-Судалгаанд хамрагдсан хоёр малчин тутмын нэг нь таргалалттай гэсэн дүгнэлтийг НЭМХ-ээс гаргажээ-
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Малчдын ахуй амьдрал, эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар сонирхолтой дэлгэрэнгүй судалгаа хийсэн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр манай улсын нийт хүн амын 32 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаагийн 30.5 хувь нь буюу 285691 хүн мал аж ахуй эрхэлж байгаа юм. Сүүлийн таван жилд манай орны хөгжлийн чиг хандлага, нийгмийн өөрчлөлт, байгаль цаг уур зэрэг хүчин зүйлтэй холбоотойгоор малчдын тоо 22.6 хувиар буурчээ. Малчдын ахуй амьдралын нөхцөл нь техник, технологийн хөгжил, нийгэм, эдийн засгийн байдлаас хамааран сайжирч байгаа хэдий ч төв суурин газрын иргэдтэй харьцуулахад ихээхэн ялгаатай байгаа нь нууц биш юм. Тийм ч учраас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс малчдын амьдрал ахуй, эрүүл мэндийг нөхцлийг судалсан байна.
ХАНГАЙ, ТӨВИЙН БҮСИЙНХЭН МАЛАА МОТОЦИКЛИОР ХАРИУЛДАГ
Судалгаанд баруун, зүүн, төв, хангайн бүс нутаг тус бүрээс нэг аймаг, аймаг бүрээс хоёр сумыг сонгож, нийт 471 малчин өрхийг хамруулсан байна. Хамрагдсан хүмүүсийн 48,4 хувь нь д 18-78 насны эрэгтэй, 51.6 хувь нь эмэгтэй ажээ. Судалгаанд хамрагдагсдын 93.5 хувь нь монгол гэрт, үүнээс 23.5 хувь нь дөрвөн ханатай, 67.5 хувь нь таван ханатай, 5.9 хувь нь зургаан ханатай, 2.7 хувь нь найман ханатай гэрт амьдардаг, цөмөөрөө нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг хүмүүс байсан гэнэ. Хангай, төвийн бүсийн малчид малаа голчон мотоциклоор хариулдаг бол зүүн, баруун бүсийнхэн ихэвчлэн мориор хариулдаг байна. Малчдын 62 хувь нь амьжиргааны баталгаажих төвшнээс бага орлоготой, орлогын эх үүсвэрийн 43.1 хувийг малын түүхий эд зарж борлуулсан орлогоос олдог хэдий ч 75.1 хувь нь малын ашиг шимээс тогтмол орлого олдоггүй гэж хариулжээ.
Сүүлийн таван жилд манай орны хөгжлийн чиг хандлага, нийгмийн өөрчлөлт, байгаль цаг уур зэрэг хүчин зүйлтэй холбоотойгоор малчдын тоо 22.6 хувиар буурчээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн малчдын эрүүл мэндийн байдлыг тогтоохын тулд аж амьдралын нөхцөл байдлыг танджээ. Судалгаанд хамрагдагсдын 91.8 хувь нь нэг хүнд ногдох усны ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс бага ус хэрэглэж байсан бол 54.8 хувь нь долоо хоногт 1-2 удаа, 27.5 хувь нь хоногт 3-4 удаа, 17.1 хувь нь сард нэг удаагийн давтамжтай усны саваа цэвэрлэдэг гэжээ. Судалгаанд хамрагдагсдын 41.4 хувь нь долоо хоногт нэг удаа, 43.1 хувь нь 14 хоногт нэг удаа, 14.6 хувь нь сард нэг удаа усанд ордог ба тэдгээрийн дийлэнх нь буюу 91 хувь нь гэртээ ус халааж ордог байна. Ариун цэврийн байгууламжийн хувьд малчдын зөвхөн 3.2 хувь нь стандартын жорлонд, 53.1 хувь нь нүхэн жорлонд, 43.7 хувь нь ил задгай газар бие засдаг байна.
МАЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНД САЙНГҮЙ БАЙНА
Нийт малчдын 81.2 хувь нь малаас хүнд халдварладаг өвчний талаар мэддэг гэж хариулсан нь сайн хэрэг. Тэдний 96.3 хувь нь бруцеллёз, 40.5 хувь нь боом, 8.3 хувь нь шүлхий, 2.5 хувь нь бэтэг, 5.9 хувь нь шимэгчдийн өвчин хүнд халдварладаг гэсэн боловч 2.5 хувь нь хавдар, 4.7 хувь нь улаан бурхан өвчин малаас хүнд халдварладаг гэсэн буруу ойлголттой байна. Судалгаанд хамрагдсан малчдын биеийн жингийн индексийг /БЖИ/-ийг эрсдлийн үнэлгээгээр үнэлэхэд 1.6 хувь нь тураалтай, 48.4 хувь нь хэвийн, 34.8 хувь нь илүүдэл жинтэй, 14.1 хувь нь нэгдүгээр зэргийн, 1.1 хувь нь хоёрдугаар зэргийн таргалалттай гарчээ. Хүйсээр ялгаж үзвэл малчин эрчүүдийн 34.8 хувь, эмэгтэй малчдын 65.2 хувь нь төвийн таргалалттай байгаа гэнэ.
Үүнээс үүдэн нийт малчдын 31.3 хувь, эрэгтэйчүүдийн 36.9 хувь, эмэгтэйчүүдийн 25.9 хувь нь артерийн даралт ихдэлттэй болсон байжээ. Таван малчин тутмын нэгд нь өлөн үеийн цусан дахь глюкоз хэвийн хэмжээнээс өндөр үзүүлэлттэй гарсан гэхчилэн тоочвол малчдын маань эрүүл мэндийн байдал төдийлөн сайнгүй байгаа юм. Гэхдээ малчдын 63.4 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг гэж хариулжээ. Санал асуулгад оролцогсдын 25 хувь нь хагас жилд нэг удаа, 68.8 хувь нь жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэгт хамрагддаг гэсэн бол 3.9 хувь нь огт хамрагддаггүй байх юм.
Малчдын 37.2 хувь нь ямар нэг архаг өвчтэй байгаа ч зүүн бүсийн малчдын дунд архаг, хууч өвчинтэй хүн харьцангуй цөөн, баруун, хангайн, төвийн бүсийн малчид илүү их өвчлөмтгий болох нь тогтоогджээ. Малчид хэзээ илүү их өвдөж байгааг нарийвчлан гаргахад өвөл, хаврын улиралд нийт хүн амын дунд амьсгалын тогтолцооны өвчлөл зонхилон тохиолдож байсан бол малчдын дунд шээс бэлэгсийн замын болон зүрх судасны тогтолцооны өвчлөл хамгийн өндөр байжээ. Харин зуны улиралд нийт хүн амын дунд хоол боловсруулах тогтолцооны болон гэмтэл бэртлийн өвчлөл өндөр байдаг бол малчид гэмтэл бэртэл, цусны эргэлтийн тогтолцооны эмгэгт нэрвэгддэг байна. Харин намар цагт малчид цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлд өртөх нь түгээмэл байдаг байна. Нийт хүн амын дунд арьсны өвчнүүд болон гэмтэл бэртэл нь өндөр бүртгэгдэж өвчлөлийн тэргүүлэх байранд орж байгаа бол малчдын өвчлөлийн тэргүүлэх байранд мэдрэлийн өвчин болон гэмтэл бэртэл зонхилон бүртгэгдсэн гэсэн дүгнэлтийг НЭМХ-ээс гаргажээ.
Д.ЦЭЭНЭ