанид 212 сая ам.долларыг шилжүүлээд байгаа бөгөөд санхүүжилтгүй болсон учир гэрээний дагуу ерөнхий гүйцэтгэгчид мөнгө шилжүүлэх боломжгүй болсон талаар Монголын Төмөр Замын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо ярьсан юм. Тэрбээр “Samsung C&T компанийн 212 сая ам.долларыг авсан хэдий ч туслан гүйцэтгэгчдийн ажлын хөлсийг гүйцэд өгөөгүйгээс шалтгаалан зарим туслан гүйцэтгэгч компани дампуурлаа зарлахад хүрсэн. Тиймээс зохих төлбөрийг туслан гүйцэтгэгчид шилжүүлэх, төмөр зам барих ажлаа бодит болгох хэрэгтэйг сануулж, Монголын төмөр замчдын нэгдсэн холбооноос төрийн гурван өндөрлөгт мэдэгдэл хүргүүлж байгаа юм байна.

 

  • Гашуун сухайт чиглэлийн төмөр замын газар шорооны ажлыг дотоодын 13 компани туслан гүйцэтгэгчээр ажиллан гардан хийж байгаа. Уг 13 компани 1200 гаруй ажилтантай. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард ажил зогссон. Туслан гүйцэтгэгч компаниуд "Самсунг С&Т", "SCTECM" компаниудтай нийтдээ 73 сая ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ хийсэн бөгөөд гэрээний дагуу гүйцэтгэх ажлаа хийж дуусчээ. Гэвч "Samsung C&T" компаниас 60 орчим сая ам.долларыг ажлын хөлс болгон, туслах 13 компанидаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өгчээ. Хийсэн ажлынхаа хөлсийг гүйцэд аваагүй компаниуд удалгүй ажил эхэлнэ гэсэн хүлээлттэй байсан ч энэ оны хоёрдугаар сард санхүүжилт орж ирээгүй шалтгаанаар "Samsung C&T" компани төмөр зам барих ажлаа зогсоожээ.

 

  • "Одоогоор төмөр зам барих төслийн газар шорооны ажил 60 гаруй хувьтай байгаа" гэж Төмөр замчдын холбооноос мэдээлсэн ч Монголын төмөр зам ТӨХК-ийн албан ёсны сайтад "86 хувийн гүйцэтгэлтэй явна" гэсэн мэдээллийг байршуулжээ. Харин нийт төмөр зам барих ажлын явц 40 хувьтай байгааг төмөр замчдын холбооныхон тодотголоо.

 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Э.ЭНХБАТ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж