Тусгай зөвшөөрлийг цуцаллаа гэсэн яав?

Хуучирсан мэдээ: 2015.08.10-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийг цуцаллаа гэсэн яав?

Баянгол дүүргийн 16 дугаар байрны хажууд “БиЖиБиЖи” компанийн ухсан нүхний балгаар 200 оршин суугч зочид буудлаар гэр хийж, сар гаруй хугацаанд амьдарсан нь саяхан.

“БиЖиБиЖи” компани заасан хэмжээнээс хэтрүүлэн нүх ухсанаас болж 16 дугаар байр хазайж, 200 оршин суугчийн асуудал үүссэн билээ. Тэд зочид буудлаар сар амьдарсны эцэст нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Баянгол дүүрэг тэргүүтэй албаныхан баталгаа өгснөөр сарын дараа гэртээ буцаж орсон. Харин тухайн үед албаныхан “Энэ хугацаанд гарсан зардлыг “БиЖиБиЖи” компаниар төлүүлнэ. Цаашид энэ хэсэгт барилга явуулах зөвшөөрлийг цуцална” хэмээн сүр дуулиантай мэдэгдэж байв.

Тэгвэл өнөөдөр буюу хэрэг явдал болсноос гурван сарын дараа 16 дугаар байрны дэргэд барилгын үйл ажиллагааг явуулсан хэвээр байна. Уг нь албаныхан “Тусгай зөвшөөрлийг нь цуцаллаа” хэмээн тунхаглах үед барилгын хундаам хараахан цутгагдаагүй, зөвхөн газар шорооны ажил хийж байсан. Гэтэл зөвшөөрлийг нь цуцалсан хэмээн мэдэгдсэнээс гурван сарын дараа очиход барилгын карказыг хэдийн босгожээ. Гэхдээ өнөөдөр өглөөний байдлаар барилга дээр ажилтнууд харагдсангүй.

“Хууль бус үйл ажиллагаа”

“Энэ компани хууль бус үйл ажиллагаа явуулсаар л байна” хэмээн Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо учирлав. Түүний хэлж буйгаар тухайн үед 16 дугаар байрны дэргэд барилга барих зөвшөөрлийг баараггүй цуцлуулах шийдвэр гаргасан гэв. Гэтэл “БиЖиБиЖи” компани дур мэдэн, хууль бусаар барилгын ажлаа үргэлжлүүлсээр л байгаа аж. Д.Оросоо “Ямартай ч тухайн компанийн энэ хууль бус үйл ажиллагааг зогсоохоор холбогдох газруудад бичиг явуулсан. Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Авлигатай тэмцэх газар гээд холбогдох байгууллагуудад хандсан. Одоогоор дүүргийн Газрын албанаас үйл ажиллагааг зогсоосон” гэв.

Өнөөдөр 16 дугаар байрны оршин суугчид ч санаа зовнингуй байгаагаа илэрхийлсэн. Оршин суугчдын төлөөлөл хэлэхдээ “Биднийг байранд оруулахдаа барилгын үйл ажиллагааг зогсоож аюулгүй байдлыг бүрэн хангана гэсэн. Гэтэл өнөөг хүртэл барилгын ажил үргэлжилсээр л байна” хэмээн учирлав. “Хуулиас дээгүүр толгойтон байдгийг харлаа. Зөвшөөрлийг нь цуцалсан гэж биднийг байранд оруулахдаа хэлсэн. Гэтэл энэ компанийн ажилчид юу ч болоогүй мэт барилгаа үргэлжлүүлсээр л байна” хэмээн оршин суугч н.Түмэнцэцэг хэлсэн юм.

“БиЖиБиЖи” компанид хариуцлага ирэв үү?

“БиЖиБиЖи” компанид 16 дугаар байрны оршин суугчдад учруулсан хохирлынх нь төлөө торгууль оногдуулсан уу? Энэ талын мэдээлэл ч бүрхэг байна. Уг нь тухайн үед хотын дарга Э.Бат Үүл тухайн барилгын зураг төслийг хийсэн “Дирекцион” компанийн геодезийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг холбогдох байгууллагад хүргүүлэхээ мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй хариуцлага алдсан албан тушаалтанд арга хэмжээ авах талаар үүрэгдсэн билээ. Ингээд 16 дугаар байрныхны зочид буудалд байрласан зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргана. Харин энэ бүх зардлыг эргээд “БиЖиБиЖи” компаниар төлүүлэх тухай шийдвэр гарсан. Гэвч өнөөдрийн байдлаар энэ бүх зардлыг “БиЖиБиЖи” компани төлсөн үү, тэдэнд ямар хариуцлага тооцсон бэ? гэдэг асуудал өнөөдрийг хүртэл бүрхэг хэвээр байна. Хариуцлагаа хойш тавья, ядаж 200 иргэдийг эрсдэлд оруулсан барилгын тусгай зөвшөөрлийг цуцаллаа гэсэн яасан бэ?

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Э.ЭНХБАТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж