Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С-ийг өчигдөр /2019.09.16/ 06.45 цагт Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчилжээ.
Тэрбээр биедээ хар тамхины төрлийн бодис хадгалж явсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн байна. Мөн хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
Уг гадаад улсын иргэнд холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд Шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Нигер улсын 31 настай иргэн Тайланд улсаас Монгол Улсад шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхи оруулж ирснийг шуурхай илрүүлсэн билээ.
Нигер улсын иргэн Шон гэгч нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг нэгэн сургалтын төвд англи хэлний цагийн багшаар ажиллаж байсан бөгөөд Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид прокурорын хяналт дор түүнийг хэргийн газраас үйлдэл дээр нь баривчилж байсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ