Чанаргүй зээлдэгчид зээл олгохгүй гэсэн хууль, журам байхгүй | News.MN

Чанаргүй зээлдэгчид зээл олгохгүй гэсэн хууль, журам байхгүй

Чанаргүй зээлдэгчид зээл олгохгүй гэсэн хууль, журам байхгүй

Чанаргүй зээлдэгчид зээл олгохгүй гэсэн хууль, журам байхгүй

Монгол банкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяртай ярилцлаа

Монголд өнөөдөр зээлгүй хүн байхгүй байх. Зээлдэгчдийн талаарх тандалт судалгааг хийдэг үү?

Монгол Улсад насанд хүрсэн хүн амын 98 хувь нь харилцах хадгаламжийн данстай гэх статистик мэдээлэл бий. Нийт хүн амын дунд хоёр хүн тутмын нэг нь зээлтэй гэх нарийн тоо баримтыг сайн хэлж мэдэхгүй байна. Хэдийгээр чанаргүй зээлдэгчдийн 73 хувийг байгууллагын зээл эзэлж буй ч хэрэглээний зээлийг бууруулснаар иргэд санхүүгийн дарамтад өртөхгүй, амьжиргааны түвшин нь дээрдэх боломжтой.

-Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлдэгчдийн тоо буурсан уу?

-Сүүлийн жилүүдэд зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлдэгчдийн тоо буурсан ч мөнгөн дүнгээрээ  2016 онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улсад 2015-2016 онд макро эдийн засгийн үзүүлэлтүүд буурч, эдийн засаг хүндхэн байсан үе бий. Тухайн үед аж ахуйн нэгж байгууллагууд дагаад санхүүгийн хүндрэлүүдэд орж байсан. Үүний цаана иргэдийн хувьд зээлээ хугацаандаа төлж чадахгүй  байх эрсдэлд орсон байдаг.  Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, эдийн засгийн хүндрэлийг давах арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд иргэдийн хувьд зээлээ хугацаандаа төлөхгүй байх, чанаргүй зээлдэгчдийн ангилалд багтах зэрэг асуудал сүүлийн үед буурсан.

-Монгол банкны зээлийн мэдээллийн санд сөргөөр бүртгүүлсэн иргэдийн хувьд мэдээллээ өөрчилж болох уу. Зээлийн мэдээллийн сан дахь тухайн иргэний мэдээлэл нь зургаан жил хадгалагдах хугацаанд хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд багтсан бол зээл авч болдог уу?

Иргэн аж ахуй нэгж нь зээлийн гэрээнд тусгасан хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөөгүй бол тухайн зээл нь Монгол банк, Сангийн яамны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан активыг ангилах, эрсдэлийн сан байгуулж зарцуулах журмын дагуу ангилагддаг. Үүнд, хэвийн, хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, муу гэсэн таван ангилалд хуваарилан Зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг.

Хэрэв хэвийн бус, эргэлзээтэй, муу гэсэн гурван зээлийн ангилалд орсон бол чанаргүй зээлдэгч болсон гэсэн үг юм. Аж ахуйн нэгж, иргэн чанаргүй зээлийн ангилалд багтаж зээл нь хаагдсан бол энэхүү мэдээлэл нь зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдах бөгөөд үүнийг устгуулах боломж байхгүй.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу тухайн иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд зургаан жилийн хугацаанд тусгадаг байхаар зохицуулсан. Гэхдээ чанаргүй зээлийн түүхтэй иргэн, аж ахуйн нэгжид зээл олгохгүй гэсэн хууль, журам байхгүй. Зээл олгодог байгууллага бүр зээлдэгчээ үнэлж, судлахдаа хүсэлт гаргасан тухайн иргэн, аж ахуй нэгжийн зээлийн түүхийг хардаг. Банк, санхүүгийн байгууллага тухайн зээлдэгчийн зээлийн түүхийг харахаас гадна зээлийн санхүүгийн чадамжийг мөн үнэлдэг болно.

-Сүүлийн үед хялбар зээлийн үйлчилгээ нэвтрэхийн хэрээр чанаргүй зээлдэгчдийн тоо өсч байна уу. Тухайн зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгддэг үү?

Утасны оператор компаниуд лизингээр гар утас олгодог. Утасны төлбөр, IPTV гурвалсан үйлчилгээ, candy зээл, lend.mn гэх мэт зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд зээл олгохдоо Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авдаг. Тэрхүү мэдээллээ ашиглан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн сахилга батыг үнэлж байгаа. Гэрээний дагуу зээлээ төлж байвал ямар ч асуудалгүй, чанаргүй зээлдэгчдийн тоо өсөх боломжгүй. Ер нь зээлийн мэдээллийн сан бол тухайн зээлдэгч болон зээлдүүлэгч нарын санхүүгийн сахилга батыг хангуулах, чанаргүй зээлийг бууруулах замаар санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой.

Иргэн аж ахуйн нэгж байгууллага зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчийн ангилалд бүртгэгдлээ гээд гутарч болохгүй. Зээл олгохгүй гэсэн дүрэм байхгүй ч тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад нэг талын сануулга болж байгаа юм. Нөгөө талаас зээлээ цаг хугацаанд нь төлөхөд Зээлийн мэдээллийн санд эерэг мэдээлэл үлддэг.

Банк санхүүгийн байгууллага эерэг мэдээлэлд тулгуурлан сайн зээлдэгч хэмээн үзэж урт хугацааны бага хүүтэй зээл олгохыг үгүйсгэхгүй. Сөрөг талаас нь харахаас илүүтэй эерэг талаас нь харж бодох хэрэгтэй.

-Хэрэв зээлийн төлбөрөө  1-15 хоногт төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлдэгчийн ангилалд багтах уу?

-Дэлхийн улс орнуудтай харьцуулахад манай улсад иргэдийн санхүүгийн боловсрол хангалтгүй байна. Зээлийн гэрээ байгуулахдаа санхүүгийн эх үүсвэр, өрхийн орлогоо нарийн тооцоолдоггүй. Үүнийг зээл авахдаа ухамсарладаггүй. Санхүүгийн нөхцөл бололцоогоо үнэлээгүй зээл авч, гэрээний хуваарь маш их зөрчиж зээлээ төлдөг. Зээлийн мэдээллийн санд зээл хугацаагаар ангилагдаж байгаа. Зээлийн гэрээ байгуулж эрх зүйн харьцаанд орж байгаа бол санхүүгийн нөхцөл байдлаа бодитойгоор үнэлж, зээлийн харилцаанд ороход зээлийн мэдээллийн санд бүртгэгдэх ямар ч эрсдэл байхгүй. Ипотекийн зээлээс бусад хэрэглээний зээлд иргэд санхүүгийн  эрсдэлээ тооцохгүй байна.

Зээл авч буй иргэд гэрээний нөхцөл байдалтайгаа танилцаж гарын үсгээ зурах ёстой. Гэтэл зээлийн гэрээтэйгээ танилцаагүй гарын үсэг зурдаг, төлөлтийн хугацаа хэтэрснээс болж, Зээлийн мэдээллийн санд сөргөөр бүртгүүлчихлээ гэх гомдол иргэдээс Монголбанканд их ирж байна.

Хүсэлтийнх нь дагуу шалгаж үзэхэд тухайн аж ахуйн нэгж болон санк, санхүүгийн байгууллагын хооронд байгуулсан гэрээнд зээлийн мэдээллийн санд бүртгэгдэх заалтыг нь тодорхой тусгаж өгсөн байдаг. Үүнээс  харахад иргэд зээлийн гэрээгээ уншдаггүй нь ажиглагддаг.

-Гар утасны төлбөрөөс гадна тог цахилгааны мөнгөө хугацаанд нь төлөөгүй бол чанаргүй зээлдэгчийн ангилалд багтаж Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэнэ гэх мэдээлэл цахим орчинд цацагдах болсон. Энэ үнэн үү?

Монгол банкны Зээлийн мэдээллийн сантай 680 орчим аж ахуйн нэгж байгууллага хамтран ажиллах гэрээг байгуулсан. Одоогоор банк, банк бус  санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгал, утасны оператор компаниуд, Засгийн газрын харьяа яамд мэдээллээ нийлүүлж, хэрэглэж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани Монгол банктай албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй. Мэдээлэл нийлүүлж, лавлагаа авдаггүй тул зээлийн мэдээллийн санд тог цахилгааны төлбөрийн мэдээлэл нийлүүлэгддэггүй учраас цахим орчин дахь мэдээлэл цуурхал гэж бодож байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-16 66.181.181.196

Balai batsaanuud ih darga boljee

Avatar

pttl;tux 2019-09-16 183.177.101.106

зээлийн гэрээ нь дандаа нэг талыг буюу зээлдэгч банкны эрх ашгийг хамгаалсан байдаг шүүдээ үүнийгээ хэзэ зогсоох вэ

Avatar

teneg 2019-09-16 202.126.88.176

medeej shuu dee chi hunii mungiig avch baigaa bizdee, teneg yum yarih yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж