УИХ-ын дарга “Үндэсний номын баяр”-т оролцож, өөрийн санаачилсан “Мэргэн ном” цомоо гардууллаа

Хуучирсан мэдээ: 2019.09.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга “Үндэсний номын баяр”-т оролцож, өөрийн санаачилсан “Мэргэн ном” цомоо гардууллаа

УИХ-ын дарга “Үндэсний номын баяр”-т оролцож, өөрийн санаачилсан “Мэргэн ном” цомоо гардууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй 26 дахь удаагийн “Үндэсний номын баяр-2019” өнөөдөр (2019.09.14) Сүхбаатарын талбайд “Ном бол зам” уриатайгаар нээлтээ хийлээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү номын баярыг жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг уламжлал тогтоод хэдийнээ 13 жил болжээ.

Энэ удаагийн номын баярт ОХУ-ын М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэд захирал С.Ф.Дмитренко, тус сургуулийн Хүүхдийн зохиолын семинарын удирдагч багш, нэрт зохиолч А.П.Торопцев нар хүрэлцэн ирж оролцож байгаагаараа онцлогтой болж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар баярыг нээж хэлсэн үгэндээ, “Номын баяр хийх санаачилга нь манай нийгэмд ном унших соёлыг дэлгэрүүлэхэд чухал дэмжлэг болж ирсэн. Ном уншсанаар мэдлэгээ тэлэхээс гадна санаа бодлоо солилцох, бие биеэ ойлгож мэдэхэд ихээхэн тустай. “Ном бол ертөнцийг харах цонх” гэж М.Горький хэлсэн байдаг. Энэ цонх орчин цагт улам томорч байна. Миний бие энэ санаачилгыг дэмжих болсон гурван шалтгаан байгаа юм. Нэгдүгээрт, сүүлийн жилүүдэд монголчууд ном маш бага уншдаг болж, цэгцтэй мэдээллийг олж чадахаа больсон байна. Үүнийгээ дагаад номын борлуулалт муудаж байгаа. Хоёрдугаарт, цаг үе эрчимтэй өөрчлөгдөж байна. Аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлсэн энэ мөчид дэлхийн нөлөө бүхий компаниуд дипломыг биш, хэн сайн уншиж, өөрийгөө хөгжүүлж чадсан хүнийг дэмждэг болжээ. Гуравдугаарт, ном бол бидний соёлын салшгүй хэсэг. Сүүлийн үед манай зохиогчид, уншигчдын дунд ярьдаг ном, сонсдог ном буюу подкаст дэлгэрч байна. Үүний уламжлал бидэнд бий. Эрт үеэс монголчууд үлгэр, туужийг ам дамжуулан хөөрөлддөг байсан. Ном бол бидний үндэсний өв соёлоо уламжлуулан өвлүүлэх гол хэрэгслийн нэг юм. “Номгүй хүний цээж харанхуй, малгүй хүний хот харанхуй” гэж өвгөд сургадаг байсан. Орчин цагийн хүүхэд залуустаа цээж харанхуй байхгүйг захья” гээд номын баяртаа идэвхтэй оролцохыг хүүхэд залууст уриалав.

“Үндэсний номын баяр-2019” арга хэмжээний үеэр анх удаа “Онцлох ном”, “Шилдэг уншигч”, “Номын ертөнцийн гавьяатан”-ыг тодруулж, Монгол Улсын Их Хурлын даргын нэрэмжит “Мэргэн ном” цомоор шагналаа. Эрдэнийн чулуун суурин дээр ном уншиж буй мазаалайн дүрсийг суурилуулсан энэ цомыг УИХ-ын дарга санаачлан бүтээлгэжээ.

2019 оны “Онцлох ном”-оор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч агсан Бавуугийн Лхагвасүрэнгийн “Морин зэрэглээ” бүтээл шалгарсныг түүний хүү Л.Хасарт гардуулж өглөө. Харин “Номын ертөнцийн гавьяатан” шагналын эзнээр зохиолч, яруу найрагч, нийтлэлч Б.Наминчимэд, “Мэргэн уншигч”-аар номын залуу зүтгэлтэн Н.Энхсайхан нар тодорч “Мэргэн ном” цомыг гардлаа. Төв талбайд 130 гаруй асарт номын худалдаа явагдаж байна. УИХ-ын дарга номын асраар явж эрдэмтэд, зохиолчид, хэвлэлийн компаниудын төлөөлөл, уншигчидтай уулзаж, ном худалдан авав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж