Ц.Аяна: Кино урлагт дурлаж эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

Ц.Аяна: Кино урлагт дурлаж эхэлж байна

Монголын загварын тайзнаа 20-иод жил алхаж буй өвөрмөц төрхтэй загвар өмсөгчийн нэг бол Ц.Аяна. Тэрбээр сүүлийн үед кино урлагт хүч сорьж, хэд хэдэн киноны гол болон туслах дүрд тоглоод амжсан нэгэн. Шаргал үс, даруухан инээмсэглэлээр гоёсон загвар өмсөгч бүсгүй анх 2011 онд “Алтан ус“ кинонд тоглосноос хойш “Гэм”, “Цасангоо”, “Богд хаан-2”, “Сүүн замын сахиул” зэрэг уран сайхны кинонд тогложээ. Ингээд түүнтэй өрнүүлсэн яриагаа хүргэе.


-Загвар өмсөгч Ц.Аянаг хүмүүс загварын тайзнаа алхаж байгаагаар олон удаа харсан байх. Сүүлийн үед кино урлагт хүч сорьж, зураг авалттай тун завгүй яваа сурагтай. Уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхлэх үү?

-Миний хувьд яг жүжигчин болъё гэж бодоогүй л дээ. Кино урлаг хүнийг өөртөө татаж байдаг гайхалтай урлаг юм. Тиймээс би загварын тайзнаас кино урлаг руу хальтраад л орчихлоо /инээв/. Хамгийн анх 2011 онд “Алтан ус” уран сайхны кинонд тоглож байсан. Тэрнээс хойш гэр бүлийн шалтгаанаар түр завсарлаж байгаад өнгөрсөн оноос эхлэн хэд хэдэн уран сайхны киноны дүр дээр ажилласан. Жишээлбэл, “Цасангоо” гээд богино хэмжээний кино болон БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн “Гэм”, “Богд хаан-2” кино сүүлд “Титанс фильм” студийн уран бүтээлчдийн бүтээл “Сүүн замын сахиул” уран сайхны кинонд тоглолоо. Сүүлийн үед кино урлагт дурлаж эхлээд байна.

-Эдгээрээс “Сүүн замын сахиул” киноны дүр анхаарал татаж байна. Эмэгтэй уран бүтээлчдийн хүсэн мөрөөддөг action дүр дээр ажилласан байсан шүү дээ?

-Анх надад “Сүүн замын сахиул” кинонд тоглох санал ирэхэд өөртөө жаахан итгэлгүй байсан. Би чинь мэргэжлийн жүжигчин хүн биш шүү дээ. Миний хувьд мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй учраас бага зэрэг айдастай л хүлээж авсан. Тэгээд найруулагч маань надад санал тавьж, “Чамд яг тохирсон дүр байна” гэсэн. Надад дүр маань ч маш их таалагдсан. Энэ киноны гол дүрүүдийн нэг нь л дээ. Адал явдалт, тулаантай хэсэг дээр тоглоход маш хэцүү байсан. Өмнө нь гараа зангидаад, хүнтэй зодолдож байсангүй. Хамтрагчаа л их зовоосон байх. /инээв/

-Дүр дээрээ ажиллахад тийм амар байгаагүй гэлээ. Ямар хүндрэл бэрхшээл гарч байв?

-Мэдээж дүр дээрээ ажиллахын тулд гадаадын тулаант, адал явдалт кинонуудыг харсан. Хүндрэл бэрхшээл гаралгүй яахав. Миний хувьд хэзээ ч гараа атгаад хүнтэй зодолдож байгаагүй гэсэн шүү дээ. Энэ кинонд тоглохын тулд кикбоксоор хичээллэж эхэлсэн. Киноны зураг авалт өнгөрсөн зун болж дууссан. Ирэх аравдугаар сард Монголдоо төдийгүй ОХУ-д нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа. “Сүүн замын сахиул” уран сайхны кинонд Казахстаны жүжигчин Саяат Исанбаев урилгаар ирж тоглосон. Цаашид өөрийгөө илүү сорьсон, ур чадвар шаардаж, хөгжүүлсэн дүрд тоглохыг хүсч байна.

-Бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу?    

-Би нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Одонтой ээж. Мэдээж энэ их ажлын хажуугаар сайн ээж байхыг хичээж явна. Хань маань намайг ойлгож, дэмждэг учраас уран бүтээлдээ илүү цагийг зарцуулж чаддаг. Аль болох ханьтайгаа ярилцаж, цагаа зохицуулдаг. Одоо хүүхдүүд маань харьцангуй том болсон учраас гайгүй. Би чинь залуу ээж шүү дээ. Тиймээс хүүхдүүдтэйгээ хамт хөгжөөд, суралцаад л явж байна. Хүүхдүүддээ тэр бүр цаг зарцуулаад байж чадахгүй ч аль болох гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэхийг эрхэмлэдэг.

-Том хүүгээ жүжигчин болгох гэж байгаа гэсэн үү?

-Том хүү маань Соёл урлагийн их сургуулийн “Бадмаараг” лицей сургуульд жүжигчин болохоор суралцаж байгаа. Харин 12 настай том охин маань “Сүүн замын сахиул” кинонд миний бага насны дүрд тоглосон.

-Загвар өмсөгч, жүжигчин бүсгүй ямар мэргэжлээр суралцаж, төгссөн юм бэ?

-Би уг нь сэтгүүлч мэргэжилтэй. “Их засаг” их сургуулийн сэтгүүлзүйн ангид суралцаж, төгссөн. Сургуулиа төгсөөд Монголын “АИСТ Монголиа” телевизэд сэтгүүлчээр ажиллаж байгаад 2009 оноос хойш мэргэжлээрээ огт ажиллаагүй. Тэр цагаас хойш загварын карьер болон хувийн бизнестээ илүү анхаарч ирсэн.

-Загварын тайзнаа хэдэн настайдаа хөл тавьсан бэ?

-Хүүхэд байхдаа алчуур зүүгээд л “Хүмүүсийн урд алхаж байна” гэж найзуудтайгаа тоглодог байлаа. Би анх 12 настайдаа Монголын хүүхдийн ордны загварын дугуйланд бүртгүүлж байлаа. Тэрнээс биш хэн нэгэн намайг дугуйланд явахыг санал болгож байгаагүй. Өөрөө сонирхлоороо дугуйлангаа судалж бүртгүүлчихээд ээж, аавдаа хэлж байсан. Ээж, аав маань ч намайг дэмжсэн. Тэгээд анхны “Үнсгэлжин” тэмцээндээ оролцож байлаа.

-“Гоёл” наадмын тайзнаа хэдэн жил алхаж байна вэ?

-Миний хувьд 2014 оноос хойш нэг хэсэг ороогүй байж байгаад 2018 оноос оролцож эхэлсэн. Ер нь их хөндийрсөн байна. “Гоёл” наадмын тайзнаа нийт 12 жил алхаж, “Гоёл-2012” наадмын дэд байрын шагнал хүртэж байлаа.

-Эмэгтэйчүүдийн ихэнх нь төрсний дараа жингийн асуудалтай тулгардаг. Таны хувьд бие галбиртаа хэрхэн анхаардаг вэ?                                      

-Одоо 30 нас гарсан учраас эмэгтэй хүн бие галбиртаа анхаарах нь чухал. Би кикбокс, спинингээр хичээллэдэг.

-Өвөрмөц төрхтэй загвар өмсөгч гэдэг. Зарим нь таныг орос хүн үү гэж асуудаг уу?

-Аав маань насаараа цэргийн байгууллагад ажилласан хурандаа хүн байсан. Ээж маань шүүхийн байгууллагад олон жил ажилласан. Аав, ээж маань хоёулаа монгол хүмүүс. Заримдаа би өөрөө ч гаднах төрхөө хараад гайхдаг юм. /инээв/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж