Тойм: Ерөнхийлөгчийн "тулгалт", АТГ-ын "сүржин" бичлэгтэй өдрүүд

Хуучирсан мэдээ: 2019.09.15-нд нийтлэгдсэн

Тойм: Ерөнхийлөгчийн "тулгалт", АТГ-ын "сүржин" бичлэгтэй өдрүүд

Тойм: Ерөнхийлөгчийн "тулгалт", АТГ-ын "сүржин" бичлэгтэй өдрүүд

News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА АРАВДУГААР САРЫН 30, 31-НД БОЛНО

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахаар болсон. Ард нийтийн санал асуулга 2019 оны аравдугаар сарын 30, 31-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулах бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжих үү гэдэг ганц асуулгаар санал асуулга зохион байгуулахаар болсон юм. Ард нийтийн санал асуулга явуулах төсөв 27 орчим тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн ч УИХ-ын гишүүдийн зүгээс энэ мөнгийг багасгах, хэмнэж болох зардлуудаа танахыг үүрэг болгосон. Тиймээс Засгийн газар төсвийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга засаглалын хэлбэр ямар байхыг ард түмнээсээ асууя гэсэн санал тавьж, УИХ-д тогтоолын төсөл хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ард нийтийн санал асуулга явуулах санал асуулгад Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдэг асуултыг нэмж, ард түмнээс асуух саналыг УИХ-д хүргүүлсэн. УИХ Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, олонхоороо саналаа гаргана. Гэхдээ хууль эрх зүйн хувьд буюу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Ард нийтийн санал асуулга нь нэг асуулттай байхаас гадна Ерөнхийлөгчийн хувьд ийм саналыг оруулах боломжгүй гэдгийг УИХ-ын зүгээс болон судлаачдын зүгээс ч илэрхийлж байгаа юм.

СЭЛЭНГЭ АЙМАГТ ХУУЛЬ ЗӨРЧСӨН УУРХАЙНУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд Сэлэнгэ аймагт олборлолт, хайгуул хийж бу​й ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийв. Нийт 10,853 га газрыг хамарсан хяналт шалгалтын ажлыг явуулж, 63 аж ахуйн нэгж, нөхөрлөл, 87 иргэний явуулж байсан үйл ажиллагааг таслан зогсоов.

Тэдгээрт албан мэдэгдэл өгч, тухайн газар оронд байсан 363 иргэнийг тухайн газар нутгаас албадан гаргав. Мөн 128 экскаватор, 57 ковш, 8 бульдозер, ачааны 103 машин, суудлын 73 тээврийн хэрэгсэл, контейнер 12, 199 эсгий гэр, 58 ширхэг усан буу, 8 ширхэг гитран буу, чиргүүл 2 ширхэг зэрэг уул уурхайн тоног төхөөрөмжийг буулгаж, талбайг чөлөөллөө. Улмаар тухайн газруудыг Байгаль орчны хяналтын бүст оруулан хяналт тавьж, цаашид энэхүү шийдвэрийг хангаж ажиллахыг Ерөө, Хүдэр, Баянгол сумдын Засаг даргын тамгын газар, Байгаль орчны ажилтан нарт үүрэг болгож, хүлээлгэн өгчээ.

ОЛОН УЛСЫН АРДЧИЛЛЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

Олон улсын Ардчиллын өдөр өнгөрч буй долоо хоногт болж, Ардчилсан намын зүгээс хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулав. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон билээ. Мөн энэ жил Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байгаа юм. Эдгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд өнөөдөр (2019.09.13) зохион байгуулагдаж буй  "Монгол Улс – Ардчиллын замаар 30 жил: Ардчилал бидэнд юу өгсөн бэ?" сэдэвт онол, практикийн бага хурал болсон юм. Мөн Сүхбаатарын талбайд Ардчиллын түүх боть-I номын нээлт, Фүүд фестиваль, Ховор автомашины үзэсгэлэн, Big Laser show, рок поп, хип хоп уран бүтээлчдийн тоглолтоор өндөрлүүлэх юм.

Сонирхуулахад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес Ардчилсан намынханд мэндчилгээ илгээсэн юм.

АТГ ГААЛИЙН БАЙЦААГЧДЫН БИЧЛЭГ ЦАЦАВ

Авлигатай тэмцэх газар сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр /2019.09.10/  боллоо. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийлээ.  Ингэхдээ 2016 онд 96 орчим тонн барааг хилээр ямар нэг бүртгэлгүй оруулж, 4-5 сая төгрөгийн хахуул авсан байцаагчийн бичлэгийг олон нийтэд цацсан юм. Тэрхүү бичлэгт нэг удаагийн хахуулын үйлдэл гарч байгаа боловч энэ нь удаа дараа давтагдамжтай, олон удаагийн үйлдэл байсан гэдгийг АТГ-аас мэдэгдсэн мөн.

ЗТХЯ-НЫ Д.ДОРЖХАНДЫГ СААТУУЛЖ, ЭМДЕГ-ЫН ДАРГА Ч.АЛТАНХУЯГИЙГ СУЛЛАВ

Авлигатай тэмцэх газраас энэ сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас саатуулж хорих 461-р ангид хорьжээ. Тодруулбал, Д.Доржхандыг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаад эхэлсэн аж.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын дарга Ч.Алтанхуягийг есдүгээр сарын 9-ны өдөр АТГ-аас саатуулсан. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж буй талаар АТГ-аас мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр Ч.Алтанхуягийг өчигдөр /2019.09.11/ орой сулласан байна. Ч.Алтанхуяг нь өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашдаг байсан бөгөөд УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байгаад 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа аж.

ЖҮДО БӨХИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИД АЖЛАА ӨГЛӨӨ

Н.Түвшинбаяр тэргүүтэй монголын жүдо бөхийн тамирчид Японы Осака хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 01-нийг хүртэл оролцсон билээ. Харамсалтай нь, Монгол Улсын тамирчдаас МУГТ М.Уранцэцэг л хүрэл медаль хүртсэн тааруу амжилт гаргасан учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцлага хүлээн, ажлаа хүлээлгэн өгөхийг шаарджээ. Монголын жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар О.Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од , ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, япон дасгалжуулагч Торий Томоо нар ажилладаг.

Эдгээр дасгалжуулагчдын хүчин чармайлтаар Монгол Улсын тамирчид 2017 оны ДАШТ-нд зургаан медаль авч, дээд амжилтыг тогтоож байсан бол сүүлийн зургаан ДАШТ дараалан медаль хүртсэн. Үүний зэрэгцээ, олимпийн хоёр наадамд үзүүлсэн амжилтыг нэгтгэвэл Монгол Улсын тамирчид найман жил дараалан 16 медаль хүртэж байсан юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж