УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйн асуудлыг хэлэлцдэг дэд хороо бол Ёс зүйн дэд хороо. Тус хороог УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж байгаа бөгөөд өчигдөр хуралдахаар товлосон ч ирц хүрээгүй учраас хойшлов. Ёс зүйн дэд хороонд УИХ-ын хамгийн ахмад гишүүд харьяалагддаг. Тэд гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргадаг. Тус дэд хороо УИХ-ын гишүүн Д.Гантулга, ЖДҮ-д холбогдож, гишүүнээс нь түдгэлзүүлэх санал ирсэн гишүүдийн асуудлыг хэлэлцсэнээс хойш хэсэг “чимээгүй” байсан. Өчигдөр тус хороо Шадар сайд Ө.Энхтүвшингийн асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдааны үеэр сайд нарын картыг сугалж, УИХ-ын ирцийг бүрдүүлэхгүй байх, сайд нартаа ч картаа авах сануулга өгсөн. Энэ нь түүнийг Ёс зүйн хороонд дуудах шалтгаан болов. Чухам Шадар сайд яагаад сайд нартаа картаа авах сануулга өгч, аваагүй нэгнийх нь картыг өөрийн биеэр сугалж, УИХ-ын чуулганы үйл ажиллагааг тасалдуулах, ирц бүрдүүлэхгүй байхыг санаархав. Түүний шалтгаан нь юу байв.
Шадар сайдын зүгээс “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэхүү төслийг өнгөрсөн гуравдугаар сард холбогдох байнгын хороод хэлэлцсэн. Харин одоо Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хороогоор хэлэлцэж, чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой. Гэвч энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй, намрын чуулган руу шилжүүлсэн учраас тэрбээр ийнхүү УИХ-ыг “бойкотолж”, сайд нарыг дарамталсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Угтаа бол намрын чуулган ердөө 14 хоногийн дараа эхэлнэ. Гэвч Шадар сайд намрын чуулганаар хэлэлцэхийг хүлээлгүй, юунд ингэж яарч, сайд нараа шахаж байгаа нь хардлага төрүүлмээр. Үнэндээ зарим гишүүдийн зүгээс энэхүү хэлэлцээрт маш болгоомжтой, ул суурьтай хандах ёстой гэж үзэж буй юм байна.
Хэлэлцээр Замын-Үүд боомт болон Эрээний боомтоос 800 метрийн зайд Монголын талаас 900 га, Хятадын талаас 903 га талбайд чөлөөт бүс байгуулж, 20 жил үйл ажилагаа явуулах гэнэ. Хэлэлцээрийн хүрээнд тусгай тогтоосон бүсэд Монгол, Хятад иргэдийн ажиллах тоог тэнцвэртэй байлгах, хэлэлцээрт тусгасан хууль тогтоомж, дүрэм журам хэрэгжих гэнэ. Өөрөөр хэлбэл, хоёр улс нэгдэж, дундаа нэг бүстэй байх аж.
ХЭЛЭЛЦЭЭРТ ТУСГАГДСАН ОНЦЛОХ ЗААЛТУУДААС ДУРДВАЛ:
- 8.1 Талууд хамтын ажиллагааны бүсйн тус тусын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлнэ.
- 9.2 Хамтын ажиллагааны бүсэд ажиллаж буй нийт Монгол, Хятад иргэдийн тооны харьцааг харилцан тэнцвэртэй байлгах зарчмыг баримтална.
- 10-р зүйл Хамтын ажиллагааны бүс нь хамтарсан зөвөл, дарга, гишүүдтэй байх. Мөн Хамтарсан гүйцэтгэх зөвлөл, дарга, гишүүд тус бүрийг тус тусдаа томилох.
- 24.1 Энэхүү хэлэлцээр нь хорих жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд аль нэг тал нь цуцлах хүсэлтээ нөгөө талдаа бичгээр мэдэгдээгүй бол хэлэлцээрийн хүчинтэй байх хугацаа тав, таван жилээр аяндаа сунгагдана. Хэлэлцээрийг цуцлах хүсэлтийг хүлээн авсан өдрөөс зургаан сарын дараагаар хэлэлцээр хүчингүй болно.
Хэлэлцээрийг ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу.
Энэ мэт нийтдээ 20 гаруй заалттай энэхүү хэлэлцээрийн хүрээнд Замын-Үүд боомтоос зайтай бас нэгэн бүс нээгдэх нь. Ингэхдээ хоёр улсын Засгийн газар хамтран байгуулж, худалдаа, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт татах зэргээр үйл ажиллагаа эрхлэх нь. Үүнтэй зэрэгцэн тэнд амьдрах иргэд, тэдэнд үйлчлэх дүрэм ч өөр байх. Ямар ч гэсэн Шадар сайдын оруулж ирсэн хэлэлцээрийг гишүүд хэлэлцэхээ түр азнаж, сайтар нягтлахад гэмгүй л болов уу. Ялангуяа гишүүддээ хуурай агсам тавьж, картыг нь өөрийн биеэр сугалж авах чухал шаардлага Шадар сайдад буй бололтой.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ