Хичээлийн шинэ жил эхлээд гурван долоо хоног өнгөрч байна. Гэвч, зарим сургуулийн хүүхдүүд сурах бичгээ одоо ч гар дээрээ аваагүй байгаа юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019-2020 оны хичээлийн жилд 640 орчим мянган хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцах урьдчилсан статистикийг гаргаад буй. Өнөөдрийн байдлаар нийт сурагчдын 459 мянга нь үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглаж байгаа бол 6-12 дугаар ангийн 181 мянган сурагчдын гар дээр сурах бичиг нь очоогүй байна. Энэ нь нөгөө л сурах бичиг хэвлэх тендертэй холбоотой.
Энэ жилээс эхлэн сурах бичгийг номын сангаар дамжуулан сурагчдад түрээслэх шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гаргасан. Одоогоор санхүүжүүлэгч олон улсын байгууллага болох Азийн хөгжлийн банкны зөвшөөрлийг хүлээж байгаа. Тиймээс сурах бичиг хэвлэх ажил эхлэлгүй удааширч буйг салбар яамны мэргэжилтнүүд учирлав.
“ТЕНДЕРТ ШАЛГАРСАН КОМПАНИЙН НЭРСИЙГ ЗАРЛАХ БОЛОМЖГҮЙ”
Салбар яамнаас сурах бичиг хэвлэх гурван тендерийг долдугаар сард зарлаж, наймдугаар сард үнэлгээ хийсэн байна. Ингээд найман тэрбум төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас (АХБ) гаргахаар болжээ. Азийн хөгжлийн банкнаас БСШУСЯ-ын зохион байгуулсан тендер шалгаруулалтыг хянаж зөвшөөрөл олгох ёстой. Тиймээс санхүүжүүлэгч байгууллагын хариуг хүлээж байгаа гэнэ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын мэргэжилтэн Р.Балжиннямаас сурах бичгийн хэвлэлт удаарширч буйн шалтгааныг “Азийн хөгжлийн банкнаас өөрийн тавьдаг шаардлагадаа нийцүүлэх үүднээс хоорондоо дахин хэлэлцэж, ярилцах зүйл олон гарч байна. Сурах бичиг хэвлэх тендерийг шалгаруулсан ч санхүүжүүлэгч байгууллага хянаж, шалгах ёстой. Тэгэхээр Азийн хөгжлийн банкны зөвшөөрөл авах эрхийг хүлээж байна. Салбар яамны зүгээс хичээлийн шинэ жил эхэлсэн учраас яаралтай сурах бичгээ хэвлэх хоног хугацааг нь наашлуулах боломж байна уу гэдэг хүсэлтийг тавьж байна" гэж тайлбарлав.
Мөн шалгаруулалтын явц, дүнг АХБ хянаж байгаа учраас тендерт шалгарсан компанийн нэрсийг нууцлаад " Улсын төсвийн хөрөнгөөр хэвлэн нийлүүлэх ажлыг салбар яамнаас зохион байгуулж, энэ жилийн хувьд 1-12 дугаар ангийн нөхөн хангалтын бүх сурах бичгийг 3.6 тэрбум төгрөгөөр хэвлэн нийлүүлсэн. Сурагчдын тооны өсөлт, сурах бичгийн элэгдэл хорогдлыг тооцож, сурах бичгийг дахин хэвлэх шаардлага жил бүр гардаг" гэв.
ЕБС-УУДАД ИРЭХ АРАВДУГААР САРААС ТҮРЭЭСИЙН СУРАХ БИЧИГ ТҮГЭЭНЭ
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол”-ыг өнгөрөгч гуравдугаар сард баталсан. Үүнтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар “Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах журам”-ыг гаргасан.
Бага ангийн сурагчдын сурах бичгийг улсаас 100 хувь хангадаг хэвээр гэнэ. Мөн дунд болон ахлах ангийн сурагчдын амьжиргааны төвшинг харгалзан 40 хувь нь үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглах аж. Харин номын дэлгүүрүүдээс сурах бичгээ худалдан авдаг, үлдсэн 60 хувь буюу 181 мянган сурагчид сурах бичгээ түрээслэхээр болжээ.
БСШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулж, мэдээлэл авахад “Өнгөрсөн 2009 оноос эхлэн бага ангийн сурах бичгийг 100 хувь, дунд болон ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс үнэ төлбөргүй хангаж ирсэн. Тухайн сургуулиас нь нийгмийн зорилтот бүлгийн сурагчдаа тодорхойлоод, сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулж, үлдсэн 60 хувь нь зах зээл дээрээс сурах бичгээ худалдан авдаг байсан. Сурах бичгийн үнэ 2009 оноос хойш 1200-5000 төгрөгийн үнэ байгаа. Ийм үнээр10 жил зарсан. Дунд болон ахлах ангийн нэг сурагч бүх хичээлийн сурах бичгээ худалдан авах юм бол 50-60 мянган төгрөг болдог байсан. Сурах бичгийг зах зээл дээр худалдаалахаар номын бизнес эрхлэгчид үнэ нэмж, дамлан худалдах, сурах бичгийн зохиомол хомсдол үүсгэх олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Сурах бичиг зах зээл дээр үндсэн үнээрээ зарагдахгүй байгаа учраас эцэг, эхчүүдийг хүүхдэдээ сурах бичиг худалдан авах сонирхолгүй болгож байна.
Сурах бичгийн төлбөр тухайн сурах бичгийн үнийн 40 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, 1200 төгрөгийн сурах бичгийг номын сангаас авч ашиглахдаа 500 орчим төгрөг төлнө гэсэн үг. Яагаад номны үнийн 40 хувиас хэтрэхгүй үнээр түрээслэхээр болсон бэ гэхээр эхний жил сурагчид цоо шинэ сурах бичиг ашиглана. Тиймээс ирэх намар сурагчид 40 хувиас буурч, 36 хувьтай тэнцэх үнээр, дөрөв дэх жилээс 20 хувь хүртэл буурах буюу ашигласан хугацаанаасаа хамаарч төлбөрийн хэмжээ харилцан адилгүй тогтоно” гэлээ.
СУРАХ БИЧГИЙН ТЕНДЕРТ 4-5 КОМПАНИ ТОГТМОЛ ШАЛГАРДАГ
Сурах бичгийн тендерийн маргаан өнгөрсөн жил нэлээд сунжирч, 24 сурах бичиг хэвлэгдээгүй гэх мэдээлэл гарсан. Тухайлбал, XII ангийнхны үзэх ёстой найман ном, тусгай хэрэгцээт боловсролын гурван ном, VI, VII ангийн уран зохиол, монгол хэл, бичгийн ном тендерийн хэрүүлээс болж хэвлэлт нь нэлээд сунжирчээ. Гэтэл энэ жил хичээл эхлээд гурван долоо хоногтоо орж байхад сурах бичиг хэзээ сурагчдын гарт очих нь бүрхэг хэвээр.
Сурах бичгийн тендерт жил бүр 10 орчим компани өрсөлддөгөөс 4-5 компани нь тогтмол тендер авдаг байна. Жишээлбэл, “Содпресс”, “Эдмаркет”, “Адмон принт”, “Битпресс”, “Сэлэнгэ пресс”, “Тэнгэрлэг үсэг”, “Мөнхийн үсэг”, “Соёмбо принтинг” компани гэх мэт. Эдгээрээс тендерийн шаардлагыг бүрэн гүйцэт хангасан, хамгийн бага үнийн санал өгсөн компанийг нь салбар яам шалгаруулдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Тэрнээс биш ганц нэг том компанид сайн дураараа тендер өгсөн зүйл байхгүй гэдгийг мэргэжилтэн хэлж байлаа.
Холбоотой мэдээ