Динозавруудын үхэл нь дэлхийд тохиолдсон хамгийн их сүйрлийг авчирсан гамшиг биш байжээ.
Эрдэмтдийн шинэ судалгаагаар агаарын хэт их өөрчлөлтөөс болоод хоёр тэрбум жилийн өмнө дэлхий дээрх амьд амьтан бараг тэр чигээрээ үхсэн гэжээ.
Канадын Белчер арал дээрээс олдсон хоёр тэрбум жилийн өмнөх эрдэс чулуунаас дээж авсан эрдэмтэд ийм дүгнэлт хийсэн бөгөөд “Маш их удсан ч гэлээ чулуунд химийн тэмдэгтүүд хадгалагдаж байдаг учраас түүний судалж болдог” гэж Станфорд их сургуулийн доктор эрдэмтэн Малком Ходжскис CNN-д хэлжээ.
Амьдрахын аргагүй хэт их хүчилтөрөгч–“Их исэлдэлтийн үе”
Дэлхий дээр хэдэн тэрбум жилийн өмнө зөвхөн бичил биетнүүд амьд байжээ. Бичил биетнүүд фотосинтез хувиралд ороход агаар мандлын химийн найрлагыг өөрчилж,бусад амьтад тэсвэрлэж чадахааргүй их хүчилтөрөгчийг ялгаруулсан байна. Тооцоолж үзэхэд дэлхийн амьд биетийн 80-99,5 хувь нь түүнээс болж арчигдан алга болжээ.
Хүн амьдрахаас өмнө дэлхий ямар байсныг шинжээчид яаж мэддэг вэ?
Эрдэс чулуун дээр тулгуурлан хэр их нүүрсхүчлийн хий, хэр их хүчилтөрөгч агаар мандалд байсныг мөн хэр их амьд биет байсныг мэдэж болдог.
Станфорд их сургуулийн доктор Ходжскис олдворуудын ихэнх нь эртний амьтад гэлээ ч одоогийн амьд биестэй холбоотой болохыг хэлжээ.
Яагаад гэвэл дэлхий нь агаар мандлын өөрчлөлтөд одоог хүртэл өртөмтгий байгаа юм байна. Далай халж, ус нь багасаж буй нь гүний усны экологийн системд саад учруулахаас гадна дэлхий дээрх агаар мандлын хүчилтөрөгчийн хагасаас илүү хувийг үүсгэдэг фотосинтез хувиралд ордог амьд биетүүдэд муугаар нөлөөлж байна.
Б.ПҮРЭВЗОЛ