МАН ээлжит бус сонгуульд “бэлтгэж” байна

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

МАН ээлжит бус сонгуульд “бэлтгэж” байна

МАН ээлжит бус сонгуульд “бэлтгэж” байна

МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Ард нийтийн санал асуулга ирэх аравдугаар сарын  30, 31-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулагдана. Үүнтэй зэрэгцүүлэн МАН-ынхан  ээлжит бус сонгуульд бэлтгэж байгаа гэх яриа улс төрийн хүрээнд өрнөх болов. Ардчилсан намын гишүүдийн зүгээс ч эрх баригчид ээлжит бус сонгууль зохион байгуулах гэж байна гэх байр суурийг илэрхийлж эхлэв.

Бүр ээлжит бус сонгуулийг ирэх арваннэгдүгээр сард явуулахаар 40 гаруй гишүүн дэмжээд байгаа гэнэ. 10 орчим гишүүд нь намаас тойрог олговол ээлжит бус сонгуулийг дэмжинэ гэдгээ ч илэрхийлээд байгаа талаар МАН-ын гишүүд дунд яригдаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 74 гишүүнээс 40 гаруй гишүүд нь ээлжит бус сонгууль явуулахыг дэмжсэн гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ удаагийн парламентыг хоёр ч удаа тарахыг шаардаж, УИХ-ын индэр дээрээс үг хэлж байв. Түүний ингэж хэлсэн нь зүгээр ч нэг үг байгаагүй, энэ парламент үүргээ гүйцэтгэж чадахгүй, гишүүд нь хүчингийн хэрэгт холбогдсон,  олноороо ЖДҮ-д холбогдсон гээд тоочоод байвал гавьяанаасаа “гай” нь олон. Тиймээс ч Ерөнхийлөгч тэднийг тарахыг шаардсан.

Гэхдээ Ерөнхийлөгчийн хүсэл гэхээс илүү ээлжит бус сонгуулийг ямар тохиолдолд  явуулах вэ гэдгийг хуульд ч тодорхой тусгасан байгаа. Одоогийн хүчин төгөлдөр Сонгуулийн тухай хуульд ээлжит бус сонгуулийг УИХ өөрөө тарах шийдвэр гаргасан тохиолдолд эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргасан тохиолдолд ээлжит бус сонгууль явуулах заалт бий.

Сонгуулийн тухай хууль: 8.4.Ээлжит бус сонгууль гэж ээлжит сонгуулийн хугацаанаас өмнө явагдах сонгуулийг хэлнэ.

8.5.Ээлжит бус сонгууль дараах тохиолдолд явагдана:

  • 5.1.Улсын Их Хурлын бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон;
  • 5.2.Ерөнхийлөгч огцорсон, нас барсан, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн;
  • 5.3.орон нутгийн хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон.

17 дугаар зүйл. Ээлжит бус сонгууль товлон зарлах:

17.1.Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана.

17.2.Орон нутгийн хурлын ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор энэ хуульд нийцүүлэн тухайн орон нутгийн хурлын Тэргүүлэгчид товлон зарлана.

Одоогоос найман сарын өмнө Ардчилсан нам зөвлөл бус бүлэгтэй байхдаа энэ парламентыг өөрөө тарах шийдвэр гаргахыг хүсч, гарын үсэг цуглуулж байв.  Ингэхдээ, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэн тул 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ өөрөө тарах, ээлжит бус сонгуулийг товлох УИХ-ын тогтоолын төслийг санаачилж байв.

Гэхдээ үүнд Л.Болд, Ж.Батзандан нараас бусад АН-ын гишүүд гарын үсэг зурсан бол МАН-аас  Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа,  Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар гарын үсэг зурж байв.

Тэгвэл МАН энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжих эсэх Ард нийтийн санал асуулгын дараа ээлжит бус сонгууль зарлахаар товложээ. Хэрэв ээлжит бус сонгууль зохион байгуулбал энэ парламент ээлжит бус сонгуулийг товлон зарлаж, дараагийн парламент бүрдтэл гишүүний эрхээ эдлэх юм. Түүнээс гадна МАН-ынхан намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Сонгуулийн нэгдсэн хуулиудыг салгахаар тусгасан. 2015 онд батлагдсан Ерөнхийлөгч, орон нутаг, УИХ-ын сонгуулийн хуулиудыг нэгтгэснийг тэд салгаж байгаа бөгөөд Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжвэл дараагийн парламент таван жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэнэ. Энэ мэт хууль эрх зүйн орчныг өөрчилж, өөрсөддөө давуу эрх олгосны дараа тэд ээлжит бус сонгуулийг хийх нь гэсэн хардлага улс төрийн хүрээнд бий. Харин тэд ямар улс төрийн тоглолт хийж, энэ парламентаа тараах вэ, бас гишүүдтэйгээ ямар тохироо хийхээс хамаарч ээлжит бус сонгууль явуулах эсэх тодорхой болох юм. Ямартай ч МАН ээлжит бус сонгуулийг хүсэмжилж буй, харин тэр хүсэл нь ямар үнэд хүрэх бас хэнтэй тохирохоос хамаарах нь.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж