“Говь” ХК-ийн албан ёсны салбар дэлгүүр өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 16-нд АНУ-ын Лос Анжелес хотноо нээгдэж байна. Энэхүү чухал үйл явдлыг тохиолдуулан тус компанийн Гадаад худалдааны газрын Америк, Ази зах зээл хариуцсан захирал Б.Ариунаатай ярилцсан юм.
– Өнөөдөр Говь ХК-ийн хувьд чухал түүхэн өдөр тохиож байна. Шинэ зах зээлд албан ёсоор орж байгаад баяр хүргэн, амжилт хүсч ярилцлагаа эхлэмээр санагдаж байна.
– Баярлалаа. Тийм ээ, өнөөдөр Говь ХК-ийн АНУ дахь онлайн дэлгүүр албан ёсоор нээгдэж байна. Өнөөдөр Нью Йоркын цагаар өглөөний 09:00 цагт www.us.gobicashmere.com онлайн дэлгүүр үйл ажиллагаагаа эхлэх юм. Ноолуурын хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч зах зээлд нэвтрэн орж, АНУ дахь хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ улам ойртуулж байгаадаа баяртай байна.
– Нээлтийн үеэр хэрэглэгчиддээ ямар нэгэн онцгой бэлэг барьж байгаа юу?
– Мэдээж байлгүй яахав. Бид Говь салбар дэлгүүрийн нээлтийг тохиолдуулж онлайн дэлгүүрт зарагдаж буй бүх бүтээгдэхүүнээ 35-70%-ийн хямдралтай худалдаалах гэж байна. 100% цэвэр ноолуурын бүтээгдэхүүнийг 35-70% хямдралтай худалдаж авна гэдэг сэрүүний улиралд, тун удахгүй баярын улирал эхлэх гэж байгаа эдгээр өдрүүдэд хэрэглэгчдийн хувьд алдаж болшгүй завшаан юм. Бидний нээлтийн сюрприз үүгээр дуусахгүй. Хамгийн түрүүн худалдан авалт хийсэн 500 хэрэглэгчдэд Говь брэндийн 100% ноолууран оймс бэлэг болгон өгч байна. Зөвхөн америк хэрэглэгчдээс гадна АНУ-д суугаа монголчуудад ч Говь ХК-ийн бүтээгдэхүүн ийм боломжийн үнээр хүрч байгаа нь тааламжтай байна гэдэгт итгэлтэй байна.
– Монгол ноолууран бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд, тэр дундаа Америкийн зах зээлд өмнө нь тодорхой хэмжээгээр гардаг байсан. Шинэ нээгдэх компанийн үйл ажиллагааны онцлог нь юу вэ?
– “Говь” компани өнөөдрийг хүртэл АНУ-д бүтээгдэхүүнээ франчайзинг хэлбэрээр экспорлож ирсэн. Харин өнөөдөр нээгдэж буй “Говь” брэндийн албан ёсны салбар компани маань онлайн худалдаагаар эхний ээлжинд АНУ, цаашлаад Өмнөд болон Хойд Америк тивд “Говь”-ийн бүтээгдэхүүнийг хүргэж ажиллах юм. Онлайн худалдаа дэлхий дахинд хүчээ аван хөгжиж байгаа энэ цаг үед манай салбар компанийн үйл ажиллагаагаа онлайн худалдаагаар ийнхүү тэлж байна.
– Тэгэхээр АНУ-ын хэрэглэгчид аль ч мужид байсан онлайн сонголтоо хийгээд “Говь” ХК-ийн ноолууран бүтээгдэхүүнийг хүргүүлээд авна гэсэн үг үү?
– Тийм ээ. “Говь” ХК-ийн бүтээгдэхүүнийг АНУ-ын бүх мужид 24-48 цагийн дотор хүргэж өгнө. Цаг хугацааны хэмнэлт хийх боломжийг бодитоор олгодог учраас орчин үеийн завгүй амьдралын хэмнэлтэй хэрэглэгчдэд онлайн худалдаа хамгийн тохиромжтой үйлчилгээ болоод байна. Нэгэнт онлайн худалдаанаас худалдан авалт хийх боломжтой байгаа тохиолдолд дэлгүүр явж цаг үрэх шаардлагагүй. Ялангуяа Америк шиг 51 муж улстай, том газар нутагтай улсад онлайн худалдаа болон хүргэлтийн хүргэлтийн үйлчилгээ нь дээд цэгтээ хүртэл хөгжчихсөн. Хэрэглэгч ямар хугацаанд бүтээгдэхүүнээ хүлээж авахаас шалтгаалан төлбөрийн нөхцөлөө сонгох гэх мэтээр бүх зохицуулалт нь амархан болчихсон. Бид онлайн худалдааны эдгээр дэвшилтэт үйлчилгээнүүдийг байж болох хамгийн өндөр түвшинд ашиглаж, борлуулалтын үйл ажиллагаагаа дэлхийн стандартаар хийх юм.
– Онлайн худалдаа бол хязгааргүй зах зээл. Борлуулалтын хэмжээ хэр өсөхөөр тооцоолж байгаа вэ?
– Манай компани АНУ-ын зах зээлд нэг жилийн хугацаанд онлайн худалдаагаар дамжуулж нэг сая ширхэг бүтээгдэхүүн борлуулах том зорилт тавьсан. Өмнө нь Америк улсад хийгдэж байсан борлуулалтын дүнтэй харьцуулахад хамаагүй том сонсогдож байж болох ч бид тус зах зээлд урьд урьдынхаас илүү анхаарал хандуулж, үйл ажиллагаагаа эрчимтэй идэвхжүүлснээр зорилтоо биелүүлэх боломж бий гэж харж байгаа. Баг хамт олноороо ч түүний төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
– Америк шиг халуун газар ноолууран бүтээгдэхүүн зарагдах уу гэсэн хандлага байсан?
– Ноолуур гэхээр зөвхөн өвөл өмсдөг зузаан цамц, малгай ороолтууд гэж төсөөлөгддөг байсан уламжлалт ойлголтыг мартах нь зөв юм. Говь ХК дэлхийн аль ч өнцөгт, жилийн дөрвөн улирлын ямар ч цаг агаарын нөхцөлд өмсч болохуйц олон сонголттой, нарийн хийцтэй ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ер нь сүүлийн 10-аад жилийн дотор ноолуурын хэрэглээний талаарх дэлхий нийтийн чиг хандлага маш их өөрчлөгдөж байгаа. Хуучин цагт хүмүүс ноолуур гэхээр үнэтэй, 45 наснаас дээш хүмүүс хэрэглэдэг, эсвэл нэлээд боломжийн орлоготой хүмүүс худалдаж авдаг гэж ойлгодог байсан бол одоо “fast fashion” брэндүүдээс авахуулаад тансаг, дээд зэрэглэлийн үнэтэй брэндүүд бүгд ноолууран бүтээгдэхүүнийг улирал бүрийн коллекцдоо тодорхой хэмжээнд оруулдаг болсон. Хөгжлөө дагаад ноолууран бүтээгдэхүүний загвар уламжлалт зузаан сүлжмэл цамцаар хязгаарлагдахгүй болсон. Мэдээж бид гоёмсог сүлжмэл бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж байгаа. Мөн Говь ХК зун ч өмсөх боломжтой нимгэн торгон ноолуур, зөвхөн сүлжмэл цамц биш, нэхмэл оруулга бүхий нарийн алчуурнууд хийж байна. Үүнээс хамгийн онцлууштай нь бид нарийн, 100% ноолууран утсаар хийсэн оёмол хослол, костюм пиджакаас, пальто гээд өдөр тутмын хэрэглээнээс тансаг хэрэглээ хүртэл ямар ч үед өмсөж болох, бие эвтэй, суулт сайтай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ямар ч насны хүн аль ч улиралд, ямар ч нөхцөлд ноолууран бүтээгдэхүүн өмсөх боломжтой болчихсон шүү дээ.
– Америкийн зах зээлд ямар бүтээгдэхүүнийг илүүтэй сонирхох бол. Худалдан авагчдынхаа зорилтот бүлгийг хэрхэн тодорхойлсон бэ?
– Америк, Европын хэрэглээг харахаар бүх төрлийн цамц, аксессиор, шааль гэх мэт сүлжмэл бүтээгдэхүүн түлхүү сонирхдог. “Говь” ХК 100 хувь ноолууран оёмол пальтогоор дэлхийд номер нэг үйлдвэрлэгч болсон. Бид жилд 160000 ширхэг пальто үйлдвэрлэх хүчин чадалтай. Говь ХК-ийн үйлдвэрлэж буй ноолууран пальтонууд жирийн ноосон пальтотой харьцуулахад 2-3 дахин, тэрнээс ч илүү хөнгөхөн жинтэй. Тэгсэн мөртлөө маш дулаан, чанартай. Нүцгэн бие дээрээ өмссөн ч хүнийг хатгахгүй, зөөлхөн таатай мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс Америкийн зах зээлд ноолууран цамцнууд, 100% ноолууран пальто түлхүү борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Ямар ч биеийн галбиртай, нас, хүйс, стильтэй хүмүүст зохицох, биед эвтэйхэн байх UNISEX, FREE SIZE бүтээгдэхүүнийг бид санал болгоно.
АНУ бол дэлхийн номер нэг зах зээл. Дэлхийн тэргүүлэгч брэндүүдээс гадна дөнгөж үйл ажиллагаа эхлүүлсэн брэндүүд хүртэл энэ зах зээлд гарч, танигдахыг эрмэлздэг. Зах зээлийн судалгаанд үндэслээд харахад Америк дахь ноолуурын зах зээлд нэг бол маш өндөр үнэтэй Итали брэндүүд, эсвэл бүр хямд үнээр олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брэндүүд байдаг. Дундаж орлоготой, өндөр чанартай бүтээгдэхүүн эдэлж хэрэглэх сонирхолтой хүмүүст тохирсон ноолуурын брэнд төдийлөн байхгүй учраас бид тэрхүү орон зайг гол зах зээлийн сегментээр сонгоод байна. Бид тансаг зэрэглэлт тооцогдох, 100% гар аргаар самнаж, дотооддоо үйлдвэрлэсэн, дээд зэргийн чанартай, загвар хийцийн хувьд хамгийн орчин үеийн шийдэлтэй, бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгоно.
– Мэдээж энэ том зах зээлд загвар дизайны тал дээр онцгой анхаарах шаардлагатай байх?
– Манай үндсэн дизайн хөгжүүлэлтийн үндсэн баг Монголдоо энэ чиглэлээрээ шилдэг загвар зохион бүтээгчид байдаг. Үүнээс гадна бид дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлж алхах, тэднээс суралцах зорилгоор коллекцүүд дээрээ тодорхой хугацаатай гэрээнүүд хийж Итали, Герман, Испанийн тэргүүлэгч загвар зохион бүтээгчидтэй хамтарч ажилладаг. Мөн дэлхийн тэргүүлэх загварын чиг хандлагыг тодорхойлдог Италид болдог хувцас загварын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдог. Тэндээс дараагийн коллекцийн өнгө болон загварын чиг хандлагыг судалдаг. Дээрээс нь бид дэлхий даяар 60 гаруй франчайзингийн дэлгүүртэй. Эдгээр олон сувгуудаар бид бусад брэндүүдээс суралцаж, туршлага солилцож, бүтээгдэхүүний загвар, хийц тал дээр тасралтгүй сайжруулалт, шинэчлэл хийж явдаг.
– Дэлхийн зах зээлд онлайн худалдааг ийм өргөн хүрээнд хийхээр болсон анхны компани “Говь” болж байна уу?
– Хамрах хүрээ, далайцын хувьд ярихад тийм. Бид өнөөдөр АНУ-д www.us.gobicashmere.com онлайн дэлгүүрээ нээж буй боловч бид дэлхийн бусад зах зээлд аль хэдийнэ онлайн дэлгүүрүүдээ амжилттай ажиллуулаад явж байна. Бид одоогоор www.gobicashmere.com дэлгүүрийг Европын зах зээлд амжилттай ажиллуудаад, мөн л ид идэвхжүүлэлтийн ажлаа хийгээд явж байна. Үүнээс гадна бид БНХАУ-ын зах зээлд www.taobao.gobicashmere.com, ОХУ-ын зах зээлд www.gobi.ru онлайн дэлгүүр ажиллуулж байгаа. Зах зээлийн хамрах хүрээ, борлуулж буй бүтээгдэхүүний загвар, төрөл, хэмжээгээ харвал Монгол улсаас онлайнаар дэлхийн зах зээлд ингэж хүч түрэн орж байгаа анхны ноолуурын компани болж байна.
Иймээс бид бүхэн энэ ажлыг зөвхөн “Говь” ХК-ийн ажлаар хязгаарлагдахгүй, дэлхийн зах зээлд монгол брэндийг таниулах, монгол ноолуурыг сурталчлах тун хариуцлагатай эрхэм үйл гэж харж байгаа. “Говь” ХК-ийн үндэс суурийг нь тавьж, анхлан гаргасан замаар Монгол улсаар овоглосон бусад брэндүүд, үйлвэрүүд маань энэхүү зах зээлд амжилттай нэвтрэх боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
– АНУ манай улсад зориулсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн бодлогыг батлах гэж байна. Гуравдагч хөршийн бодлого яг танай салбарт маш том нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Ноос ноолууран бүтээгдэхүүний салбар гэхээр хэтэрхий жижиг асуудал ярилаа гэх шүүмжлэл ч байдаг?
– Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн үйлдвэрлэл, экспорт бол манай орны хувьд чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд ч гэсэн салбарынхан маань Америкт энэ хуулийг өргөн барьж санаачилсан конгрессын гишүүдтэй ойр ажиллаж байгаа. Үүнд салбарын гол компани, хамгийн ууган бөгөөд том үйлдвэрийн хувьд бид маш их ач холбогдол өгч, дэмжиж байгаа. Манай улс 800 гаруй мянган өрхтэйгээс 220 гаруй мянган малчин өрх байна. Эдгээр малчин өрхүүдийн амьдрал ахуй, амжиргаа нь мэдээж малын гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа ноолуур бол үндсэн орлогын эх үүсвэр нь болж байдаг. Ноос ноолуурын салбарын ашиг тус нь зөвхөн малчин өрхүүдээр тогтохгүй, малчдын хотхоноос үйлдвэрийн олон шат дамжлага, үүнтэй холбоотой ажиллаж буй бүхий л шатны үйдвэрлэлийн гинжин холбоосонд ажиллаж буй хүмүүст бодитоор ирдэг.
– Ноос ноолуур үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хэрхэн ноолуураа ямаанаас авдаг талаар?
– Ямаа бол малын даац бэлчээр буталдаг, ноолуурыг нь авах гэж амьтан зовоож байна гэх мэт янз бүрийн яриа гардаг л даа. Үүнийг ул суурьтай, шинжлэх ухаанч талаас нь судлаад, яг малчидтай уулзаад яриад явж байхад ямаа дангаараа бэлчээр даац талхлаад байдаг зүйл байхгүй байх жишээтэй. Нөгөө талаасаа ямааны ноолуурыг самнаж авч байгаа нь тухайн амьтандаа ач тус хүргэж байгаа зүйл гэдгийг мөн хэрэглэгчиддээ ойлгуулмаар байдаг юм. Дулаараад ирэхээр ямааны ноос ноолуур нь арьснаасаа хөөрөөд ирдэг. Энэ үед нь авахгүй бол хамуурна, янз бүрийн хачиг хорхойд бариулна, арьс цоорох хүртэл гэмтэл учруулдаг учраас малчид энэ суларсан үсийг гараараа самнаж авсан байгаа нь бидний яриад байгаа ноолуур юм шүү дээ. Өнө эртний уламжлалаар, гар аргаар самнаж, ямаагаа халууны улиралд бэлдэж, хөнгөрүүлж, элдэв өвчин, шавжнаас хамгаалж өгдөг болохоос биш ямааныхаа үсийг угнаас нь зулгааж, зовоодог зүйл огт байхгүй.
-Энэ салбар улсдаа эдийн засгийн болоод бусад ямар үр өгөөжийг өгч байгаа талаар ярилцаад хоёулаа яриагаа өндөрлөе?
–Энэ салбарын хувьд Монголд яагаад онцлоод байгаа вэ гэвэл сүүлийн жилүүдэд уул уурхай, барилга гэх мэт голлох салбаруудад ажиллаж байгаа хүмүүсийг харвал дийлэнх нь эрчүүд байна. Гэтэл нөгөө талдаа эмэгтэйчүүдийн ажилгүйдэл, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо, тэдний ажил эрхлэх шаардлага нэмэгдээд байдаг. Нийгэмд бие даасан өрх толгойлсон эмэгтэйн ард үр хүүхэд, аав ээж нь гээд бодоод үзэхээр гурав дөрвөөр тогтохгүй хүн байна шүү дээ. Манай салбар буюу хөнгөн үйлдвэрийн салбарт эмэгтэйчүүд зонхилж ажиллах боломжтой. Манай үйлдвэрт гэхэд нийтдээ 2800 гаруй ажилчинтай, түүний 75-аас илүү хувь нь эмэгтэйчүүд ажилладаг. Тэгэхээр энэ асуудалд Америкийн конгрессын эмэгтэй гишүүд ач холбогдол өгч дэмжиж байгаа. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, эмэгтэйчүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх боломжтой Монголын цөөн салбаруудын нэг нь манай салбар гэдэгт утгаар дэмжигдэж байгаа гэсэн үг. Түүнчлэн бүтээгдэхүүн болж чадалгүй гадагшаа гарч байгаа маш их түүхий эдийг дотооддоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох нь эдийн засагт томоохон хувь нэмэр болно гэдгийг хэлмээр байна.
– Дэлхийн онлайн худалдааны том зах зээлд ноолууран бүтээгдэхүүний монгол брэндүүдээ түүчээлэн орох үйлст нь амжилт хүсье!
– Танд баярлалаа. Бид хичээх болно.
Холбоотой мэдээ