Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Кембрижийн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн эцэг, эхийн зөвлөл өнөөдөр /2019.09.17/ хэвлэлийн хурал хийлээ. Уг хэвлэлийн хурлаар “Монгол тэмүүлэл” сургууль хичээлийн зориулалтын байраа алдах болсон талаар мэдээллээ.
Тус сургууль анх 2017 оноос өөрийн гэсэн хичээлийн шинэ байртай болж, өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж иржээ. Мөн онд Ерөнхий боловсролын 133 дугаар сургууль үүсэн байгуулагдаж, "Монгол тэмүүлэл" сургуулийн хичээлийн байрын 1, 3-р давхарт түр хичээллэх болсон байна. Гэтэл одоо "Монгол тэмүүлэл" сургуулийг байраа чөлөөлж өгөхийг шаардаж байгаа аж.
Уг нь гурван сарын өмнө тус сургууль дээр УИХ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар ирж нөхцөл байдалтай танилцаад явжээ. Ингэхдээ 133-р сургуулийн хичээлийн байрыг шинээр барихад зориулж, газар, төсвийг нь шийдэж өгсөн байна. Улмаар 2020 оны аравдугаар сар гэхэд ашиглалтад оруулах үүрэг өгчээ. Одоо тус сургуулийн барилгын ажил хоёр давхрын гүйцэтгэлээ хийж байгаа ажээ. Гэсэн ч байр ашиглалтад орохыг хүлээлгүй Төрийн удирдлагууд ийм шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл “Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх” гэдгийн жишээ болжээ. Энэ шийдвэрийг гаргасан холбогдох газрын удирдлагуудыг "Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг, эхийн зөвлөл буруутгаж байна.
Эцэг, эхийн төлөөлөл Г.Эрдэнэ хэлэхдээ “Монгол төрийн бодлого макет шиг байж болохгүй. Монголын төр улсын хөрөнгө оруулалтаар "Монгол тэмүүлэл" сургуулийн барилгыг ашиглалтад оруулаад хоёр жил болж байна. Кембрижийн стандартын дагуу барьж, хөрөнгө мөнгө зарцуулчихаад одоо чөлөөлж өг гэсэн шийдвэр гаргасанд бид харамсаж байна. Дахиад хоёр дахь удаагаа төсвийн мөнгөөр тусгай зориулалтын шинэ байр барьж өгөх юм уу, ийм загасны ой санамжтай төр байж боломгүй байна. Бид хоёр сургууль нэг байранд хичээллэхийг эсэргүүцэхгүй, харин "Монгол тэмүүлэл" сургууль байраа чөлөөлж өгөхийг эсэргүүцэж байна” гэв.
Мөн эцэг, эхийн төлөөлөл энэ шийдвэрт Баянзүрх дүүргийн 26-р хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нөлөөлсөн гэж хардаж байгаа аж. Учир нь Ж.Энхбаяр тус хорооноос сонгогдохдоо хичээлийн шинэ байр барьж өгнө гэж амлажээ. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд Кембрижийн хөтөлбөрийг зогсоож, “Монгол тэмүүлэл” сургуулийг байрнаас нь хөөж байна гэж тэд үзэж буй юм байна. Хэрвээ тус сургууль хичээлийн байраа өгвөл сургалтын эрхээ алдах байдалд хүрэх аж.
Кембрижийн сургалт бол боловсролын “Алтан стандарт” гэж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр. Тиймээс тусгай камержуулсан өрөөнд шалгалт авахаас эхлээд хөтөлбөрийн стандарт, шаардлага өндөр байдаг.
Сургуулийн өрөө, танхимыг сурагчид туршилт хийж, хичээллэх бүрэн боломжтой байдлаар тохижуулжээ. Тиймээс жирийн сургуулийн байранд хичээллэх боломжгүй юм байна.
"Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг, эхийн зөвлөл хүүхдийнхээ ирээдүйн төлөө тууштай тэмцэхээ илэрхийллээ. Тэд удахгүй Төрийн ордон, Боловсролын яам болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын ажлын байрны гадаа жагсаал, цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ