Хятадууд барьсан гүүрэндээ 100 жилийн баталгаа өгөв

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Хятадууд барьсан гүүрэндээ 100 жилийн баталгаа өгөв

Хятадууд барьсан гүүрэндээ 100 жилийн баталгаа өгөв

Хятадын хөрөнгө оруулалтаар барьж байгаа  477 метр урт, дөрвөн эгнээ бүхий гүүрэн гарцын гүүрний хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Хоёр жилийн өмнөөс зам барилгын ажил эхэлсэн бөгөөд замын цагдаагийн  гэх албан бус нэршилтэй энэхүү гүүрэн гарц нь Энхтайваны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг 40-50, уулзваруудын ачааллыг 30 хувиар бууруулах аж.

Гүрэн гарцын хөдөлгөөнийг нээх албан ёсны үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ши Хаймин нар оролцсон. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улаанбаатар хотод амьдардаг иргэдийг бухимдуулдаг түгжрэлийг шийдэхэд энэ гүүр ихээхэн тус нэмэр болно гэдэгт итгэл төгс байна. Гүүрний бүтээн байгуулалтын ажлыг хийсэн хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлье. Миний хэлсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлсэн Улаанбаатар хотын дарга С.Амарсайханд талархаж байна” гэв.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай энэхүү гүүрэн гарцад 50-100 жилийн баталгаа өгч байгаа аж. Энэ хугацаанд эвдэрвэл БНХАУ-ын тал бүрэн хариуцахыг Монголын  талаас илэрхийлж буй. Харин гүүрэн гарцын ерөнхий гүйцэтгэгч компаниар ажилласан БНХАУ-ын талаас ашиглалтын хугацаанд эвдрэл үүсвэл хариуцлагаа хүлээх ч хөндлөнгийн нөлөөлөл байвал тухайн үед асуудлыг хоёр талаас харилцан тохиролцсоны дагуу шийдвэрлэх аж.

Нэг сая 500 мянга гаруй хүн амтай Улаанбаатар хот өнөөдөр зам дээр тэг зогсолт хийгээд удаж буй.  Ялангуяа өглөө, оройд  нийслэлчүүд зам дээр ихэнх хугацаагаа өнгөрөөж байна.  Улаанбаатар хотод нийтдээ 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог гэх тоо баримт бий.  Судалгаагаар  хотын  иргэн амьдралынхаа таван жилийн нэг жилийг нь түгжрэлд өнгөрүүлдэг аж. Эдийн засгийн хувьд суудлын 200 мянган автомашинаар тооцсон судалгаагаар Аи-92 бензин хэрэглэдэг нэг автомашин түгжрэлээс болж өдөрт 1,328 төгрөгийн шатахууныг үр дүнгүй зарцуулдаг аж.

Үндсэндээ нийслэлийнхний толгойн өвчин болсон түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээгээр бууруулах энэхүү гүүрэн замын бүтээн байгуулалтын талаар албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.

ГҮҮРЭН ГАРЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ АРВАННЭГДҮГЭЭР САРД ДУУСНА

Улаанбаатар хотын дарга С.АМАРСАЙХАН: 

-Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн хугацаанд баригдаж дуусгах ёстой. Бид шахуу ажилласны үр дүнд жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг дуусгалаа. Ирэх аравдугаар сарын 20-нд явган хүний зорчих хэсгийн зам буюу Нарны зам руу холбогдсон зам ашиглалтад орно. Үндсэндээ гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил арваннэгдүгээр сард дуусна. Тохижилтын ажил ирэх хавар хийгдэнэ. Төмөр зам дээгүүр хөндлөн гарсан эл гүүрэн байгууламжийн баталгаат хугацаа нь 100 жил. Ашиглалтын хугацаанд эвдрэл гарвал БНХАУ-ын тал хариуцна.

АШИГЛАЛТЫН 50-100 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХӨНДЛӨНГИЙН НӨЛӨӨЛӨЛ БАЙВАЛ МАНАЙ ТАЛ ХАРИУЦАХГҮЙ

БНХАУ-ын авто замын барилгын төслийн удирдагч  ШИ ЖИ ЧАНЬ: 

-Гүүрийг төмөр бетоноор цутгаж хийсэн. Дээр нь 10 см зузаан бетон цутгаж, тэгшилгээний үе бүрт 12 см зузаан асфальт дэвсэж өгснөөр өнөөдөр үндсэн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээж байгаа юм. Замын бүтээн байгуулалтад 50-100 жилийн баталгаа өгч байгаа. Ашиглалтын хугацаанд хийц, чанарын асуудалд ямар нэгэн эвдрэл үүсвэл манай талаас бүрэн хариуцна. Харин хөндлөнгийн нөлөөллөөр эвдрэл үүсвэл өөрөөр яригдах асуудал болов уу.

ГҮҮРЭН ГАРЦ ЧАНАРТАЙ БАРИГДСАНД ИТГЭЛТЭЙ БАЙЖ БОЛНО

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.ИНДРА: 

Монголд анх удаа гүүрний бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Өнөөдөр үндсэн гүүрний хөдөлгөөнийг албан ёсоор нээж байна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотой гүүрэн гарц далий болсон гэх шүүмжлэл иргэдээс ирсэн. Энэ бол ташаа мэдээлэл. Агаарын замд баригдсан гүүрэн замын бүтээн байгуулалт дуусч, ашиглалтад орсны дараа иргэдэд ойлгомжтой болно. Өмнө нь төмөр замаар өдөрт 45 удаа галт тэрэг зорчих бүрт тээврийн хэрэгсэл зогсолт хийдэг, зүүн баруун урагш хойш чиглэлд түгжрэл үүсдэг байсан төдийгүй суудлын тэрэг галт тэрэгтэй мөргөлдөх осол аваар гардаг байсан. Гүүрийн бүтээн байгуулалт нь энэ асуудлыг 100 хувь шийдэгдэж байна. Энэ асуудлыг бид цогцоор нь шийдвэрлэхэд маш их цаг зав, хөрөнгө, хүчин чармайлт гаргасны эцэст 477 метр урт  үндсэн гүүрний хөдөлгөөний нээж байгаадаа баяртай байна. Гүүрэн гарцын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын талаас ажилласан. Стандартын дагуу чанартай зам баригдсанд итгэлтэй байж болно. Баталгаат хугацааг  50-100 жил гэж үзэж байгаа гэлээ.

Замын цагдаагийн ойролцоох төмөр зам дээгүүр баригдсан энэхүү гүүрэн гарцаар 100 тонны хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих бүрэн боломжтой. Манай улсад агаар дээр гүүр баригдаж буй анхны тохиолдол нь энэ юм байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж