Бид жилд зургаахан ширхгийг хэрэглэдэг байснаа сүүлийн хорин жилийн дотор нэг хүнд жилдээ зуу илүү ноогдох болсон хүнс бол өндөг. Огт хэрэглээнд байдаггүй байсан өндөг гэнэтхэн эрчтэйгээр байнгын хэрэглээ болсонд дотоодын үйлдвэрлэгчдийн өсөлт тодорхой нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Ингээд энэ нийтлэлээрээ Монгол Улсын хамгийн том өндөгний аж ахуй Баянд зочилсноо товч сийрүүллээ.
Улаанбаатар хотоос 67 км зайтай орших Төв аймгийн Баянчандмань сумын төвийн урдхан талд бидний зорьж очсон Баян өндөгний үйлдвэр оршино. Баянчандмань сумын нэрнээс санаа авч үйлдвэрээ бас цагаан өндгөө Баян хэмээн нэрлэсэн аж. Бор өндөг нь Чандмань гэдэг нэртэй гэнэ. Үнэндээ өндөгний ферм гэхлээр том амбаар, хашаа, энд тэнд тонголзох ажилчдыг төсөөлж очсон төсөөлөл минь хашааны үүдээр орсон цагаас л хол зөрөөд эхлэв. Томоо гэгчийн хаалгаар машиндаа ариутгал хийлгэн нэвтэрч цардмал замаар 300 метр орчим явж төв байрных нь үүдэнд ирлээ. Баян өндөгний үйлдвэр нь үндсэн болоод туслах гэсэн хоёр аж ахуйгаас бүрддэг аж. Туслах аж ахуйд тэжээлийн үйлдвэр, инкубатор, нядалгаа зэрэг хэсгүүд байрладаг бол үндсэн аж ахуйд дэгдээхэйн аж ахуй, өндөглөгчийн аж ахуй, савлагааны үйлдвэр, лаборатори гэхчлэн үйлдвэрлэлийн хэсгүүд төвлөрчээ. Хоёр аж ахуй хоорондоо 2 км орчим зайтай оршдог.
Бидний очсон үндсэн аж ахуйд 110 мянган дэгдээхэйг 2 байранд, 440 мянган өндөглөгчийг 4 байранд хуваан байршуулжээ. Гаднаас нэгэн ижил мэт харагдах цэвэрхэн цагаан байр тус бүр өөр өөр зориулалттай гэнэ. Өндөглөгчийн байр, савлагааны үйлдвэрт заавал орох шаардлагагүйгээр дээрээс нь шилэн хаалтын цаанаас бүх ажиллагааг харах боломжийг олгожээ. Үнэндээ музей үзэж байгаа юм шиг санагдахаар тун сонирхолтой хэлбэрээр зохион байгуулсан энэ дизайн, бүх фермийн төлөвлөлтийг Францын Си Лайнес (C-Lines) компанийнхан хийж барьж өгсөн аж. Хамгийн эхлээд савлах үйлдвэрийн хэсгийг тольдов. Өндгийг ариутгах, ангилах, савлах ажлыг Нидерланд улсад үйлдвэрлэсэн Моба фирмийн бүрэн автомат машин хийдэг. Цагт 60 мянган өндөгний хүчин чадалтай. Хүн зөвхөн хянах, үүрэнд савлагдан гарч ирсэн өндгийг хайрцагт хийх л ажлыг хийнэ. Бусад ажлыг нь энэ аварга эд автоматаар зохицуулдаг гэнэ.
Савлах үйлдвэрээс өндөглөгчийн байр хүртэлх хэсгийг төрөл бүрийн мэдээлэл агуулсан зурагт самбар, макет, компанийн түүхэн жим зэргээр тохижуулжээ. Үнэндээ бид өндгийг огт мэддэггүйгээ энд л ухаарав. Өндгөнд ганц биш маш олон төрлийн уураг агуулагддаг гэнэ. Нүдний үйл ажиллагаа, ясны бүтэц, цус, мэдрэлийн тогтолцоонд оролцдог гээд уураг нь дотроо их олон янз байдаг бололтой. Мөн 20 гаруй төрлийн амин дэм, эрдэс, витамин байдаг гэнэ. Ганцхан С витамин л байхгүй Д, А, В-гийн төрлийн витамин их хэмжээтэй агуулагддаг. Ёстой л уураг амин дэмийн уурхай аж. Мөн өндөг үүсэх явц, ихэр шартай байх, яагаад цусан толбо тогтдог, өндөг том жижиг байх, бор цагаан байхын учир гэхчлэн мэддэггүй олон зүйлээ мэдэж авав. Баян өндөгний ферм анх 2003 онд байгуулагдаж байсныг түүхэн жим дээрх мэдээллээс мэдлээ. Одоогийн байдлаар анхны хүчин чадлаасаа даруй 25 дахин томроод байгаа гэнэ. 2003-2019 онд үйлдвэрлэсэн өндөгний тоо нь 600 сая ширхэг. Мөнгөн дүнд шилжүүлбэл 150-180 тэрбум төгрөгний импортыг орлох хэмжээний мөнгийг дотооддоо авч үлджээ. Баян өндөгний үйлдвэрийн зорилго нь 1.5 сая өндөглөгчтэй болж импортын өндгийг бүрэн орлох үйлдвэрлэл явуулах бөгөөд энэ хэмжээний үйлдвэрлэл явуулах дэд бүтцийг аль хэдийн бэлэн болгожээ. Өндөглөгчийн байраа нэмж бариад л хүчин чадлаа нэмээд байх боломжтой болсон аж.
Ингээд цааш өндөглөгчийн байрны доторхыг тольдох боломжтой өрөөнд ирлээ. Шилэн хаалтыг хөшгөөр хаасан байх бөгөөд өрөөний гэрлийг бүрэн унтраан харанхуй болсон хойно хөшгийг нээн доторхийг харуулав. Харанхуй болгодог учир нь тахиаг цочоохгүй гэсэндээ тэгдэг гэнэ. Тахиа тайван байх тусмаа сайн өндөглөдөг. Цочих, тавгүйтэх зэргээс болж өндөглөлтөнд нөлөөлдөг гэнэ. Анх харсан зүйл гэвэл бараг зах харагдахгүй эгнэн суусан 100 мянган тахиа. Харин нэг ч хүн харагдсангүй. Үнэндээ ажил ид буцалж байх ёстой хэсэг гэж бодож байсан юм. Тэгтэл ердөө хоёрхон хүн энэ байранд нэвтрэх эрхтэй, тахиа нь хүртэл тэр хоёр хүнээ таньдаг цочихоо больсон байдаг гэнэ. 100 мянган тахианд тэжээл өгөх, ус өгөх, өндөг хураах, сангас хураах, агаар сэлгэлт, дулааны хэм тохируулах, гэрэл тохируулах зэрэг бүх ажиллагааг Герман улсын BigDutchman-ний тоноглол автоматаар гүйцэтгэдэг аж.
Баян өндөгний үйлдвэрийг байгаль орчинд ээлтэй хаягдалгүй аж ахуйн нэгж гэж дүгнэж болно. Хог хаягдлаа дахин боловсруулж бүрэн ашиглах энэ цогцолбор мэкологид ээлтэй үйлдвэрлэлийн жишгийг Монголд тогтоожээ. Шувууны аж ахуйгаас гардаг гол хаягдал сангасаар түлш үйлдвэрлэж, хэрэглээний эрчим хүчээ хангаад, үлдсэн хэсгээр хөдөө аж ахуйд өргөн ашиглагдах сайн чанарын бордоо үйлдвэрлэх зорилготой. Мөн “Хаягдалгүй Ферм” стандартыг цогцоор нь нэвтрүүлж өндөгнийхөө пластик сав, цаасан хайрцаг, үүрийг өртгөөр нь эргүүлэн худалдан авдаг аж.
Сургуулийн сурагчид ангиараа, хамт олон, харилцагчид, гадны зочид зэрэг энэ үйлдвэрт амралтын өдөр алгасахгүй зочинтой байдаг гэсэн. Эрхэм уншигч та ч гэсэн миний аялсан энэ замаар уургийн уурхайтай танилцах боломжтой. Баянгийхан ч дуртайяа хүлээн авна гэж дамжуулсан шүү.
Холбоотой мэдээ