Хотын захиргааг Яармаг руу нүүлгэе

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэе

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэе

Хотын захиргаанаас түгжрэл сааруулах зоригтой шийдэл гаргахгүйгээс  нийслэлд автомашины 0 зогсолт болоход ойрхон байна. Ажил, сургуульдаа хүрэхийн тулд иргэд хамгийн багадаа 2 цаг зарцуулдаг нь хэвийн үзэгдэл болсон.  Тэгвэл түгжрэлийг сааруулах нэг арга нь хотын захиргааг Яармагт баригдаж байгаа шинэ барилга руу нь нүүлгэх гэж иргэд үзэж байна.

Нийт 97 тэрбум төгрөг зарцуулан 68 мянган ам метр талбайтай шинэ байр барьж, энэ намар А блокийг ашиглалтад оруулахаар дуншиж буй ч хотын шинэ дарга нүүхгүй, өөр зориулалтаар ашиглана гэж адарснаас ажил болгон барьсан барилга үнэгүйдэж мэдэхээр буй.

Нийслэл нь 30 гаруй агентлагтай.  Тэр бүгд нь хотын төв хэсэгт байрладаг нь автомашины түгжрэлийг нэмэгдүүлдэг. Ажилдаа ирэх гэсэн албаныхнаас эхлээд ажил хөөцөлдөх гэсэн иргэд хотын төв рүү автомашинаа унаад зүтгэдэг.  Нийтдээ 330 төрлийн ажил үйлчилгээ үзүүлдэг гэсэн судалгаа бий.  Тиймээс нийслэл шинэ барилга руу шилжвэл түгжрэл саарах боломж байгаа юм.

Гэвч нэг дарга томилогдонгуут өмнөх даргынхаа шийдвэрийг өөрчилдөг жишгээс болж, түгжрэлийг сааруулах зорилгоор барьсан хотын захиргааны байр эзэнгүйдэж мэдэхээр болов.

Анх Ардчилсан намыг Засгийн эрх барьж байхад хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн төр захиргааны байрыг Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд барих шийдвэр гаргасан юм.

Гэр хорооллыг хөгжүүлэхгүйгээр Улаанбаатар хот түгжрэлээ ч агаар, хөрсний бохирдлоо ч шийдэх боломжгүй. Иймээс нийслэлийн утааны голомт болж байгаа бүсийг хөгжүүлэхээс ажлыг эхлүүлэх ёстой гэж үзэн, нийслэлийн төр захиргааны байрыг Ханын материалд барих шийдвэр гаргаж, ажил далайцтай эхэлсэн ч сонгуулийн дараагаас энэ ажлыг зогсоосон. Хотын захирагчаар томилогдсон С.Батболд Ханын материалд хотын захиргааг нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан ч төд удалгүй буцаж, Хан-Уулын Яармаг болгож өөрчилсөн билээ. Энэ шийдвэрийг олон иргэн “Утаанаас зугтаалаа” гэж шүүмжилсэн юм.

Эзгүй талд хотын захиргааны шинэ барилга сүндэрлэж, зарим барилгынх нь ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрсэн үед шинэ дарга С.Амарсайхан “Хотын захиргааг нүүлгэхгүй” гэж мэдэгдсэн нь олон хүний гайхшралыг төрүүлсэн ч түгжрэлийг шийдье гэвэл нүүхээс аргагүйг сануулж байна. Хот шинэ даргатай болох бүрийд нийслэлийн төр захиргааны барилга барих шийдвэр өөрчлөгдөж, энд тэндгүй барилга бариад байвал татвар төлөгчдийн мөнгө хайран болж, үрэгдэнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж