Иргэд: Төрийн албаны түшмэдүүд авлигад идэгдэж гүйцлээ

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

Иргэд: Төрийн албаны түшмэдүүд авлигад идэгдэж гүйцлээ

Иргэд: Төрийн албаны түшмэдүүд авлигад идэгдэж гүйцлээ

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2019.09.16/ Сүхбаатарын талбайд иргэддээ хийсэн ажлаа тайлагнаж байна.  “Нээлттэй хаалганы өдөр”-ийн  хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажлын явцаас гадна томоохон төсөл хөтөлбөрүүдтэй иргэд танилцах боломжтой. Мөн яам, агентлагууд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэж байна.

Тухайлбал, гаалийн цахим системд нэвтрэх эрх нээж өгөхөөс гадна бүрдүүлэлт хийх, гаалийн үйлчилгээний талаар зөвлөгөө өгч буй.  Авто машины албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолтыг "Нээлттэй хаалга"-ны өдрөөс аваарай.

 Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК үнэст цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар мэдээлэл өгөх гэнэ. Түүнчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашигтай холбоотой зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа юм.

 “Нээлттэй хаалганы өдөр”-ийг сонирхсон иргэд цөөнгүй. Тэд Засгийн газраас ард иргэддээ өгсөн амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон хийж буй ажлын талаар мэдээлэл авахаар иржээ. Тиймээс тэдний санал, сэтгэгдлийг сонслоо.

Н.Ням-Осор, Хан-Уул дүүргийн иргэн:

-Засгийн газар ажил хийх гэж оролдоод л байна. Гэхдээ хийж буй ажлууд нь нэр төдий байна. Хөрсөн дээрээ бууж, иргэдийн амьдралд сайнаар нөлөөлж байгаа юм алга. Нэг ажил эхлүүлээд сенсаци тариад орхичихно, үр дүнг нь үзэхгүй байна. Төрийн албаны түшмэдүүд нь авилгал, хээл хахуульд идэгдэж гүйцлээ. У.Хүрэлсүх арга хэмжээ авч, шийдэж чадахгүй байна.  МАН гарч ирэхдээ ашигт малтмал, уул уурхайн баялгийг гадагшаа тооцоотой гаргаж, улсдаа үр ашиг үлдээнэ гэж амалсан. Тэр амлалт юу болсон бэ. Үүнээс гадна нэг шүүмжлэх зүйл бол Монголд хэтэрхий олон дарга нар байна. Дарга нар олон байгаад ажил хийдэг байсан бол өдийд манай улс  аль хэдийн хөгжчихсөн байлаа. Гэтэл бие биеэ харсан, шантаажилсан, намаар хуваагдсан байдалтай  байна.

Ч.Цэцэгмаа, Хан-Уул дүүргийн иргэн:

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийгэмд шударга ёс тогтооно гэдэг.  Энэ нь хэрэгждэг бол бидний амьдрал сайхан болно шүү дээ. Их, бага ажил хийж  байгаа байх. Гэхдээ  авилгал  байсаар байна. Үүнийг устгаж байж шударга ёс бий болно. Одоо ард түмний дүн тавих цаг ойртлоо. Үлдсэн хугацаандаа шургуу хөдөлмөрлөөд, тавьсан зорилтоо биелүүлж, бидний итгэлийг битгий алдаасай л гэж хэлэх байна.

Б.Түвшинтуул, оюутан:

-Сургалтын төлбөрийн зээл зэрэгт оюутан, залуусыг дэмжсэн байгаа. Гэхдээ бусад асуудалд залуусаа яаж дэмжиж байгааг мэдэхгүй байна.  Сургуулиа төгссөн залуусыг ажлын байраар хангах, байр орон сууцаар хөнгөлөлт үзүүлэх  тал дээр анхаарах хэрэгтэй болов уу. Би одоо биофизикийн чиглэлээр сурч байна. Төгсөөд ажлын байр хангалттай байдаггүй. Төрөөс уг нь чиглэл өгөөд, ажлын байраар хангавал илүү системтэй байна гэж боддог. Мөн залуусын хувьд орон сууцны асуудал их хэцүү. Шинэ байр барилаа гэхэд өртгийг нь хэд дахин нугалж зардаг. Дөнгөж амьдралаа эхэлж буй залууст урьдчилгаа мөнгө олох, тогтмол орлоготой болох зэрэг дарамт үүсдэг.

Л.Энх-Амгалан, Чингэлтэй дүүргийн иргэн:

-Манай удирдлагууд ард иргэддээ хүрч ажиллахгүй байна. Бидний амьдрал өдрөөс өдөрт улам дордсон.  Баян, ядуугийн ялгаа туйлдаа хүрч байна. Анх гарахдаа та нарын амьдралыг цэцэглүүлээд өгнө гэж МАН амласан. Гэтэл төрд гарсныхаа дараа биднийгээ мартчихлаа.

Д.Дулмаа, Сонгинохайрхан дүүргийн иргэн

Эгч нь нэг л юм хэлье. Одоо тэр нам гэдгээ больмоор байна. Хоёр хуваагдчихаад нэгнийгээ шантаажлаад мөнгө идээд сууж байна. Нэг л сайхан ярьдаг. Хэчнээн жил ярив даа. Олон жил төрд суучихаад өөрчлөлт авч ирсэн юм алга. Үүний оронд одоо шинэ залуу боловсон хүчнүүдийг дэмжих хэрэгтэй. Мэдээж, ахмад хүмүүсийн туршлага байлгүй л яах вэ. Гэхдээ залуусаа зоригтой дэмжиж, тэдэнд итгэл хүлээлгээд үзвэл яасан юм бэ гэсэн бодолтой байна. Ерөнхийлөгч гарч ирэхдээ хөөрхий муу хөгшчүүлийг тэтгэврийн зээлээс чөлөөлнө гэсэн. Худлаа байж дээ. Засгийн газарт бид итгэл алдарлаа.

Ж.Ганбат, Баянзүрх дүүргийн иргэн:

-Ардын Засгийн газарт би сайн гэсэн үнэлгээ тавина. Ерөнхий сайд маань ажил хийе гэсэн хүсэлтэй байна. Гэтэл түүнийг тойрч байгаа амьгүй албатууд ажлаа хийхгүй байна. Ард иргэдийн төлөө сэтгэлээ гаргахгүй байна. Тухайлбал, түрээсийн орон сууц хөтөлбөрт олон иргэн хамруулбал бид маш их баярлана. Даанч сүртэй мэдээлэл өгдөг, дараа нь  хэдхэн хүнийг хамруулчихдаг. Иргэдийн уурыг барж байна шүү дээ. Бидний  дээр байгаа улсууд ихэнх нь биенээ таньдаг болчихож. Нэг газар яваад очно, нэгнийх нь хүү, охин, бэр, хүргэн байна. Ингэж болохгүй шүү дээ. Мөн шүүх, цагдааг шударга болгомоор байна. Ядарсан иргэддээ хариуцлага тооцоод, задарсан нэгнээ чадахгүй байгаа харагдах юм. Авилга авлаа гээд яриад байна, арга хэмжээ яагаад авч чадахгүй байгаа юм бэ гэж асуумаар байна. Зарчим, хариуцлага гэдгийг сайн бодох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж