Монголчууд бид дэндүү цөөхүүлээ. Нэг хүний дэм тус ч эрхэм чухал. Гэтэл гэнэтийн осол эндлээс болж олноороо амь насаа алдаж байна. Осол гэмтэл дундаа зам тээврийн болон барилгын, ахуйн ослын улмаас гэмтэж бэртэх, амь насаа алдах явдал их байдаг. Тэгвэл урин дулааны улиралд усны осол эрс нэмэгддэг ажээ.
Усанд осолдсон тухай дуудлага тасрахгүй байна
Он гарснаас хойш өнөөг хүртэл улсын хэмжээнд нийт 67 удаагийн усны ослын улмаас 74 хүн амь насаа алдсан байна. Нас барагсдын 22 нь бага насны хүүхдүүд юм. Онцгой байдлын ерөнхий газарт ганцхан хоногт голд живсэн, тогтоол усанд унасан гэхчилэн усны ослын талаарх дуудлага олон иржээ. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Бойны тохой” гэдэг газар “Орхон” голын усанд есөн настай хүү С живсэн байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хуучин карьерын тогтоол усанд 17 настай бүсгүй Л унаж осолджээ. Мөн Баянзүрх гүүрний баруун талд Туул голд орж байсан 29 настай Г гэгч залуу хөл алдан живсэн зэрэг харамсалтай хэрэг гарчээ. Талийгаачдын цогцсыг аврагч нар уснаас гарган, хэргийг цагдаагийн газарт шилжүүлжээ. Усанд осолдсон тухай дуудлага сүүлийн хоногуудад огт тасрахгүй байна. Тэр дундаа гэр бүл, найз нөхдөөрөө амарч зугаалахдаа анхаарал болгоомж алдах, архи согтууруулах ундаа уусан үедээ усанд орсноос амиа алдах нь нэмэгджээ. Саяхан л гэхэд Тэрхийн цагаан нууранд завиар зугаалж явсан нэгэн гэр бүлийн долоон хүн усанд унаж, аврах хантааз өмсөөгүй дөрвөн хүн нь өөд болсон харуусалт мэдээг хэвлэлүүд нийтэлсэн. Иймд иргэд халуун нар, аагим бүгчим орчноос зугтаж гол, нуурын усанд орохдоо ихэд анхааралтай байхыг ОБЕГ-аас сануулж байна.
Энэ жилийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад дуу цахилгаантай, усархаг хур бороо орж, гол усны түвшин ч нэмэгдсэн хэвээр байна. Удахгүй хичээл сургуулийн улирал эхэлж хөдөө, орон нутгаас хот руу орж ирэх иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс иргэд хот хөдөөгийн хооронд зорчихдоо баталгаатай зам, гүүрээр явах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчих, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол ус руу явуулахгүй байх, голын эрэг дагуу тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байж болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон сэрэмжлүүлсээр байна.
Хойшид гол, мөрний усны төвшин нэмэгдэх үү?
Хойшид гол мөрөн, нууруудын усны төвшин байнга нэмэгдэх хандлагатайг мөн мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байна. Урьд шөнө л гэхэд Баян-Өлгий аймагт багагүй хэмжээний бороо оржээ. Өнөөдрийн хувьд нутгийн баруун хагаст үүлшиж, зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно, бусад нутгаар бороо орохгүй гэдгийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
Цаашдаа наймдугаар сарын 11-нд баруун, төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орох бол 12-нд төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орох юм байна. Тиймээс гол мөрний усанд орох, гол ус гатлахдаа, гол нуурын ойр орчимд зусч байгаа болон амарч зугаалж байгаа хүмүүсийн хувьд анхаарал болгоомжтой байхыг санууллаа.
Д.ЦЭЭНЭ