"Ган зуд болох эрсдэл тун ойрхон ирсэн"

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

"Ган зуд болох эрсдэл тун ойрхон ирсэн"

"Ган зуд болох эрсдэл тун ойрхон ирсэн"

Сибир болон Амазоны ой түймэрт өртлөө. Томоохон ойн түймрүүд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн доктор П.Гомболүүдэвээс тодрууллаа.


-Сибир болон Амазоны түймэр нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлт бий болгож байгаа үндсэн зүйлсийн нэг нь хүлэмжийн хий. Хүлэмжийн хийн гол төлөөлөгч нь нүүрсхүчлийн хий. Цахилгаан станц, авто машин, газар ашиглалт, түймэр, цөлжилт зэрэг нь нүүрсхүчлийн хийн хуримтлалыг нэмэгдүүлдэг. Агаар мандалд нүүрсхүчлийн хий нэмэгдэх нь дулаарлыг нэмэгдүүлнэ. Ингээд агаар мандалд өөрчлөлт орсноор хуурайшилт бий болдог. Тэр дундаа их газрын гүнд байрлах бүс нутагт түлхүү хуурайшилт бий болж байгаа. Энэ хуурайшилтаас үүдэн Амазоны ой, Сибирийн ойн түймэр үүсэх эрсдэл болж байгаа юм. Нөгөө талаас ойн түймэр гарснаар хуурайшилтыг улам дэвэргэж байгаа. Энэ жил гарсан түймэртэй холбоотойгоор дэлхийн уур амьсгал хэр хэмжээнд өөрчлөгдсөн нь одоогоор тодорхой болоогүй байна.

-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор энэ өвөл цаг агаар ямар байх вэ?

-Галт уул дэлбэрэлт их байгаа жил харьцангуй хүйтэн жил болдог. Шалтгаан нь галт уулын дэлбэрэлттэй холбоотойгоор агаар мандалд үнс нурам буюу Airi-Zol дэгдэж, хүлэмжийн хийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Ингэхээр маш хүйтэн жил болдог талтай. Энэ жил ойн түймэр их гарсантай холбоотойгоор дулаан өвөл болж ч магадгүй юм.

-Гэхдээ энэ намар цас эрт орж, олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно гэдгийг Онцгой байдлын газраас анхааруулсан шүү дээ?

-Монгол оронд 2010 оноос хойш ган, зуд тохиолдоогүй. Гэхдээ малын хорогдол тодорхой хэмжээнд байсан. Ган, зуд бололгүй 10 орчим жил болчихлоо. Харин одоо их цас орж, хүйтрэх нөхцөл маш ойрхон байгаа.

-Яг хэзээ ган, зуд болно гэж?

-Ган, зуд болох эрсдэл маш ойрхон болсныг уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг хүний хувьд баттай хэлье. Харин энэ жил эсвэл ирэх жил ган, зуд болно гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна.

-Цаг агаарын таагүй үзэгдэл нь тодорхой давтамжтай байдаг гэдэг. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Ус, цаг уурын байгууллага 1940 оноо хойш тасралтгүй ажиглалт хийж байна. Энэ бүх мониторингоос харахад өнгөрсөн хугацаанд хур ихтэй жил, хуурай жилийн тодорхой давтамж байсан. Тухайлбал, Монгол оронд 1990 оны дунд үед хур ихтэй байсан. Тэр дундаа 1994 онд хамгийн их хуртай жил байсан. Харин 2000 оноос хойш 10 орчим жил маш их хуурайшилттай байсан. Гэх мэтчилэн хуурайшилттай, эсвэл хур ихтэй үе бий. Энэ үе давтагдана, тохиолдоно гэж ярихад хэцүү болоод байгаа.

-Эль-Нино, Ла-Нина үе буюу цаг уурын хэвийн бус үе гэж бий. Энэ үед Монгол оронд цаг агаар ямар байсан бэ?

-Монгол орны уур амьсгал Эль-Нино, Ла-Ниногоос хамаарах нь ховор. Гэхдээ Ла-Нинагийн үед Монголд хуурай байсан жил ганц нэг бий. Мөн Эль-Нино жил илүү хуртай байх нь бий. Энэ бүхэн 20 жил давтагдсан тохиолдолд Монгол орны цаг агаар Эль-Нино, Ла-Нинагаас хамааралтай гэж үзэх хэрэгтэй болно. Эль-Нино,  Ла-Нина нь далайн гадаргын температур олон жилийн дунджаас хэт дулаан байснаар агаар мандалд өөрчлөлт орох үзэгдэл. Энэ нь эковарын бүсийн оронд илүү хамааралтай. Манай орон шиг өндөрлөг бүсэд шууд хамаардаггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж