АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Эдуард Сноуден бямба гаригт “Spiegel” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр найз нөхөдтэйгөө уулзан, эхнэртэйгээ цэцэрлэгээр зугаалж, метронд сууж, таксигаар зорчих зэргээр Москвад ердийн амьдралаар амьдардаг тухайгаа ярьсан байна.
Сноуден Оросын нийгмийн амьдралд хутгалддаггүй, англи хэлтнүүдийн орчинд амьдардгаа мэдэгджээ. Гэсэн ч энэ хүрээндээ баригдалгүй, хотод найз нөхөдтэйгөө уулзаж, санал бодлоо солилцон, хамтдаа хооллож, эхнэр Линдситэйгээ цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, метрогоор явж, таксигаар зорчдог тухайгаа ярьсан байна. Гэхдээ тэрбээр “Би хэзээ ч Кремлийн өмнө сельфиддэггүй” хэмээн хэлжээ. Энэ нь Америкийн эрх баригчид өөрийнх нь эсрэг ашиглаж болзошгүй гэж болгоомжилдогтой нь холбоотой бололтой.
Сноуден “илүү итгэлтэй болсон үедээ” эх орондоо эргэн очно хэмээн бодож буйгаа илэрхийлжээ. Мөн тэрбээр “Die Welt”-д ярилцлага өгөхдөө Германаас орогнол хүсэхээс татгалзахгүй гэж мэдэгджээ. Ирэх арваннэгдүгээр сард Эдуард Сноудений "Хувийн харилцаа" нэртэй дурсамж ОХУ-д гарах аж.
АНУ-ын иргэн Эдуард Жозеф Сноуден компьютерийн техникч мэргэжилтэй, албан ёсны боловсрол эзэмшээгүй, өмнө нь АНУ-ын Тагнуулын Төв Газарт техникч хийж байсан бөгөөд АНУ-ын засгийн газрын иргэдийг хууль бусаар чагнан мөрдөх ажиллагааг 2013 оны зургадугаар сард нийтэд дэлгэсэн билээ.
2013 оны наймдугаар сарын 1-нд ОХУ-ын цагаачлалын албанаас Сноуденд ОХУ-д нэг жил түр оршин суух эрх олгосноос хойш тэрбээр Москва дахь ойрын холбоотон америк иргэний байранд нууцлаг байдалд оршин суугаа бөгөөд Оросын цөөнгүй компаниас ажилд авах санал хүлээн авчээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ