Японы улс төрийн тавцанд шинэ од гарч ирснээр Ерөнхий сайд Абэ Шинзогийн залгамжлагчаа бэлдэж эхэлсэн гэх таамаг өндөр авлаа. Абэ Шинзогийн бүрэн эрхийн хугацаа ирэх 2021 оны есдүгээр сард дуусах юм. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард засгийн газрын хэдэн сайдаа сольж, Койзуми Шинжирог байгаль орчны сайдаар нэрлэсэн юм. Өдгөө 38 настай Койзуми Шинжиро дэлхийн II дайнаас хойш Японы засгийн газарт ажиллаж буй хамгийн залуу гурав дахь улстөрч болсноор олны анхаарлыг татжээ.
Тэрбээр Японы Ерөнхий сайд асан, нэрт улс төрч Койзуми Жуничирогийн хоёр дахь хүү гэдгээрээ олны танил. Түүнчлэн Койзуми Шинжирог америкчууд сайн мэддэг хэмээн “Times” сэтгүүлд мэдээлжээ. Койзуми Шинжиро АНУ-ын Нью-Йорк хот дахь Колумбын их сургуульд улс төрийн шинжлэх ухааны мастерын зэрэг хамгаалж, дараа нь Вашингтон хотноо Олон улсын стратеги судалгааны төвд судлаачаар ажиллаж байсан аж.
Койзуми Шинжиро залуу, царайлаг, заримдаа популист байдгаараа ард түмний дунд рейтинг өндөртэй. Тэрбээр 2009 онд Либерал ардчилсан намаас нэр дэвшин, Японы парламентын доод танхимд сонгогдож аавынхаа орыг залгажээ. Ийнхүү тэрбээр Японы парламентад суусан Койзумигийн удмын дөрөв дэх үеийн улстөрч болж чадсан юм. Сүүлд тэрбээр өнгөрсөн хугацаанд цунамид өртсөн Тохоку бүсийн бүтээн байгуулалтыг хариуцсан дэд сайдаар ажиллаж байв. Тэрбээр албан тушаал ахихынхаа өмнө эрсдэлтэй боловч чухал албан тушаалын санал хүлээн авснаа цухас дурдаж байжээ. Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар Койзуми Шинжирогийн эцсийн зорилго нь засгийн газрын тэргүүний суудал гэдэгт эргэлзэхгүй байна.
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Койзуми Шинжиро нь зарим талаараа Ерөнхий сайд Абэ Шинзотой улс төрийн ижил үзэл баримтлалтай аж. Тухайлбал, тэрбээр Токио дахь дайнд амь үрэгдсэн япон цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх хийдэд мөргөл үйлдэж байжээ. Гэтэл Японы Ерөнхий сайд Абэ Шинзо энэ үйлдлээрээ олон улсаас багагүй шүүмжлэл сонсож байсан юм.
Койзуми Шинжиро намын ахмад улстөрчдийг уурлуулахгүйгээр шинэчлэлтийг эрэлхийлэгч гэх имиж бүрдүүлсэн байна. Тэрбээр олон нийтийн анхаарлыг их татахын хэрээр өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлэхээс зайлсхийдэг аж.
Койзуми Шинжирогийн эцэг 2011 оны Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын дараа цөмийн эрчим хүчийг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг байв. Тиймээс түүнийг эцэгтэйгээ ижил цөмийн эрчим хүчнээс болгоомжилсон хандлагатай гэж ажиглагчид харж байгаа аж.
ДУУЛИАНЫ ЭЗЭН
Койзуми Шинжиро өнгөрсөн наймдугаар сард телевизийн хөтлөгч Такигава Кристел гэх бүсгүйтэй гэрлэх гэж буйгаа зарлажээ. Сүйт бүсгүй нь өөрөөс нь дөрвөн насаар эгч төдийгүй франц эцэгтэй.
Такигава Кристел ирэх онд Токио хотноо эхлэх зуны Олимпийн наадмын нүүр царайгаар тодорсон алдартай бүсгүй тул тэдний харилцаа олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татжээ. Түүнчлэн тэрбээр хүүхэдтэй болвол эцгийн амралт авч магадгүй гэж мэдэгдсэнээр олон нийтийн дунд дахин дуулиан тарьсан байна.
Японы уламжлалд үр хүүхдээ асарч, халамжлах үүрэг эхэд оногддог боловч сүүлийн жилүүдэд хүйсийн тэгш эрхийг хангах ажил эрчимтэй өрнөж буй. Гэсэн ч засгийн газрын өндөр албан тушаалтан шинэ төрсөн хүүхдээ асрахын тулд эцгийн амралт авсан тохиолдол байдаггүй байна. Түүнчлэн тэд Японы хуулийг зөрчин, эхнэр нь нөхрийнхөө овгийг авахгүй байхаар тохиролцжээ. Тэдний энэ шийдвэр мөн л олны дунд мэтгэлцээн, маргаан өрнүүлжээ.
Холбоотой мэдээ