Монгол Улс 2021 оноос гадаад өр төлбөрөө төлж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Монгол Улс 2021 оноос гадаад өр төлбөрөө төлж эхэлнэ

Монгол Улс 2021 оноос гадаад өр төлбөрөө төлж эхэлнэ

Монголбанкны санаачилгаар “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол практикийн бага хурлыг эдийн засагч, эрдэмтэн судлаачдаар өнөөдөр /2019.09.17/ Туушин зочид буудлын хурлын танхимд хэлэлцүүлж байна.


МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ БУЦААД 2012 ОНЫ ТҮВШИН РҮҮГЭЭ ДӨХСӨН

Бага хурлын үеэр Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч, Ж.Дэлгэрсайхан гадаад өрийн нөхцөл байдлын талаар ярихдаа “Ерөнхий статистикийг харвал Засгийн газрын гадаад өр дөрвөн тэрбум гаруй ам.доллараас долоон тэрбум ам.доллар болж өсч байна. Одоогийн Засгийн газар гадаад өрийн тал дээр харьцангуй зөөлөн менежмент хэрэгжүүлж чадсан болов уу гэж бодож  байна. Нэгдүгээрт, дотоодын зах зээл дээрх их хэмжээний бондыг төлж барагдуулсан. Энэ нь тодорхой хувиар сайн зүйл. Гадаад өрийн хувьд арилжааны өндөр хүүтэй зээлүүдийг харьцангуй бага хүүтэй, урт хугацаатай зээлүүдээр сольж байгаа нь сайн талтай. Мэдээж хэрэг өр нэмэгдэж байгаа нь сайн зүйл биш. Хамгийн гол нь гадаад хөрөнгө оруулалтыг ирээдүйд нийгэм, эдийн засагт үр өгөөжтэй, хөгжлийг дэмжихүйц төслүүдэд хөрөнгө оруулах шаардлагатай.

Харамсалтай нь, бид гадаад зах зээл дээр бонд анх гаргасан 2012 оноос хойш долоохон жил өнгөрч байхад Монгол Улсын зээлжих зэрэглэл, хүүгийн түвшин асар хүчтэй өөрчлөгдсөн. Анх сөргөөр өөрчлөгдсөн он жилүүд бол 2012-2016 он. Бид 2012 онд Чингис бондыг 5.175 хувийн хүүтэй гаргаж байсан бол 2016 онд 11.7 хувийн хүүтэй гарч байсан. Энэ хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл 3-4 удаа буурч, гадаад зах зээл дээрээс өр авах хүүгийн түвшин 2.6 дахин нэмэгдсэн.

Монгол Улс Олон улсын вальютын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлснээс хойш “Гэрэгэ”, “Хуралдай” зэрэг бонд харьцангуй бага хүүтэйгээр авч чадсан. Одоо Монгол Улсын зээлжих зэрэглэл буцаад 2012 оны түвшин рүүгээ дөхсөн байна. Тиймээс цаашид Монгол Улсын зээлжих зэрэглэлийг энэ хэвээр хадгалж, улам сайжруулахад анхаарах хэрэгтэй байна. Ингэснээр гадаад өр тавьсан ч өндөр хүүтэй өр тавих сөрөг нөхцөл байдлаас өөрсдийгөө хамгаалах боломжтой болох юм” гэв.

Тэрбээр яриандаа “Монгол Улсын эдийн засгийн томоохон эрсдэл 2020 ондоо тогтвортой, дааж давшгүй ихээр төлөгдөх өр байхгүй. Харин 2021 оноос эхлэн гадаад өрөө төлж эхлэх ёстой. Тийм учраас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд хүчтэй сөргөөр нөлөөлөхгүй ч зэсийн үнэ нэлээд буурах хандлагатай байна. Бидний хувьд дотоод улс төрийн орчноосоо болгоомжлох шаардлагатай” гэдгийг хэлсэн юм.

МОНГОЛ УЛС 2021 ОНООС ГАДААД ӨР ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ ЭХЭЛНЭ

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл ярихдаа “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ хурдацтай өссөн гэдгийг олон улсын байгууллага болон эдийн засагчид хэлж байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улс Олон улсын вальютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж, хүлээгдэж байсан өр төлбөрүүдийг шийдвэрлэх арга хэмжээ авсан. Одоо 2021 оноос хойш 10 гаруй тэрбум ам.долларын гадаад өр хүлээгдэж байна. Үүнд бэлдэх цаг нь болсон гэдгийг Монголбанкнаас илэрхийлж байна. Бэлдэхийн тулд аж ахуйн нэгжүүд санхүүгийн сахилга бат, төлөвлөгөөгөө гаргах нь чухал. Засгийн газар болон Сангийн яамнаас гадаад өрийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлээд явж байгаа нь сайшаалтай. Мөн олон улсын санхүүгийн байгууллагуудтай хийх хамтын ажиллагаа маш чухал. Бид хамгийн гол нь зээлжих зэрэглэлээ сайн байлгаснаар дараагийн хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, гадаад өрийн эргэн төлөлтийн асуудлаа шийдэх боломж дээшилнэ” гэлээ.

ЗАСГИЙН ГАЗАР 7.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨР ТӨЛБӨР ТӨЛНӨ

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Монгол Улсын гадаад өрийн хувьд 2021-2024 оны хооронд нийт 14 орчим тэрбум ам.долларын төлбөр хийгдэхээр хүлээгдэж байна. Гадаад вальютын нөөц одоогийн байдлаар дөрөв орчим ам.доллар байгаа, 2020 онд Төвбанкны хувьд хоёр орчим ам.доллар нэг дор төлөх боломж хязгаарлагдмал байна. Монголбанкны зүгээс БНХАУ-ын Ардын банктай хийсэн свот хэлцлийн хугацааг цааш нь сунгах яриа хэлэлцээрийг эхлүүлээд байна. Засгийн газраас гадаад өрийн удирдлагын стратегийг боловсруулж баталсан. Ингэснээр Засгийн газрын өр төлбөрийг шат дараатайгаар бууруулах, өрийг нэг жилд их хэмжээний төлбөр оногдуулахгүйгээр тэнцүү төлөлттэйгээр цааш хугацааг нь сунгаж ажиллах, жилд хийгдэх зээлийн хөгжлийн төлбөрийг бууруулахаар ажиллаж байна. Төвбанкны хувьд Монгол Улсын гадаад өр төлбөрийн нийт хэмжээ 29 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 7.2 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр төлбөр бол хоёр орчим тэрбум ам.долларын төлбөр нь Монголбанкны төлбөр. Цаана үлдсэн өр төлбөрийг бусад хувийн секторын өр төлбөр эзэлж буй юм.

Монгол Улсын гадаад валютын нөөц 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Өнгөрөгч 2016 оны сүүлд гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар болж буураад байсан. Төвбанкнаас хийсэн тооцоо болон Олон улсын валютын сангаас хийсэн тооцоогоор Монгол Улсын гадаад валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үр дүн гаргасан. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлж байгаа үндсэн хүчин зүйл бол алт худалдан авалт юм.

Өнгөрсөн онд Монголбанк 22 тонн алт худалдан авч, гадаад валютын нөөцийг 800 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ оны хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдсэн, алт олборлолт буурсантай холбоотойгоор Төвбанкны алт худалдан авалтын хэмжээ 20 орчим хувиар буурсан” хэмээн мэдээллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж