ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хүсэлтээр “Эрдэнэт" болон “Монголросцветмет”-эд тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дахин зургаан сараар сунгах шийдвэрийг гаргасан.
"Эрдэнэт үйлдвэр"-т онц дэглэм тогтоод зургаан сар өнгөрсөн. Өнгөрсөн гуравдугаар сард ЗГХЭГ–ын дарга Л.Оюун-Эрдэнээр удирдуулсан албаныхан "Эрдэнэт" үйлдвэрт "тусгай ажиллагаа" явуулж, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон билээ. Тэгвэл дахин зургаан сараар онц дэглэмийг сунгах болсны ард МАН-ынхны олиггүй хулгай нуугдаж байна уу гэх хардлага ч байна. ЗГХЭГ–ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа “Онцгой дэглэм тогтоосноор үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн хэдий ч шалгалтын актаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардлагатай байна. Мөн холбогдох албан тушаалтнууд мөнгө угаалтын схемд оролцсон байж болзошгүй гэж үзэж байгаа. Уг асуудлыг мөн шүүхэд шилжсэн учир тодорхой хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа учир “Эрдэнэт" үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах шаардлагатай" гэдгийг тодотгосон.
Гэтэд Засгийн газар үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон өнгөрсөн зургаан сарын хугацаанд яг юу хийв, үйлдвэрийн нөхцөл байдал, санхүүгийн ил тод байдалд ямар өөрчлөлт гарав гэдэг мэдээлэл олон нийтэд тун бүрхэг байгаа. Ямартай ч онцгой дэглэм тогтоосон дээрх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь ТӨҮГ болгож, дүрмийг нь баталж, ингэснээр үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж буй. Үүнээс өөрөөр тодорхой мэдээллийг Засгийн газраас өгөхгүй байгаа нь холбогдох хуулиа зөрчсөөр буй. Тодруулбал, Улсын Бага Хурлаас 1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 3-т “Үйлдвэрийн газар, байгууллагад тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг сар бүр Улсын Бага Хурал, олон түмэнд мэдээлж… байхыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай…” гэж заажээ. Үүний дагуу Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн талаар өнгөрсөн зургаан сард олон нийтэд мэдээлсэнгүй. Энэ тухай АН-ынхан ч мөн шүүмжилж буй.
ЗГХЭГ–ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрт авсан онцгой дэглэмийн талаар ярих бүртээ “Хуулийн шүүхийн байгууллага шалгаж байгаа” гэдгээс өөрөөр тодорхой зүйл хэлдэггүй. Тухайлбал, онцгой дэглэм тогтоосон хугацаанд Жастын Ш.Батхүүгээс өр төлбөрийг барагдуулж аваагүй байна. Мөн онцгой дэглэм тогтоосноор үйлдвэрт сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ хийгдсэн тухай албан бус мэдээлэл ч бий. Үндсэндээ 402.4 сая ам.доллартой холбоотой мөнгө угаалтын схемийг шалгуулахаар шүүхэд шилжүүлсэн" гэдгээ зарласан. Гэвч, Ш.Батхүүгийн хөрөнгийн хураах нь бүү хэл хөөн хэлэлцэх хугацаагаар ялгүй болох мэдээлэл улс төрийн хүрээнээс сонсогдоод удаж байгаа юм.
Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаа Тагнуулын Ерөнхий газар, Сангийн яамны хяналт дор явагдаж байгаа ч сонгон шалгаруулалтын мэдээлэл нь хаалттай мөн "Эрдэнэт" ТӨҮГ Шилэн данс огт хөтөлдөггүй. Энэ бүхнээс харахад онцгой дэглэмийн цаана Засгийн газар "Эрдэнэт" үйлдвэрийг сонгуульд ашиглахаар санхүүжилтээ босгох гэж байна гэсэн хардлага олон нийтийн дунд ч бий. Онцгой дэглэм авалгүй хоёр долоо хоногийн хугацааг алдсан бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь 100 хувь Сингапурын мэдэлд шилжих байсан гэж Засгийн газар наад талдаа өнгөт мэдээлэл өгч байгаа ч онцгой дэглэм тогтоосон хаалганы цаана юу явагдаж байгаа нь хаалттай. "Үйлдвэр өртөг, зардлаа танах бодлогыг барьж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын төсөвт 688 тэрбум төгрөг төвлөрүүлсэн" гэдгийг өнгөрсөн баасан гаригийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн хэлсэн.
УИХ-аас "Эрдэнэт" үйлдвэрийг шалгах ажлын хэсэг байгуулагдаад жил дамнаж байгаа ч өнөө хэр дүгнэлт нь ч УИХ-аар ороогүй байгаа. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр санхүүгийн холбоотой материалуудаа ажлын хэсэгт өгөхгүй байгаа гэдгийг ч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлж, Х.Бадамсүрэн захирлаас санхүүгийн материалуудаа өг гэж шаардаж буй. Нөгөөтэйгүүр "Жаст"-ын Ш.Батхүүд зээл авахад нь зуучилсан бүх хүний хөөн хэлэлцэх хугацаа энэ сард дуусах гэж байгааг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн.
Энэ мэт төр "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь өөрийн мэдэлдээ авсан атал нөхцөл байдал хэвээр, шийдлээ хүлээсэн асуудлууд нь хойшилсоор байгаа нь онцгой дэглэм нэрийн цаана эрх баригч нам 2020 оны санхүүжилтээ босгож байгаа юм биш биз. Учир нь үеийн үед "Эрдэнэт" үйлдвэр ялсан намыг тэжээж ирсэн. Энэ утгаар нь хардвал, онц дэглэмийн цаана МАН-ын олиггүй хулгай л нуугдаж буй мэт.
Холбоотой мэдээ