Чөлөөт бөхийн 2019 оны ДАШТ энэ сарын 14-нд Казахстан улсын нийслэл Нур-Султан хотын “Барыс Арена” ордонд сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн. Олимпийн өмнөх жил болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д жин тус бүрийн эхний зургаан байранд шалгарсан бөхчүүд нь Токио-2020 олимпийн наадамд оролцох эрхээ авна.
Өнөөдөр (9 сарын 17) чөлөөт бөхийн барилдаан эмэгтэйчүүдийн 50, 55, 55 болон 72 кг-н жингийн барилдаанаар эхлэж байгаа. Манай улсаас өнөөдөр 2011 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Оюунсүрэн, 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Намуунцэцэг болон И.Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээний хүрэл медальт Б.Болортуяа нар дэвжээнд гарна.
- 50 кг: Ц.Намуунцэцэг. Манай бөхийн эхний өрсөлдөгч ОХУ-ын бөх Екатерина Полещук байх юм. Энэ жинд 2018 оны дэлхийн аваргын хүрэл, энэ оны Европын аварга Украины Оксана Ливач, Риогийн олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт БНХАУ-ын Сун Янан, ДАШТ-ий хошой аварга Японы Юй Сусаки, олимпийн наадмын хошой мөнгө, 1 хүрэл, ДАШТ-ий алт, 3 мөнгө, 1 хүрэл медальт Азербайжаны бөх Мария Стадник нарын шилдэг бөхчүүд өрсөлдөнө.
- 53 кг: ОУХМ Э.Сумъяа. Энэ жинд өрсөлдөх дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяагийн эхний өрсөлдөгч нь Камеруны бөх Эссомбе Тиако ажээ. Хэрвээ өрсөлдөгчөө ялж чадвал Грек болон Нидерландын бөхчүүдийн хожсонтой нь барилдана. Тус жинд Риогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, 4 мөнгө, 1 хүрэл медальт Шведийн Софиа Мэттсон, дэлхийн аваргын хошой алт, 1 мөнгөн медальт Японы Маеу Мукайда, дэлхийн аваргын мөнгөн медальт АНУ-ын Сара Хилдебрандт, дэлхийн аваргын хүрэл медальт БНХАУ-ын бөх Пан Чиан Юу, дэлхийн аваргын хүрэл медальт Канадын Диана Вейкер нарын бөхчүүд өрсөлдөнө.
- 55 кг: Б.Болортуяа. Манай бөх Б.Болортуяа дэлхийн аваргад эхний барилдаанаа Энэтхэгийн Лалитатай барилдана. Хэрвээ ялсан тохиолдолд энэ оны Пан Америкийн АШТ-ий хүрэл медальт АНУ-ын бөх Ж.Винчестер болон Киргизстаны М.Надирова нарын ялсантай өрсөлдөнө. Энэ жингийн шилдэг өрсөлдөгчдөөс зарим тамирчид доод жиндээ орсон тул ерөнхийдөө эн тэнцүүхэн тамирчид өрсөлдөнө.
- 72 кг: Б.Оюунсүрэн. Бэртэл, гэмтлээс болж хэсэг хугацаанд спортоо орхиод байсан дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Оюунсүрэн эргэн ирж улсын аваргадаа түрүүлэн Казахстаныг зориод байна. Түүний эхний өрсөлдөгч нь Хятадын бөх байх юм. Хэрвээ өрсөлдөгчөө буулган авч чадвал энэ оны ААШТ-ий мөнгөн медальт БНСУ-ын Жеон Сюн-ёнтой барилдана.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ