"Сайжруулсан түлш илчгүй байна гэхээс илүү яндангаа хөөл"

Хуучирсан мэдээ: 2019.09.17-нд нийтлэгдсэн

"Сайжруулсан түлш илчгүй байна гэхээс илүү яндангаа хөөл"

"Сайжруулсан түлш илчгүй байна гэхээс илүү яндангаа хөөл"

Хоолой хорсгож, дотор давчдуулсан Улаанбаатарын утаа хаяанд ирж, нийслэлийн иргэдийн сэтгэл түгшиж эхлээд байна. Сүүлийн 10 гаруй жилд Улаанбаатарын утааг багасгах олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, нэг их наядад дөхсөн төгрөгийг утааг бууруулахад зарцуулсан ч нийслэлийн иргэд өвөл болгон утаанд угаартсаар өнөөдөртэй золгож буй. Гэхдээ энэ жилээс арай өөр бодлого хэрэгжүүлж буй.

Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолын дагуу 2019 оны тавдугаар сарын 15-наас нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг хориглож, нийслэлийн айл өрхүүд сайжруулсан түлш түлэх юм. Энэ хүрээнд “Тавантолгой түлш” хариуцлагатай хувьцаат компанийг байгуулж, тус компани сайжруулсан түлшээр нийслэлийн 220 мянган өрхийг хангахаар болсон билээ.

Утаа бууруулах төлөвлөгөөгөөр нийслэлийн өрхүүд сайжруулсан түлш ашигласнаар Улаанбаатарын утаа 50 хувь буурах юм. Уг шийдвэр Улаанбаатарын утааг бууруулж чадах болов уу, эсвэл утааг бууруулах урагшгүй шийдвэрүүдийн нэг болон үлдэх юм биш биз.

Сайжруулсан түлш нийслэлийн утааг бууруулж чадах эсэхийг сурвалжиллаа. Хамгийн эхэнд сайжруулсан түлшинд иргэдийн сэтгэл ханамж ямар байгааг сонирхсон юм.

АСАЛТ УДААН, ИЛЧ БАГА, ҮНС ИХ ГАРЧ БАЙНА

Иргэн Г.Отгонцэнгэл

-Өнгөрсөн жил сайжруулсан түлш түлж үзсэн. Чанар сайтай, дажгүй санагдсан. Энэ жилийнх тийм биш байна. Асалт нь удаан, илч бага, үнс их гарч байна лээ. Ийм түлш өвөл дулаан байлгаж чадна гэж бодохгүй байна. Ийм байгаад байвал айлууд түүхий нүүрсээ түлэхээс өөрцгүй болох байх даа.

ЧИРЭГДЭЛ ИХТЭЙ БАЙНА

Иргэн Э.Түмэндэлгэр

-Сайжруулсан түлшийг анх удаа хэрэглэх гэж байна. Тийм болохоор чанарын талаар хэлж мэдэхгүй юм. Чанар нь сайн байгаасай, Улаанбаатарын утаа багасаасай гэж найдах юм. Гэхдээ хэрэглэж үзсэн хүн нь илчгүй байна, үнс их гарч байна гэж байсан. Тийм байвал муу л байна. Бас түлшийг картаар олгоно гэж байсан. Ингэхээр чирэгдэл ихтэй санагдаад байгаа юм.

"БАРЬЦААНД ХОЁР САЯ ТӨГРӨГ БАЙРШУУЛСАН"

Бид Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд орших нэгэн борлуулах цэг дээр очиж, түлш борлуулагч Д.Мэндсайханаас сайжруулсан түлш борлуулахад ямар асуудал тулгамдаж байгааг тодрууллаа.

-Хэр хэмжээний түлш борлуулаад байна вэ. Ашигтай ажиллаж чадаж байна уу?

-Миний хувьд өмнө нь мод, түүхий нүүрс борлуулдаг байсан. Агаарын бохирдлыг хамтдаа бууруулах саналыг  уриалгахан хүлээж авсан. Ингээд шахмал түлш худалдаалах цэг ажиллуулахаар шийдэж, барьцаа хоёр сая төгрөг байршуулж, “Тавантолгой түлш” компанийн бүх шаардлагыг биелүүлж, гэрээ байгуулсан. Миний хувьд энэ сарын 9-нөөс эхлэн шахмал түлш борлуулж байна. Борлуулалтын 10 хувийг одоогоор аваагүй байна. Сар бүрийн сүүлээр 10 хувийг нь өгөх юм байна гэж ойлгоод байгаа. Худалдан авалт энэ хэвээр байвал түлш борлуулж, ашиг олохгүй юм билээ.

-Яагаад? Түлш борлуулахад ямар асуудал үүсч байна вэ?

-“Тавантолгой түлш” компаниас сайжруулсан түлш авах маш хүндрэлтэй. Тухайн компанид хоёр сая төгрөг байршуулсан хүнд нэг удаад найм орчим тонн түлш олгож байгаа юм. Түлш борлуулах цэгт сайжруулсан түлш ирэхдээ нэг тонн орчмоор савласан том цагаан уутанд ирдэг юм. Түүнийг нь бид суллаад, хүнд мөнгө өгч савлуулдаг. Компани нэг шуудай түлшийг (25кг) маш хямдаар савлуулж байна. Гэтэл түүхий нүүрсийг нэг шуудайг нь 300 төгрөгөөр савладаг байсан болохоор сайжруулсан түлш савлах хүн олдохгүй байна. Савлагааны мөнгийг компаниас өгнө гэсэн ч одоогоор борлуулагчид төлж байна. Найман тонн түлшийг 74 мянган төгрөгөөр савлуулж байна. Түлш савласан хүнийхээ иргэний үнэмлэхийг канондон авч ир гэж байна лээ. Бас түлш дуусаад, захиалга өгснөөс хойш хоёр хоногийн дараа түлш нь ирэх юм. Энэ хооронд 5-6 хүнтэй ярьж, түлш нийлүүлэхийг удаа дараа шаардсан. Ингээд нэг юм түлш нь ирэхээр савлах уут нь ирэхгүй дахин нэг өдөр болох юм.

-Иргэд эсэргүүцсэн хандлага илэрхийлж байна уу?

-Захиалсан түлш тасарсан үед иргэд асар бухимдалтай байдаг. Бас компаниас ирүүлсэн санамжийн дагуу нэг удаад хоёр шуудайгаас илүү түлш олгохгүй гэхээр “дулаан байх эсэхээ та нараар заалгах уу” гэж загнаж байна лээ.

 “ИРГЭД ЯНДАН, ЗУУХАА ХӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ”

Дээрх асуудлын талаар албаны хүнээс буюу “Тавантолгой түлш” компанийн борлуулалт, маркетингийн албаны ахлах мэргэжилтэн Ш.Батсууриас тодруулахад дараах хариултыг өгсөн юм.

-Сайжруулсан түлш борлуулах цэгийн тоог хэзээ төлөвлөгөөнд хүргэх вэ. Хоёр сая төгрөг барьцаанд тавьж, танай түлшийг борлуулах иргэн хэр олон байна вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд сайжруулсан түлж борлуулах 504 цэг байгуулахаар төлөвлөсөн. Манай түлшийг борлуулах хүсэлт өмнө нь түүхий нүүрс борлуулдаг байсан иргэдээс олон ирж байна. Хүсэлтийн дагуу эдгээр хүмүүстэй хамтран ажиллаж байна. Ингэхдээ тодорхой шаардлага тавьж байгаа. Тухайлбал, байршил сайтай байх, тухайн хашаа нь том оврын машин зорчиход саадгүй байх, түлш хадгалж нөөцлөх битүү агуулахтай байхаас гадна хоёр сая төгрөгийн барьцаа шаардаж байгаа юм. Мөн тухайн цэгийн хашаа, байшингийн гэрчилгээний хуулбар зэргийг шаардана. Ингээд түлш борлуулагч иргэн нь борлуулсан түлшнийхээ 10 хувийг авах юм. Харин гэрээ цуцлагдсан үед барьцаа хоёр сая төгрөгийг эргүүлэн олгоно. Энэ шаардлагыг хангасан бүх хүнтэй бид хамтран ажиллах боломжтой.

Одоогоор 450 гаруй иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээрээс 250 гаруй нь түлшээ нийлүүлээд эхэлсэн.

Цэгүүдэд нэг шуудай түлшийг 3750 төгрөг, нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Энэ үнээс илүү үнээр худалдаалсан тохиолдолд тухайн цэгтэй хийсэн гэрээг цуцлах болно. Гэр хорооллын бүсэд манай 40 агуулах бий. Эдгээр агуулахаас цэгүүд рүү түлш тээвэрлэх юм.

-Хэзээ 504 цэгтэй болох вэ?

-Хүсэлт ирүүлсэн иргэдийн хаягийн дагуу бид шалгалт явуулж байна. Аравдугаар сарын нэгэн гэхэд 504 цэгээр сайжруулсан түлшийг борлуулаад эхэлнэ.

-Иргэд танай түлшийг тортог, үнс ихтэй, илчгүй байна гэж байна. Түлшнийхээ чанарыг сайжруулж болдоггүй юм уу?

-Манай мэргэжилтнүүд эдгээр асуудалд шалгалт явуулсан. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, айлууд яндан, зуухаа хөөлж, гэрийн дулаалгаа сайн хийх хэрэгтэй. Сошиал орчинд хүмүүс бухимдлаа л илэрхийлж байгаа болохоос сайн зүйлийг нь бичихгүй байна. Өнгөрсөн амралтын өдөр талбай дээр ажиллахад иргэд сайжруулсан түлштэй холбоотой эерэг зүйлсийг ярьж байна лээ.

-“Сайн карт”-аар түлш олгоно гэсэн ч хэрэгжээгүй байна. Хэзээ хэрэгжих юм бол?

-“Сайн карт”-ыг бүртгэлжүүлэх ажил өнөөдрөөс /2019.9.16/ эхэлж байна. Үүний дараа хороодоор тараана. Худалдан авалт хийх бүрд тухайн картыг уншуулснаар нэг өрхөд ногдох гурван тонн түлшний норм хасагдах юм. Хэрэв норм дуусвал манай төвийн 70119100 дугаарт холбогдон эрхээ сэргээлгэх боломжтой.

-Түлш борлуулагчид захиалсан түлш хугацаандаа ирэхгүй байна гэж хэлж байсан. Энэ нь танай хүний нөөц хүрэлцэхгүй байгаатай холбоотой юу. Саяхан Улаанбаатар хотын захирагч сайжруулсан түлш түгээх ажилд ТҮК-ийн ажилчдыг дайчилъя гэж байсан. Үнэхээр хүн хүч хүрэлцэхгүй байгаа юм уу?

-Тээвэрлэлтийн ажлыг нийслэл хариуцах ёстой ч бид хамтран ажиллаж байна. Бидэнд хүний нөөц хэрэгтэй байгаа тул бид нээлттэй ажлын байр зарласан.

-Түлш савласны төлбөр болон борлуулагчдад очих 10 хувийн орлогыг хэзээ олгох вэ?

-Савлагааны төлбөрийг шалгаж үзээд шилжүүлнэ. Харин орлогын 10 хувийг дараагийн захиалга очсон даруйд олгохоор төлөвлөсөн.

-Түлш борлуулагчдад цаг тухайдаа мөнгө нь очихгүй байгаа юм билээ. Сайжруулсан түлшээр иргэдийг тасалбал, дулаан байлгаж чадахгүй бол танайх ямар хариуцлага хүлээх вэ?

-Бид сайжруулсан түлшийг таслахгүй. Судалгаагаар нийслэлчүүд жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг юм билээ. Үүнээс хоёр дахин бага буюу 600 мянган тонн түүхий нүүрс байхад нийслэлчүүдийн өвлийн хэрэглээг бүрэн хангана гэж үзэж байна. Үүнээс одоогийн байдлаар 200 орчим мянган тонныг нөөцлөөд байна. Мөн бид өдөр бүр түлш үйлдвэрлэж байна. Манай үйлдвэр 24 цагаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж