Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, Ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлалт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ хийлээ. Энэ удаагийн өөрчлөлтийг та гардаж хийсэн хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ?
-Хэт туйлшраагүй боломжийн хувилбар болсон гэж үзэж байна. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь бидний анх өргөн барьсан төслийн 80 орчим хувь нь дэмжигдэж, 1992 оны Үндсэн хуулийн суурь үзүүлэлтийг улам баяжуулсан, ардчиллыг бататгаж бэхжүүлсэн өөрчлөлт болсон. 2000 оны дордуулсан хэмээх долоо өөрчлөлтийг засч, найруулсан. Тухайлбал, хуулийг батлах босгыг өндөрсгөн, давхар дээлийг хязгаарласан. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын хариуцлага, төсөв батлах хариуцлага нэмэгдэж байна. Төрийн хөгжлийн бодлого урт удаан хугацаанд тогтвортой байх заалтуудыг оруулж, төсвийн сахилга хариуцлагагыг нэмэгдүүллээ. Хамгийн гол заалт нь байгалийн баялаг эзэнгүйдэж байгаа, ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалт алдагдаж байгаатай холбоотой тодорхой заалтуудыг урт удаан хугацаанд, бодлогоор явуулах, эрүүл аюулгүй орчин амьдрах иргэдийнхээ эрхийг хамгаалж, үндэсний баялгийн сан байгуулж иргэдд тэгш, хүртээмжтэй хүргэх заалтууд орлоо. Ард түмэн тугаар тогтносон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой ямар нэг санал асуулга явуулахыг хориглож өгсөн. Мөн гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой байлгахтай холбоотой Засгийн газрыг огцруулахыг нийт гишүүний олонхын саналаар, Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг оруулах, дэмжлэг аваагүй бол огцруулах, Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол УИХ-ыг тараах механизмуудыг оруулж өгсөн. Энэ мэт
Үндсэн хуулийн зүйл, заалт болгон урагшаа харж, урагшилсан шинэчлэл болж чадсан.
Зарим нь эрс шинэчлэл хийсэнгүй гэж их шүүмжилж байна. Гэхдээ эрс шинэчлэл их осолтой. Бид өнгөрснөө цэгнэж, хэмжиж, огтолж гарцаагүй ийм өөрчлөлт хийх ёстой юм байна гэсэн шинэчлэлийн үзэл санааг шингээсэн заалтуудыг оруулсан.
-Та анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж байсан цөөн гишүүний нэг. Анх өргөн баригдсан төсөл Зөвшилцлийн ажлын хэсэг, ажлын хэсгийн явцад багагүй өөрчлөлт орлоо. Энэ удаагийн өөрчлөлтийг хувь хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногт Ардчиллын өдрүүдийг тэмдэглэлээ. Энэ үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эхийг баталж, ард түмнээс асуухаар болж байна. Анх Үндсэн хууль батлахын тулд тухайн үедээ Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэлцэж, Улсын их хуралд оруулж байлаа. Ард нийтийн санал асуулга асууж байсан. Үндсэн хууль бол ард түмний бүтээл. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт бол 1992 оны хуулийн суурь бүтэц, үзэл баримтлалыг баяжуулсан хууль болсон гэдгийг би нүүр бардам хэлнэ. Миний хувьд энэ удаагийн өөрчлөлт ардчиллын хувьд ухраагүй, 80 хувьд нь боломжийн өөрчлөлт орсон гэж дүгнэнэ. Ганц ухарсан зүйл гэвэл намын гишүүдийн тоог нэмэх буюу босгыг өндөрсгөх асуудал.
–Олон нийтийн зүгээс болон судлаач, хуульчдын зүгээс шүүх эрх мэдэлтэй холбоотой шүүмжлэлүүд их өрнөлөө. Анх өргөн баригдсан зарим заалтууд хэлэлцүүлгийн шатанд хасагдсан?
-Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэхтэй холбоотой Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн хариуцлагын хорооны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, Шүүхийн үндсэн тогтолцоог шинээр бий болгож байна. Энэ бол шүүх эрх мэдлийн салбарт шударга ёсны баталгаа болох, шүүх эрх мэдлийн салбарт томоохон алхам хийж байгаа гэж ойлгож байгаа.
-Ерөнхийлөгч, Ардчилсан намын зүгээс сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгахыг бас нэлээд шахах шиг болсон?
-Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо нэмэгдүүлэх тал дээр Ардчилсан нам сэтгэл дундуур байгаа. Харин олон нийт хүлээж авахгүй нь ажиглагдсан. Алс хэтдээ гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын дархлааг сайжруулах, нэг гишүүнд ногдож байгаа төвлөрөлийг багасгах зэрэг асуудлуудыг хөндөж байгаа ч өнөөдрийн цаг үе нь болоогүй юм байна гэсэн утгаар нь өөрчлөлт оруулаагүй. Олон нийтээс авсан судалгаа, УИХ-ын гишүүдийн ерөнхий байр суурийг харж байхад ч дэмжигдэхээргүй байсан. Сонгуулийн хуульд дуртай цагтаа өөрчлөлт оруулах байдлыг таслан зогсоож, УИХ-ын сонгуулийн хуульд сонгууль болохоос нэг жилийн өмнө гар хүрэхгүй гэдэг заалт оруулж өгсөн. Өнгөрсөн хугацаанд 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийг өөрчлөхийг шаардсаныг, байгалийн баялагтай холбоотой заалтыг оруулж гэснийг, УИХ-ын гишүүдийг эгүүлэн тат гэснийг, хариуцлагыг нэмэгдүүлж, төсвийг тал тал тийш нь чангаадгийг болиулах, Засгийн газрыг тогтвортой байлгах зэрэг олон түмний хүсч байсныг оруулсан. Ард нийтийн санал асуулгад тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлаа баталгаажуулсныг оруулах шаардлагатай. Зарим хүмүүсийн санаанд хүрээгүй гэж байгаа ч тэдний саналыг УИХ дээр болоод ард түмэн дэмжихгүй байна шүү дээ.
-Бусад өөрчлөлтүүдийн хувьд ямар дэвшил гарсан бэ?
-Орон нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлыг хангахтай холбоотой зарчмын шинжтэй хоёр том асуудлыг оруулсан. Төсөв хөрөнгө, өмчийн удирдлага, татвар хураамж, бусад орон нутгийн бие даасан онцлогтой холбоотойгоор эрх мэдлийг орон нутагт нь өгч, хариуцлагыг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцлага, эрх мэдэл хоёрыг нь тэнцвэржүүлж өгч байгаа юм. Мөн хот тосгоны эрх зүйтэй холбоотой заалт олон жил олон нийт ярьсан. Үүнийг нь энэ удаагийн өөрчлөлтөөр нээж өгч байгаа. Мөн улс төрийн намуудын хариуцлагатай холбоотойгоор намын гишүүдийн тооны босгыг өндөрсгөх заалт оруулж өгсөн. Энэ заалтыг хүний эрхтэй холбоотойгоор их шүүмжилж байгаа. Ер нь бол улс төрийн нам бодлогынх байх, ардчилсан зарчимд нийцэж үйл ажиллагаагаа явуулах, санхүү нь ил байх зэрэг энэ бүхнийг энэ удаагийн өөрчлөлтөөр сайжруулж өгсөн. Улс төрийн намын хариуцлага сайж байжийж сая төрийн тогтолцоонд гүйцэтгэж буй улс төрийн намуудын үүрэг сайжирна.
-Ард нийтийн санал асуулга авах хугацаа хэр боломжтой вэ?
-Төрийн эрх мэдлийн хариуцлагын тогтолцоо сайжирч, бүх шатанд хариуцлага дээшлэх, ингэснээр улс орны хөгжлийг урагш ахиулж, хүний эрхийн баталгааг сайжруулсан алхамууд болсон. Хүний эрхийн хэсэг ийм, тийм эрхтэй гэж зааснаар сайжирдаг бус хүний эрхийг баталгаатай хангах тэр баталгааг нь улс төрийн хувьд хууль зүйн бататгаж өгснөөр тал талдаа ажлын хариуцлага сайжирч, бодлоготой, тогтвортой болно гэсэн ерөнхий үзэл баримтлалын хүрээнд хийгдэж, УИХ уг эхийг нь баталлаа. Одоо түүхэндээ ард иргэд, Монгол Улс хоёр дахь удаагаа хууль тогтоох үйл ажиллагаанд өөрсдийн биеэр оролцох Ард нийтийн санал асуулга хийх гэж байна. Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гарснаас хойш 45 хүртэл хоногийн дотор зохион байгуулах хуулийн заалттай, хугацаа боломжоо Сонгуулийн хороо тооцоолж, УИХ-д оруулж ирснийг баталсан.
-Ард нийтийн санал асуулгын эх батлагдсан. Гэхдээ иргэдийн хувьд ямар өөрчлөлт орж байгаа, агуулга нь юу байх, юу нь хасагдаж, дэмжигдсэн гээд мэдээлэл муутай байх шиг байна. Ийм үед Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв үү?
-Ард нийтийн санал асуулгын эх батлагдсанаас хойш гурав хоногийн дараа албан ёсоор нийтлэгдэж, олон нийтэд хүрэх хуулийн заалттай. Үүний дагуу нийтлэгдэж, иргэдийн гар дээр ямар ямар өөрчөлөлт орж байгаа, ямар заалтыг яаж өөрчилсөн бэ гэдэг нь тодорхой болно. Тиймээс иргэд сайн танилцаж, саналаа өгөх нь зөв. Өөрчлөлтийг тэнгэр харж хийгээгүй, олон парламентаар хөндөгдөж, иргэдийн дунд байнга яригдаж, эрдэмтэн судлаачид зүйл заалт бүрээр нь судалгаа хийчихсэн, иргэдийн гэр дотроо ярьдаг, олон жил хийнэ гэж ярьсан зүйлүүдийг л энэ удаагийн өөрчлөлтөд оруулсан. Ер нь бол сүүлийн хэдэн жил маш их хэлэлцүүлэг хийгдсэн, хамгийн сүүлд гэхэд гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй гэдгээ олон нийт илэрхийлсэн, гишүүдийн тойргийн уулзалт бүр дээр хэлсэн. Иргэдийн санал бүр дээр явж буй.
-Зарим нэг заалтыг дэмжмээр байсан ч зарим заалтуудыг дэмжих боломжгүй гэсэн эргэлзээ төрвөл яах вэ?
-Төслийн эхтэй маш танилцаж, цэгнэж байгаад л сонголтоо хийх хэрэгтэй. Заавал дэмж гэж бид хэлэхгүй. Ард нийтийн санал асуулга хоёр өдөр үргэлжилнэ. Тиймээс иргэд хууль тогтоох үйл ажиллагаанд анх удаа, шууд оролцох гэж байна, энэ эрхээ хэрэгжүүл.
-Ард нийтийн санал асуулга явуулна, гэхдээ санал асуулгын зардал хэт өндөр, нөгөө талаас Засгийн газар мөнгөгүй гэх мэт асуудал үүсээд байх шиг байна. Гэхдээ санал асуулгыг 29 тэрбумаар хийнэ гэдэг бол өндөр тоо гэж гишүүд их шүүмжилж байна?
-Засгийн газар, Сонгуулийн хороо судлаад төсвөө оруулж ирнэ. 29 тэрбум төгрөг гэж орж ирснийг гишүүд маш өндөр байна, буулгах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Удахгүй Засгийн газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтраад дахин оруулж ирнэ. Гэхдээ хүрэлцэхгүй байснаас хэтрүүлсэн нь дээр, тэглээ гээд хэт өндөр дүн төсөвлөж болохгүй.
-Санал асуулгын ирцийн хувьд?
-Нитй сонгуулийн насны иргэдийн 50+1 гэсэн ирцээр санал хураалтын босгыг тооцно. Тэгээд тэр санал асуулгад оролцсон иргэдийн мөн л 50+1-ийн саналаар санал асуулга хүчинтэйд тооцогдоно.
-Ард нийтийн санал асуулгаар дэмжинэ эсвэл дэмжихгүй гэсэн аль ч шийдвэр гарсан цаашид процессын хувьд юу болох вэ?
-Хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, Ард нийтийн санал асуулгын эхийг баталсан. Энэ эхийн дагуу ард түмэн дэмжинэ гэвэл дараагийн хэлэлцүүлэгт орохгүйгээр УИХ, Ерөнхийлөгч ёсчилно. Өөрөөр хэлбэл, Ард нийтийн санал асуулгын эхэд ямар нэг өөрчлөлт оруулахгүйгээр зөвхөн ёсчилно. Хэрэв дэмжихгүй гэвэл дараагийн найман жил Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулахгүй.
-Засаглалын хэлбэрийг Ард нийтээс асуух Ерөнхийлөгчийн саналыг яах вэ?
-Санал орж ирж болно. Гол нь хуульдаа нийцэж байна уу, үгүй юу гэдэг л асуудал. Үндсэн хуулийн 68-р зүйл “Зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр” гэж заасан байгаа учраас энэ удаагийн Ард нийтийн санал асуулгад оруулах ямар ч боломжгүй.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ