Дөнгөж сургуулиа төгссөн залуус Монголд ажилд орох гэж үйлээ үзэж байна. Аав ээжээ зулгаан байж дөрвөн жил сурчихаад ажилгүй гээд гэртээ хэвчихнэ. Аль эсвэл худалдагч, үсчин, менежер, ачигч гээд аар саархан ажил хийж амьдралаа залгуулна. Ар өврийн хаалга, атгуулах хэдэн цаасгүй л бол ажил олдоно гэж үгүй. Хуучин цагт Монгол Улсын Их Сургууль төгсөөгүй бол ажилд ороход хэцүү байсан бол өнөө үед гадаадын нэртэй сургууль төгссөн ч ажил олдохоо байсан тухай залуус халаглан ярьж байна.
АЖИЛД ОРОХОД ТАНИЛ ТАЛ, ТУРШЛАГА ХЭРЭГТЭЙ
Өнгөрсөн жил нэгэн танилтайгаа таарав. Америкт эдийн засгийн чиглэлээр Их сургууль төгсөж ирээд, Монголын нэгэн Төрийн байгууллагад анкет бөглөжээ. Удахгүй ярилцлагад дуудна гэсэн тул тэвчээртэй хүлээв. Гэтэл хоёр сар өнгөрсөн байхад хариу ирсэнгүй. Ингээд байгууллагын хүний нөөцтэй очиж уулзахад, хүлээж бай гэсэн хариу өгөв. Энэ байдал ахин хоёр, гурван сар үргэлжлэв. Сургуулиа төгсөөд хагас жил болоход ажилд ороогүй л байлаа. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл дахиад хэдэн ч жил болох янзтай. Тиймээс танил талаараа хөөцөлдөж эхэлжээ. Хөөцөлдөх ч гэж дээ, ганц утас цохиод бараг хоёр хоногийн дараа ажилд орчихсон гэв.
Уг нь залуу хүн байна даа, гадаадад төгссөний хэрэг юу билээ, арын хаалга хэрэглэхгүй гэж боджээ. Гэтэл Монголд мэдлэг, чадвараас илүү танилын хүрээ хэрэг болж байна.
Бас болоогүй, нэг намын харьяанд очихгүй бол амьдрал дээшлэхгүй нь ээ гээд тэр их л сандруу явж байв.
Бас нэгэн жишээ дурдахад, Монголд уул уурхайн чиглэлээр төгссөн залуу энд тэнд хэдэн анкет бөглөв. Хариу байдаггүй. Тэгэхээр нь ОХУ-ын томоохон хотод уг чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. Монголдоо ирээд ажлын ярилцлагад нүүр бардам орлоо. Гэтэл түүнээс ажлын туршлага нэхсэн байна. Дөнгөж сургуулиа төгссөн залуу хүн хэдийдээ ажиллаж амжих вэ. Арайхийж нэг цалин гайгүй ажилд орлоо гэхэд гурван хүний ажил ганцаар хариуцах болж. Гурван хүний ажил хийгээд сая төгрөг авах уу, гадагшаа явж таван саяын хар ажил хийх үү. Мэдээж тэр хоёрдахь сонголтыг хийсэн. Энэ мэт ажилгүйдэл, ажлын байр, хөдөлмөрийн үнэлгээ, зохицуулалт тойрсон жишээ Монголд олон.
ХӨДӨЛМӨРИЙН ЗӨВ ҮНЭЛЭМЖ ЧУХАЛ
Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй, ажилгүй иргэд 32 мянга байна. Үүний 60-аад хувь нь залуучууд. Үүний цаана бүртгэлгүй хэчнээн мянган хүн байгааг хэлж мэдэхгүй. Залууст яагаад ажил олдохгүй байна вэ. Тэд ажил голооод байна уу эсвэл тэнцэхгүй байна уу. Тэнцэхгүй гэж үзвэл, Монголчууд яагаад Солонгост очоод хамгийн сайн ажилчин болчихдог юм бэ.
Ерөөс тэд ажилд тэнцэхгүй байгаа юм биш. Харин тэдний хөдөлмөрийг Монголд зөв үнэлж чадахгүй байгаа юм.
Ажил олгогч нар туршилтын хугацаа гэдэг нэрийн дор гурван сар цалингүй ажиллуулаад халж байна. Мал, нохой мэт зүтгүүлээд хэдхэн төгрөгөөр хуурч байна. Амьдралд хүрэхгүй цалингаар байрны зээлээ төлөөд үлдсэн хэдээр унаа, хоолоо залгуулах гэж тоо бодсоор толгой тархи нь гашилж байна. Зээлээс зээлийн хооронд амь зууж байна. Ийм байхад тэднээс шинэ санаачилга, ажлын бүтээмж гарна гэж үү.
Гэтэл нөгөө талдаа ажил олгогч нар Монгол залуусын залхуу, хойрго, тогтвор суурьшилгүй, өдөр хоног аргацаасан байдлыг гайхна. Ингээд ажил хайгч болон горилогчид хоёр тийш нь хараад суучихна. Энэ дунд Хятад ажилчид манайд ирж, Монгол залуус Солонгос явж, Монгол ажиллах хүчний “хямрал”-д орж эхлэх вий.
Социализмын үеийн залуус нэг талаар азтай юм. Сургууль төгсөж ирэхэд Яам мэргэжлийн чиглэлээр ажлын байранд томилно. Байр орон сууцаар хүртэл хангана.
Тэгэхээр одооны залуус ажилд тэнцэхгүй байгаа юм биш, харин шударгаар үнэлэх ажил олдохгүй байгаа юм. Авсан цалин амьдралд хүрдэг, ар гэртээ санаа зовох зүйлгүй бол ямар ч хүнд ажиллах, зүтгэх чадал бий. Заавал гэр орноосоо хол, хүний нутагт өлсөж, даарахын хэрэг юу билээ.
ХОТЫН ТӨВЛӨРӨЛИЙГ БУУРУУЛАХ АРГА
Үүнээс гадна хот ачааллаа дийлэхгүй болсон өнөө цагт хөдөө, орон нутагт очиж ажиллах хүсэлтэй залуус зөндөө байна.
Гэтэл хөдөөд ажлын байр хоёр намын эрх мэдэлд оччихсон. Аль намыг дэмждэг, удирдлагыг дагадаг байхаас шалтгаалан ажилд орно. Орлоо гэхэд ажлын байр дөрвөн жилийн настай.
Жишээлбэл, Ардчилсан намын үед ажилд орсон гэх шалтгаанаар ажилтнаа олонх болсон намын удирдлага ажлаас нь халчихсан. Гэхдээ боловсон аргаар. Ажлаа сайн дураар өг, эс бөгөөс хална гэх. Тэр аргагүй байдалд орж ажлаа өгөөд, хотод ирж ажилгүйчүүдийн эгнээг нэмсэн. Ийм тогтворгүй байхад хэн хөдөөг зорьж, орон нутгаа хөгжүүлэх юм бэ. Хаана ажил олдох боломж байна тийшээ залуус зүтгэж байна. Ингэхээр хотын төвлөрөл яаж буурах вэ. Төр засаг үүнд анхаарч, дөнгөж төгссөн залуусыг хөдөө орон нутаг руу мэргэжлийн дагуу ахиу цалинтай томилдог болвол ямар вэ. Нэг талаас залуус сургуулиа төгсөөд шууд ажлын байртай, ахиу цалинтай сайхан амьдарна. Нөгөө талаас алслагдсан аймаг, сум хөгжинө, хотын төвлөрөл ч буурна.
Энэ мэт залуус эх орондоо мэдлэг, чадвараа зориулж, сэтгэл хангалуун амьдрах боломжийг Төр засаг бодлогоор хангаж өгмөөр байна. Утаа, бохирдол, бухимдал, зардал ихтэй энэ хотод ажилгүй, орлогогүй амьдрахыг хэн ч хүсэхгүй. Угтаа бол залуус ажил хийж, ахиу цалин авахыг хүсэж байна, Амьдралдаа сэтгэл хангалуун, эрүүл, элэг бүтэн байхыг мөрөөдөж байна. Тэдэнд зөвхөн багахан дэмжлэг л хэрэгтэй байна.
Холбоотой мэдээ