Д.Цогтбаатар: Гадаад худалдааны төлөөлөгчийн газруудыг сэргээснээр дотоод зах зээлээ тэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар: Гадаад худалдааны төлөөлөгчийн газруудыг сэргээснээр дотоод зах зээлээ тэлнэ

Д.Цогтбаатар: Гадаад худалдааны төлөөлөгчийн газруудыг сэргээснээр дотоод зах зээлээ тэлнэ

Гадаад харилцааны яамны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр /2019.09.17/ болж байна. Уг өдөрлөгийн хүрээнд Гадаад харилцааны яам хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа олон нийтэд танилцуулахаас гадна цаашид юу хийх шаардлагатай вэ гэдэгт иргэдийнхээ дуу хоолойг сонсох зорилгоор уг нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж буй. Мөн энэ үеэр Консулын газар иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улсынхаа үндэсний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлэх арга хэмжээнүүд явагдаж байна.

Гадаад харилцааны яам өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэдийн эрх ашгийг хамгаалах, гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд идэвхтэй ажиллажээ. Тухайлбал, хилийн чанадад оршин суугаа 175 мянга гаруй монгол иргэний эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2016-2019 онд 550 гаруй мянган иргэнд консулын үйлчилгээ үзүүлжээ.

Эмнэлгийн төлбөр хөнгөлөх, чөлөөлүүлэх, торгуулийн хэмжээг бууруулах буюу чөлөөлүүлэх, төлбөрийн чадваргүй иргэдэд эх орондоо буцах зардлыг гаргуулах зэргээр 950 гаруй иргэнийг 3,1 сая ам.доллар орчим буюу 8 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөрөөс чөлөөлүүлсэн байна.

Монгол иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд 2016-2019 онд гадаадын 14 улстай визгүй зорчих хэлэлцээр байгуулж, манай улсын энгийн паспорттай иргэд 23 улсад, дипломат паспорттай иргэд 33 улсад, албан паспорттай иргэд 27 улсад тус тус визгүй зорчиж байна. Мөн АНУ-д хөдөлмөр эрхлэх H2 ангиллын визний хөтөлбөрт манай улсыг 2018 онд хамруулж, 2019 оны долдугаар сарын байдлаар 150 орчим иргэн тус ангиллын визээр АНУ-д хөдөлмөр эрхэлж байна.

Түүнчлэн Монгол Улсыг гадаадад сурталчлах болон "Дэлхийн Монголчууд" хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг сурталчилсан 800 гаруй арга хэмжээг сүүлийн гурван жил зохион байгуулжээ. Мөн гадаад, дотоодын 50 гаруй иргэнийг “Монгол Улсын Соёлын элч”-ээр томилжээ.

МАНАЙ УЛС СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭГЭЭ ТЭЛЖ, ГАДААД ХУДАЛДАА,
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: "Өнгөрсөн хугацаанд гадаад харилцааны салбарт нэлээн олон ахиц ололтуудыг бий болгосон. Тухайлбал, манай улс стратегийн түншлэлийн хүрээгээ тэлж, мөн гадаад худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. 2018  онд манай улсын гадаад худалдаа түүхэнд байгаагүйгээр өндөр хэмжээнд  хүрсэн. Үүн дотроо манай экспорт  урьд өмнөхөөсөө илүүтэй өндөр хэмжээнд хүрлээ. Мөн гадаад худалдааны тэнцэл эерэг байсан нь энэ хэрээр ашиг нь ДНБ-ий бараг 10 хувьтай тэнцэж байна. Энэ бүхний үр дүнд гадаад валютын нөөцийн хуримтлал сэргэж, өнөөдрийн байдлаар манай улсын гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрлээ. Өөрөөр хэлбэл гурван жилийн хугацаанд гадаад валютын нөөц сэргэсэн. Гаднын хөрөнгө оруулалтууд нэмэгдэж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж цаашлаад ажлын байр, иргэдийн орлогыг тогтвортой болгоход хувь нэмрээ оруулсан гэж бид үзэж байна. Томоохон бүтээн байгуулалтуудад гаднаас хөрөнгө татаж ажиллаж байна.

Мөн Худалдааны төлөөлөгчийн газруудаа сэргээж эхэлснийг дурдахад таатай байна. Монголын экспорт нэмэгдэж байгаатай холбогдуулан дотоодын бараа бүтээгдэхүүний зах зээлээ тэлэх үүднээс Худалдааны төлөөлөгчийн газруудаа нээнэ. Монголын экспортыг улам илүү нэмэгдүүлэхээс гадна цаашид төрөлжүүлэх шаардлага байна. Ингэснээр ажлын байр олноор бий болно. Махны экспортыг нэмэгдүүлнэ гэсэн зорилтдоо бид хүрсэн. 2014 онтой харьцуулахад өнгөрсөн жил махны экспорт 30 дахин өссөн хэдий ч дотоод зохицуулалтаа хийгээгүйгээс үүдэж махны үнэ нэмэгдсэн. Улс орны эдийн засгийн нэг салбар нь өсөхөд нөгөө нь унадаг байж болохгүй. Хоорондын зохицуулалтаа сайн хийж, экспортоо нэмэгдүүлэх ёстой. Ноолууран бүтээгдэхүүний экспорт ч чамгүй сайн байна. Монгол Улс ноолууран пальтоны үйлдвэрлэлээрээ дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс. Энэ мэт амжилтуудаа бататгаж, илүү үр дүн гаргахын төлөө ГХЯ ажиллах болно" гэлээ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ 2016-2019 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДААС ДУРДВАЛ:

  • Монгол Улс ОХУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоов.
  • Мөн БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөжин хөгжиж байна.
  • ОХУ, БНХАУ-тай гурван талт дээд түвшний уулзалтыг тогтмол зохион байгуулж байна.
  • Монгол Улсын худалдааны эргэлт түүхэн дээд хэмжээнд хүрэв.
  • Монгол Улс, АНУ-ын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрэв.
  • Япон улсын тусламжтайгаар Монгол, Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулав.
  • Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн төсөл хэрэгжиж байна.
  • БНЭУ-тай хамтран газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна.
  • Европын холбооны төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо байгуулагдав.
  • Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд анх удаа сонгогдон ажиллав.
  • Монгол Улс, НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганыг 20 жилийн дараа дахин даргалав.

Манай Улс 192 улстай дипломат харилцаа тогтоож, олон улсын 70 гаруй байгууллагад гишүүнээр элсэн, 1272 хоёр талт олон улсын гэрээ байгуулж, 287 олон талт олон улсын гэрээнд нэгдэн оржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж