Дэлхий ертөнц хөгжин тэлж, өргөжихийн хэрээр түүнийг дагасан асуудлууд урган гарсаар ирсэний нэг нь замын түгжрэл. Өнөөдөр монголчуудын тэр дундаа нийслэлчүүдийн хувьд энэ асуудал иргэдийн уур уцаар барах гол шалтгаан болоод байгаа билээ. Гэр бүлдээ зарцуулах, ажиллаж хөдөлмөрлөх, сурч боловсрох үнэт цагаа бид зам дээр хий дэмий түгжирч өнгөрөөж байна. Жил бүр л энэ тухай ярьж, санаа зовдог ч гоц гойд шийдлийг хараахан олоогүй л байна. Замын түгжрэл нь зөвхөн цаг, мөнгийг үрээд зогсохгүй, агаар орчны бохирдлыг ихээр үүсгэж, үүнээс шалтгаалсан өвчлөлүүд ч нэмэгдэж байгаа юм.
Ингээд дэлхийн хотууд замын түгжрэлээс ангижрахын тулд ямар бодлого шийдлийг хэрэгжүүлж байгаа, мөн эсрэгээрээ замын түгжрэл үүсгэсэн хүчин зүйлүүдийн талаар туршлагыг сонирхуулъя.
Бангкокын замын түгжрэл татварын хөнгөлөлтөөс үүдэлтэй
Тайландын нийслэл Бангкок нь замын түгжрэлээрээ дэлхийд дээгүүрт ордог хотуудын нэг. Тус хотын төвийн дүүргүүдэд амралтын өдөр 10 орчим минут туулах боломжтой зам дээр цаг агаарын таагүй нөхцөл байдалд юмуу ажлын өдрийн оргил цагаар нэг цаг гаран хугацааг зарцуулдаг. Хамгийн түгжрэлтэй гудамжинд нь машины хурд 10 километр цагаас хэтэрдэггүй. Нийт замынх нь урт 4000 км буюу 59 кв.км талбайтай. Харин уг талбай дээр ойролцоогоор 3,2 сая машин байрлуулах боломжтой ч бүртгэлтэй машиных тоо 8,1 сая. Замын түгжрэлээс болж Бангкок хот жилд 10 тэрбум бат буюу монгол мөнгөөр 470 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байна.
Гэтэл дайран дээр давс гэгчээр Тайландын Засгийн газар 2012 оноос анх удаа машин худалдаж авч буй хүмүүсийг татвараас чөлөөлөх хуулийг баталсан байна. Ингээд мэдээж автомашин худалдаж авч буй хүмүүсийн тоо огцом өссөн. Бас нэг асуудал нь Тайландад үл хөдлөх хөрөнгөөс татвар авдаггүй. Уг нь ашиггүй их байдаг ч баячууд нь газрыг ихээр худалдаж аваад хашчихдаг байна.
АНУ Хьюстон хот зам нэмж бариад бурууджээ
Замын түгжрэлийг бууруулахад шинэ зам нэмж барих, өргөтгөх нь хамгийн энгийн шийдэл мэт санагддаг. Гэхдээ энэ нь урт хугацааны оновчтой шийдэл биш болохыг АНУ-ын Хьюстон хотын бодит туршлагаас харж болно. Тус хотын “Katy Freeway” зам нь Хойд Америкийн хамгийн өргөн буюу 26 эгнээтэй зам юм. Энэхүү замыг 2011 онд 2,8 тэрбум ам.доллараар өргөтгөжээ. Харин үүний дараа нөхцөл байдал улам дордож, 2011 болон 2014 оны үзүүлэлтийг харьцуулж үзэхэд өглөө уг замаар зорчих хугацаа 30 хувиар, өдөр зорчих хугацаа 55 хувиар нэмэгдсэн байв.
Европ, Америкийн 38 орон, 200 хотыг хамарсан судалгаагаар 2018 онд замын түгжрэлд хамгийн их цаг зарцуулсан хотуудыг нэрлэхэд эхний 10 хотын найм нь Европын хот байжээ. Дээрх Европын хотуудад нийтлэг ажиглагддаг асуудал нь замын насжилт бөгөөд замууд нь зөвхөн автомашины замаас бүрддэг. Харин орчин үед замууд нь автомашины, нийтийн тээврийн, явган хүний, дугуйн гэх мэт олон төрлийн замын нарийн зохион байгуулалтаас бүрдэж байгаа нь түгжрэлийг бууруулахад нөлөөлж байгааг харж болно. Тиймээс ч Хьюстон хотын 26 эгнээ замын ачаалал улам нэмэгдсэн байна.
Люксембург нийтийн тээврийг үнэгүй болгоно
Люксембургийн өөрийн хүн ам ердөө 600 мянга. Харин хүн амынх нь дийлэнх нь нийслэл рүү ажилдаа явдаг, дээрээс нь бол Франц, Герман, Бельги зэрэг улс орнуудаас 200 мянган хүн өдөр бүр хотын хөдөлгөөнд оролцдог нь түгжрэл үүсэх шалтгаан болдог. Одоогоор тус хотод 20 хүртэлх насныхан нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлдэг бол ирэх 2020 оноос эхлэн бүх насныханд нийтийн тээврийг үнэ төлбөргйү болгох зорилго тавьжээ. Хэрэв ингэж чадвал нийтийн тээвэр нь үнэ төлбөргүй дэлхийн хамгийн анх улс болох юм.
Сөүл хот нийтийн тээврээ хөгжүүлж түгжрэлтэй тэмцэж байна
Сөүл хот 2004 онд замын түгжрэл болон агаарын бохирдлыг шийдвэрлэх шинэ үзэл баримтлал боловсруулснаар дэлхийн хамгийн хямд нийтийн тээвэртэй улсуудын нэг болжээ. Автобусны чиглэлүүдийг метроны системтэй уялдуулсан нь маш сайн үр дүнд хүрсэн байна. 2003 онд Сөүлийн оршин суугчдын 15 хувь нь автобус ашиглаж байсан бол 2012 онд энэ тоо 60 хувьд болжээ. Мөн нэгдсэн нийтийн тээврийн картыг гаргасан бөгөөд энэ картаар такси болон дэлгүүрт ч төлбөр хийх боломжтойгоос гадна банкууд тээврийн хэрэгсэлд ашиглаж болох зээлийн картууд гаргасан зэрэг ажлууд нь иргэдэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг улам хялбарчилж өгсөн байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд хоорондоо тохиролцон, ажил эхлэх болон тарах цагуудыг зөрүүлснээр түгжрэл мэдэгдэхүйц буурчээ. Мөн энэ оноос эхлэн Сөүл хотод цахилгаан автобусууд үйлчилгээнд гарч эхлэсэн бөгөөд цаашдаа хүмүүсийг хувийн машинаас татгалзах нөхцлийг бүрдүүлэхийн тулд автобусны чиглэлүүдийг сайжруулж байгаа юм.
Сингапурт хот руу орохын тулд мөнгө төлөх ёстой
Сингапурын эрх баригчид цэвэр, аюулгүй, түгжрэлгүй газар хүн цуглаж, түүнийгээ дагаж мөнгө орж ирнэ гэсэн үүднээс аливаа бодлого шийдвэрээ гаргадаг учир нэлээд эртнээс зам тээврийнхээ асуудалд нухацтай хандаж иржээ. Үүний нэг жишээ нь хотын аль нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү нэвтрэхийн тулд тээврийн хэрэгслээс тодорхой хэмжээний төлбөр авч зөвшөөрөл олгох журмыг 1975 онд баталсан байна. Яваандаа хөгжсөөр 1998 оноос Замын үнэ тогтоох цахим системийг (ERP) ашиглаж эхэлсэн нь түгжрэлийг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна. Хотын тодорхой бүсүүд рүү нэвтрэх цэгт ERP-ийн мэдрэгч систем, хяналтын камер байрладаг. Автомашинтай иргэд цэг тус бүрээр нэвтрэхдээ өдрийн аль цагт, түгжрэлийн хэмжээ ямар байгаагаас шалтгаалан харилцан адилгүй төлбөр төлдөг. Ингэснээр хүмүүс автомашинаар зорчих цагаа нарийн тооцоолж, шаардлагатай нөхцөлд метро, автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах сонголт хийдэг байна.
Дараагийн арга хэмжээ нь 1990 онд баталсан тээврийн хэрэгслийг журамлах тогтолцоо. Энэхүү журмын дагуу автомашин худалдан авч буй иргэд өмч эзэмших гэрчилгээг авах ёстой бөгөөд тэр гэрчилгээнийх нь тоо хязгаартай байснаар автомашиныг тоог хянаж чаджээ. Тусгай гэрчилгээг 37 мянган ам.доллараар авдаг. Мөн энэ гэрчилгээ нь 10 жилийн хугацаатай бөгөөд эрх баригчид энэ гэрчилгээг олгохын тулд сар бүр дуудлага худалдаа явуулдаг байна. Бага оврын суудлын тэрэгтэй хүн татвар болоод импортын хураамжид 100 мянган сингапур доллар буюу 74 мянган ам.доллар зарцуулдаг. Гэхдээ энд машины гэрчилгээний үнийг нь оролцуулаагүй. Ийм учраас машин барихын тулд маш их зарлага гаргана гэсэн үг. Нөгөө талаар, машины тоог нэмэгдүүлэхгүй гэсэн бодлогоос шалтгаалан, Сингапурт дунд зэргийн машин АНУ-д зарагддаг үнээс 4 дахин өндөр үнэтэй байдаг гэнэ.
Лос Анжелесын ухаалаг гэрлэн дохионы систем
Лос Анжелест ухаалаг гэрлэн дохионы систем нэвтэрснээр нэг жилийн хугацаанд жолооч нар 1,3 тэрбум ам.долларыг хэмнэдэг болжээ. Бараг 30 жил үргэлжилсэн энэ нүсэр ажилд нийтдээ 400 сая ам.долларыг зарцуулжээ. Замын уулзвар болгон дээр замын хөдөлгөөний нөхцлийг секунд тутамд дамжуулдаг мэдрэгч төхөөрөмжүүдийг суурилуулаад хотын төв хэсэгт газар дор байрласан удирдах төвийн компьютерууд ирсэн бүх мэдээллийг хүний оролцоогүйгээр задлан шинжилж шийдлийг гэрлэн дохионуудад буцаан илгээдэг байна. Хэрэв тухай замаар автобус явж байвал түүнийг саадгүй өнгөрөөх нөхцлийг ухаалаг гэрлэн дохио зохицуулдаг. Сүүлийн жилүүдэд Моска хот ч бас ухаалаг гэрлэн дохионы системийг хэд хэдэн хотдоо туршиж, тодорхой үр дүнд хүрээд байгаа юм.
Ажлын өдөр Лондон хотын төв рүү ороход төлбөр төлдөг
Лондон хотод 2003 оноос эхлэн хотын төв хэсэг буюу түгжрэл ихтэй бүс рүү ажлын өдрүүдэд 07.00 – 18.00 цагийн хооронд нэвтэрсэн тээврийн хэрэгсэл 13 еврогийн төлбөр төлөх журмыг хэрэгжүүлжээ. Мөн хотын төв рүү нэвтэрч буй тээврийн хэрэгслийн утаа ялгаруулалт тогтоосон стандартад нийцээгүй тохиолдолд нэмж 14,1 евро төлөх, такси хөлсөлж хотын төв рүү орвол төлбөр төлдөггүй байсныг цуцлах арга хэмжээг авчээ. Энэ бүсэд орсон, дөрвөөс дээш жилийн наслалттай, дизель машинууд, 13-аас дээш жил ашигласан бензин хөдөлгүүрт машинууд өдөр бүр 14,1евро төлөх ёстой юм.
2017 оны судалгаагаар тус хотын төвийн замын түгжрэл 10 жилийн өмнөхөөс 22 хувиар буурч, нийтийн тээврийн ашиглалт 10,5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн хотын төв рүү хувийн машинтайгаа орох нь 2002-2014 оны хооронд 39 хувиар буурч, 2015-2016 онд дугуй унадаг хүний тоо 9 хувиар нэмэгдсэн байна. Гэвч 2018 оны судалгаагаар Лондон түгжрэлд хамгийн их цаг зарцуулсан хотуудын зургадугаарт жагсав. Лондоны оршин суугчид жилд 227 цагийг зам дээр өнгөрөөдөг аж. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй интернет худалдаа, “Uber” зэрэг такси дуудлагын үйлчилгээ нь түгжрэлийн нэг эх үүсвэр болж байгаа аж.
Нью-Йорк тусгай бүс рүү нэвтэрсэн тээврийн хэрэгсэлд төлбөр ногдуулна
Нью-Йорк хот Лондоны жишгийг дагаж 2021 оноос эхлэн Манхэттены зарим бүс рүү нэвтэрсэн тээврийн хэрэгсэлд төлбөр ногдуулахаар болсон байна.Нэлээдгүй маргаан дагуулсан уг асуудал сүүлийн 10 жилийн турш яригдаж байгаа аж. 2018 оны байдлаар Нью-Йорк дахь автомашины дундаж хурд 7,5 км цаг болж буурсан байна. Шинэ төлбөрийн системийн хэрэгжсэнээр ирэх таван жилд Нью-Йорк хотын метроны системийг сайжруулахад зайлшгүй шаардлагатай байгаа 15 тэрбум долларын санхүүжилтийг бүрдүүлнэ гэж төлөвлөжээ.
Төлбөрийн системийг дэд бүтэцтэй хослуулсан Стокгольм хот
Шведэд хүмүүс өдөр бүр машинаа унадаггүй. Үүний оронд автобус, трамвай, метро ашигладаг бөгөөд харин амралтын өдрүүдэд хотоос гарахдаа л машинаа унадаг гэнэ. Оргил цагаар хотын төвөөр зорчих бол төлбөр төлдөг журамтай. Үүний үр дүнд замын түгжрэл 25 хувиар буурч, нийтийн тээвэр ашиглалт 50 хувиар нэмэгдсэн байна. Зөвхөн хязгаарлалт төдийгүй дэд бүтцийн өөрчлөлтүүдийг хийж, гүүр, тээврийн хэрэгслийн хурд сааруулагч, гэрлэн дохио бүхий 12,5 мянга гаруй явган зорчигчийн гарц нэмж хийснээр явган зорчигчийн тоо ч эрс нэмэгджээ.
Мадрид хот хязгаарлалтаар түгжрэлээ шийджээ
Тус хот нь агаарын бохирдол болон замын түгжрэлтэй тэмцэхийн тулд 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн хотын төв хэсэгт хуучин бензин болон дизель хөдөлгүүртэй машинууд зорчихыг хориглосон байна. Үр дүнд нь нийтийн тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэж, замын түгжрэл багасч, агаарын бохирдлын түвшин 32 хувиар буурчээ.
Тухайлбал хотын төв хэсэгт 2000 оноос өмнө бүртгэгдсэн бензин хөдөлгүүрт автомашин, 2006 оноос өмнө бүртгэгдсэн дизель машин зорчихыг хориглож, хос хөдөлгүүрт машинууд энэ нутаг дэвсгэрт нэвтэрч болох ч хоёроос илүүгүй цаг байх ёстой гэсэн хязгаарлалт хийжээ. Харин хотын төвд амьдардаг оршин суугчдын автомашин энэ хязгаарлалт хамаарахгүй аж.
Холбоотой мэдээ