Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Азийн ардын урлагийн их наадам”-ыг өнгөрөгч зургадугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Уг наадмын үеэр шүүгчид уран бүтээлчдийн талаар харилцан ярилцаж, үг хэлээр доромжилсон талаар өнөөдөр /2019.09.16/ Үндэсний мэдээллийн төвд ардын авьяастнуудын төлөөлөл мэдээлэл хийлээ.
“ШҮҮГЧИД АРДЫН АВЬЯАСТНУУДЫГ ХЭЛ АМААР ДОРОМЖИЛСОН”
Хэвлэлийн хурлын үеэр цуурч Б.Наранбат мэдээлэхдээ “Өнгөрсөн зургадугаар сард “Азийн ардын урлагийн их наадам” нь ардын урлагийн шилдгүүдийг тодруулах маш сайхан наадам болох байсан. Гэвч их наадмын шүүгч болох Б.Энхтуяа, Л.Хэрлэн, Б.Одсүрэн, Ж.Саруулбуян Д.Ариунболд нарын шүүгч нар ёс бусаар шүүсэн бичлэг нь олон нийтэд ил болсон. Энэ яриа бичлэгийг хөрвүүлж, бичээд олон нийтэд ил болгоод байна. Жишээлбэл, энэ бичлэгт аман хуурч н.Болормаа тоглож байхад Б.Одсүрэн шүүгч “Энэ Европын орноор байдаг л хөгжим. Хэнд ч хэрэггүй зүйл. Хэн ч энэ хөгжмийг дугаргаж чадна” гэж хэлсэн. Мөн энэ бичлэгийн 01:32-36 секундын хугацаанд шүүгчид шивнэлдэн “Битбоксын хоёрыг товлочихсон гэж байна” гэж Д.Ариунболд хэлээд, дэргэдэх шүүгч нь зөвшөөрч байгаа. Зарим ардын авьяастныг угсаа гарал, яс үндэс, царай зүсээр нь доромжилсон. Шүүгч Б.Одсүрэн “Алтай” хамтлагийн гишүүн Б.Ганзоригийг “Ганзориг нь уу. Хэдэн хотонгууд” гээд инээж байх жишээтэй. Тиймээс шүүгчид ардын авьяастнуудаас уучлалт гуйж, олон нийтэд мэдээлэхийг шаардаж байна” гэсэн юм.
Мөн ардын авьяастнуудын зүгээс Азийн ардын урлагийн их наадмын хоёрдугаар шатны уралдааныг явуулаагүй тул зохион байгуулах хороо уучлалт гуйж, шударга бусаар байр эзэлсэн уран бүтээлчдийн шагналыг хураахыг шаардаж байгаагаа илэрхийллээ.
“ЭНЭ ОДОО ЮУ ХИЙЖ БАЙГАА ЮМ” ГЭЖ ДОРОМЖИЛСОН”
“Ардын авьяастнууд нийлж, Азийн ардын урлагийн их наадам”-д хамтлаг байгуулан оролцсон. Гэтэл шүүгчид ардын авьяастнуудыг доромжилж, шоолон, ёс зүйгүй аашилж байгаад гомдолтой байна. Намайг гэхэд шүүгчид “Алтан орос уу, шар гэсэн үг үү” гэж нэр усаар доромжилсон нь бичлэгт баримттай байгаа. Мөн Ховд аймгийн хөөмийч Ч.Баатарсүрэнг тайзан дээр гарч ирэхэд Б.Одсүрэн шүүгч “Үхлээ юу гэмээр эхлэх юм” гэж хэлсэн. Гэтэл энэ хүн өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Тува улсад зохион байгуулсан Олон улсын хөөмийн наадмаас “Хөөмийн үндсэн дугаралтаар нэгдүгээр байр эзэлсэн уран бүтээлч” гэдгийг биелгээч У.Алт-Орсоо хэлж байв.
Энэ үеэр мөн тус наадамд Ховд аймгаас бие биелгээгээр оролцсон өв тээгч, бие биелээч П.Сэмбэдорж хэлэхдээ “Шүүгч Б.Одсүрэн намайг тайзан дээр гарч ирэхэд “Энэ одоо юу хийж байгаа юм” гэж доромжилсон. Миний хувьд ааваасаа өвлөж авсан ардын бие биелгээгээ ард түмэндээ үзүүлж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах гэж ирснээс биш доромжлуулах гэж оролцоогүй. Азийн ардын урлагийн их наадмын шагналын тов гарахад оролцогч ардын авьяастнуудад огт мэдэгдээгүй. Цаашдаа энэ наадмын шүүгчид ёс зүйтэй, шударга шүүж, үнэн зөв шүүх ёстой гэдгийг хэлмээр байна” гэв.
Шүүгчдийн харилцан яриаг тус наадмын шүүгч Л.Хэрлэн гар утсаараа хийж, өөрийн фэйсбүүктээ нийтэлсэн байсныг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав ардын авьяастнуудад өгсөн гэдгийг хэвлэлийн хурал зохион байгуулсан ардын авьяастнууд хэлсэн юм.
“Азийн ардын урлагийн их наадам”-д Азийн 12 орны 200 гаруй үндэсний 2028 ардын авьяастнууд ардын бүжиг, дуу, хөгжим, язгуур урлаг, чуулга, зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр авьяас чадвараа сорин өрсөлдсөн байна. Их наадмын тэргүүн байранд Дорнод аймгийн хөгжимт драмын театрын “Туургатан” хамтлаг эзэлж, 4000 еврогоор шагнуулсан бол дэд байранд БНСУ-ын “Чончун” хамтлаг /2000 евро/, гуравдугаар байранд БНХАУ-ын ӨМӨЗО-ны ардын авьяастан Атха /1000 евро/ тус тус эзэлжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ