Шинэ сайдуудын сургаар АН-ын фракциуд хөдөлгөөнд орж, аль өнгөтэй өөдтэй, хөрөнгө мөнгөтэй, том төсөл хөтөлбөр ихтэй яамыг өмчилж авахаар улайрч байгаа аж. МоАХ-д Зам тээврийн яам дахиад очиж байгаа сурагтай. Сайд нь “Монос”-ын гэх Л.Эрдэнэчимэг гэсэн “бор шувуу” нисч явна. Тиймээс засаг солигдсон ч, сайд өөрчлөгдсөн ч цаад “эзэн” нь өөрчлөгддөггүй, хувийн “компани” шиг нь болчихсон төрийн яамдууд байна хэмээн улс төрийн хүрээнийхэн шүүмжлэлтэй хандаж байна.
2008 оноос буюу С.Баярын засгийн үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар Х.Баттулга ажиллаж эхэлснээс хойш энэ салбар Женкогийн гарт орлоо гэсэн шүүмжлэл гарч байсан. Энэ удаад түүнийг Л.Эрдэнэчимэг гишүүнийг балиашиглаж байгаа гэх.
“Мэргэжлийн бус, тэр тусмаа үг хэлээ ойлголцож чадахгүй эмэгтэй хүн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хүнд хэцүү салбарт сайд болно гэдэг хэцүү юм” хэмээн “Газар тариалан” холбооныхон гаслах болсон. Хүнс, хөдөө аж ахуйн яам 2012 оноос мөн л МоАХ-д харьяалагдаж байгаа. Р.Бурмаа гишүүн салбарын сайдаар очсон биш 2008 оноос буюу “Атарын III” аянаас хойш дотоодын улаан буудай болон гурилын хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногоогоо 60-80 хувь дотроосоо хангадаг байсан газар тариалангийн салбар уналтад орж, ургацаа алдахад хүрээд байгаа. Цаг агаарын нөхцөл байдал газар тариалангийн салбарт сөргөөр нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө талаасаа хаваржин тариаланчидтайгаа хэрэлдсэний гор ийнхүү гарч байна.
Гэтэл үйлдвэрлэгчидтэйгээ хэл амаа ололцоод явж чаддаггүй салбарын сайд ахиад нэгээр нэмэгдэж магадгүй гэж санаа зовсон хүмүүс улс төрийн хүрээнд цөөнгүй. Зам тээврийн сайдаар Л.Эрдэнэчимэг очино гэх сургаар олон хүн толгой сэгсэрч суугаа аж. Ялангуяа салбарынхан нь бүр илүү "шок"-онд орж байгаа гэнэ.
“Монос”-ынхоо эмийг зохицуулж чадахгүй, хүний нялх хүүхдүүд хордуулчихаад “Сэтгүүлч асуухаар нь би балмагдаад хэлчихсэн юм” хэмээн хээвнэг ярьж чадсан, тэр байтугай “Монголд хөрөнгө оруулагч хэрэггүй” гэж хэлж суусан хүнээр гол, чухал яамыг толгойлуулна гэдэг итгэмээргүй сонсогдоно. “Хөрөнгө оруулагч хэрэггүй” гэдэг уриагаа барьж, төмөр замын салбарт орж ирэх гэсэн хүн болгоныг хятад гээд хөөгөөд байвал яана гэж санаа зовох хүмүүс Ардын нам төдийгүй Ардчилсан намд ч байна. “Зам тээврийн яам МоАХ-д очсоноос буюу 2008 оноос хойш тоолбол Монгол Улс өнгөрсөн долоон жилд нэг км төмөр зам тавигдсангүй” гэсэн эрүүл шүүмжлэлийг хэлэх салбарын хүмүүс ч бас бий. Ямар ч байсан ажлыг дандаа гацаадаг МоАХ-д ахиад зам тээврийг өгнө гэдэг З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын нэр хүндэд муу. Ялангуяа ирэх сонгууль намаа удирдаж орох З.Энхболд энэ мэт сайдаасаа болоод амаараа шороо үмхэж магадгүйг Ардчилсан намын жирийн иргэд удирдлагууддаа сануулахаар болсон гэх.
Саарал ордонд болж байгаа хов живийг сонсоход нэг иймэрхүү.
А.ШАРХҮҮ