Монголын Паралимпийн өдрийг анх удаа тэмдэглэж байна | News.MN

Монголын Паралимпийн өдрийг анх удаа тэмдэглэж байна

Монголын Паралимпийн өдрийг анх удаа тэмдэглэж байна

Монголын Паралимпийн өдрийг анх удаа тэмдэглэж байна

Монголын Үндэсний Паралимпийн хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оролцуулах, спортоор хичээллэж амжилтад хүрэх хүсэл сонирхлыг дэмжиж ирсэн 30 жилийн түүхийг бичсэн ойн босгон дээр Монголын Паралимпийн өдрийг өнөөдөр/2019.09.14/ анх удаа тэмдэглэж байна.

“Бээжин-2008” Зуны паралимпийн 13 дугаар наадамд байт харваагаар Д.Баатаржав алтан медаль хүртэж, Монголын пара спортын тамирчдын анхны түүхэн амжилтын АЛТАН хуудсыг нээсэн билээ. Тэрбээр энэхүү амжилтыг 2008 оны есдүгээр сарын 14-ий өдөр үзүүлж байсан юм. Тиймээс энэхүү түүхэн ялалтын өдрийг тохиолдуулан Монголын үндэсний паралимпийн өдөр болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байна.

Уг баярын өдрийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр зохион байгуулсан бөгөөд Монголын Үндэсний паралимпийн хорооны дээд шагнал “Алтан нар” гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.

Монголын Паралимпийн өдрийн баярын арга хэмжээнд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн газрын дарга н.Ганчимэг, Монголын Үндэсний Паралимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүү, дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Азийн Паралимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Эмэгтэйчүүд-Спорт хорооны дарга, Олон Улсын паралимпийн хорооны нарийн бичгийн дарга Н.Оюунбат, байт харвааны анхны дасгалжуулагч Ш.Бямбасүрэн, Паралимпийн анхны алтан медальтан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав болон Гавьяат тамирчин Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нарын үе үеийн тамирчид оролцсон юм.

Мөн энэхүү арга хэмжээнд урилгаар Азийн Паралимпийн гүйцэтгэх захирал Тарек Соуе болон албаны төлөөлөгчид, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх Хаяаши Шиничиро нар оролцож, тусгайлан баяр хүргэлээ.

Ёслолын үйл ажиллагааг нээж Монголын Үндэсний паралимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүү үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсад паралимпийн спортыг хөгжүүлэх, олон улсын спортын тэмцээн, наадамд тамирчдыг бэлтгэн оролцуулах зорилготой төрийн бус байгууллага тэртээ 30 жилийн өмнө үүсгэн байгуулагдсанаар паралимпийн хөдөлгөөний үзэл санаа нийгэмд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд дэлгэрч эхэлсэн билээ. Өнөөдөр Монголын паралимпийн тамирчид "Бээжин 2008" зуны паралимпийн наадамд түүхэн амжилт гаргаж, паралимпийн наадмын пара байт харвааны төрөлд Д.Баатаржав алтан медаль, Монгол Улс анхны аваргатай болсон тэмдэглэлт өдрийг тохиолдуулан "Монгол Паралимпийн өдөр"-ийг анх удаа тэмдэглэж байна. Монгол Улс НҮБ-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвецид нэгдэн, Инчёоны тунхаглалыг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортоор дамжуулах бие бялдрыг нь чийрэгжүүлэх болсноор бидэнд олон давуу тал, өргөн боломж нээгдсэн. Монгол Улсад сүүлийн 10-аад жил хугацаанд 17 спортын холбоодын хөгжлийн бэрхшээлтэй 1500 гаруй иргэд спортоор тогтмол хичээллэж буй нь төр засаг, спортыг дэмжигч байгууллага, хувь хүмүүсийн тусламжийн үр дүн билээ. Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд пара спортын шинэ төрлүүд хөгжиж өнөөдрийн байдлаар 17 спортын холбоонд хөгжлийн бэрхшээлтэй 1500 гаруй иргэд тогтмол хамрагдан пара спортын төрлүүдээр хичээллэж байгаа нь төр засаг, пара спортыг дэмжигч байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгийн үр дүн юм. Монгол Улсын пара спортын үндэсний шигшээ багийн тамирчид 2013-2019 онуудад паралимпийн наадам, дэлхий, тивийн тэмцээнүүдээс 156 медалийг түүний дотор Паралимпийн наадмаас нэг алт, 2 хүрэл медаль хүртсэн бахдам амжилтуудыг гаргасаар байна. Мөн Монголын Үндэсний Паралимпийн хороо олон улсын түвшинд идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд Азийн Паралимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Эмэгтэйчүүд-Спорт хорооны дарга, Олон Улсын паралимпийн хорооны нарийн бичгийн дарга Н.Оюунбат сонгогдсон нь бидний ажлыг олон улсад үнэлж байгааг харуулж байна. Бид "Токио 2020" Паралимпийн наадамд 6 спортын төрөлд 8-10 эрх авах, улмаар 2008 оны Паралимпийн наадмын амжилтаа давтаж, Токиогийн наадмаас алтан медалийг дахин авах зорилго тавьж бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хангаж байна. Монголын Паралимпийн хорооны Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу "Монголын паралимпийн өдөр"-ийг жил бүр улам олон хүн өргөн хүрээнд тэмдэглэж, паралимпийн наадмын олон олон медальтан, зүтгэлтэнүүдийг алдаршуулдаг байх болтугай" гэж мэндчилгээндээ дурдлаа.

Энэ жилийн Үндэсний паралимпийн  хорооны дээд шагнал гардуулах ёслолын ажиллагааны “Алтан нар”-ын эзнээр Шагдарын Бямбасүрэн тодорлоо. Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржавын анхны дасгалжуулагч, байт харвааны Олон улсын хэмжээний мастер юм.

Ёслолын үйл ажиллагааны үеэр бид Монголын Үндэсний паралимпийн хорооны дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоотой ярилцлаа.

-Энэ удаагийн ёслолын арга хэмжээнд хэчнээн тамирчин оролцож байна, яагаад “Алтан нар” гэж нэрлэх болов?

-2008 оны Бээжингийн олимпод манай Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав байт сурын харваанд түрүүлж, Монгол Улсдаа хамгийн анхны алтан медалийг авч ирж байсан. Энэ өдрөөр паралимпийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хорооны шийдвэр гарсан. Энэ дагуу бид өнөөдөр паралимпийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан хүнийг шалгаруулан дээд шагнал болох “Алтан нар” гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Яагаад ийн нэрлэх болсон бэ гэвэл удахгүй "Токио-2020" зуны олимпийн наадам болно. Уг наадамд манай баг тамирчид амжилттай оролцож, алтан медалийг Наран улсаас авч ирэх болтугай гэсэн ерөөлийг бодож бэлгэдсэн нэр юм. Өнөөдрийн арга хэмжээнд 17 спортын холбооны удирдлага, дасгалжуулагч, аймаг орон нутгийн төлөөлө, тамирчид нийлсэн 400-аад хүн оролцлоо.

-“Токио-2020” зуны олимп болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Паралимпийн хувьд ямар төрлөөр хэчнээн тамирчин эрх авсан байгаа вэ?

-Одоогоор паралимпид таеквондо, буудлага, пауэрлифтинг гэсэн төрлүүдээр дөрвөн тамирчин албан ёсоор эрхээ авчихсан байна. Цаашдаа бид 4-5 эрх нэмж авах зорилго тавиад явж байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 30 гэхэд хамгийн эцсийн шийдвэр гардаг. Бид оноогоо цуглуулаад явж байна.

-Монголын Паралимпийн тамирчдын хувьд тулгарч байгаа хүндрэлтэй асуудал юу байна вэ?

-Монголд одоо 108 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн судалгаа байдаг. Эдгээр иргэд оролцох боломжтой паралимп, дифлимп, тусгай гэсэн олимпийн гурван чиглэл байгаа юм. Тэгэхээр зөвхөн манай паралимпид гэхэд нийт спортоор хичээллэдэг 5000 гаруй, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжилт гаргаж буй 1500 гаруй хүн байна. Манай 17 спортын хороодоос зургаан нь паралимпийн наадмын хэмжээнд өрсөлдөх чадвартай. Азийн хэмжээнд 7-8 төрлөөр өрсөлдөх боломжтой байдаг. Тэгэхээр бид хүндрэл, бэрхшээл гэхээс илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд итгэлцэл бол хамгийн чухал зүйл. Тэд урам, дэмжлэг, итгэлээр хөглөгддөг. Үүнээс гадна тэмцээнд бэлтгэхийн тулд ар гэр, асран хамгаалагчтай уулзаж, сэтгэлийн туслалцаа дэмжлэгийг онцгой анхаарах болдог. Ер нь сэтгэл зүйгээр бас их дэмжих шаардлагатай байдаг. Яах вэ, хөрөнгө мөнгөний хувьд бидэнд асуудал их байдаг л даа. Төр засгийн зүгээс паралимпийн хороонд шийдэж өгсөн төсөв, мөнгө байдаггүй. Нэгдүгээрт, бид сайн дурын үндсэн дээр ажилладаг. Хоёрдугаарт, паралимпийн тамирчид маань шигшээ багт орчихвол улсын зардлаар бэлтгэл, сургуулилт хийх, гадаадад тэмцээнд явах асуудалд төр хариуцана. Бусад үед бид хандив, тусламж, сайн санаат хүмүүсийн ивээлээр зохион байгуулж, оролцдог юм. Энэ жил болж буй Хүүхдийн зургаадугаар наадамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрлүүдийг нэмж оруулж өгсөнд бид их баяртай байгаа. Энэ бол цаашдаа 2024, 2028 оны олимпийн наадамд оролцох тамирчдаа одооноос бэлтгэх том боломж гэж харж байна.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын асуудлыг хариуцсан төрийн бус байгууллага /ТББ/ анх 1989 онд Тахир дутуу хүмүүсийн БТС-ын холбоо нэртэй байгуулагдсан. Харин 1995 оноос Монголын Паралимпын хороо хэмээх нэртэй болж албан ёсоор байгуулагдсан бөгөөд 2000 онд Олон улсын паралимпын хороо/ОУПХ/-ны гишүүнээр элсэн оржээ.

Монголын паралимпын тамирчид Австрали улсын Сидней хотноо болсон Зуны паралимпын 11 дүгээр наадмаас эхлэн паралимпын наадамд анх оролцож эхэлсэн түүхтэй. Улмаар “Бээжин-2008” Зуны паралимпын 13 дугаар наадамд манай улсын баг тамирчид байт харваа, буудлага, жүдо бөхийн төрлөөр нийт дөрвөн тамирчин оролцож байт харваагаар Д.Баатаржав алтан медаль хүртэж Монгол Улс тус наадамд оролцсон 147 орноос 51 дүгээр байр эзэлж Монголын пара спортын тамирчдын анхны түүхэн амжилтын алтан хуудсыг нээсэн билээ.

Бразил улсын Рио де Жанейро хотноо зохион байгуулсан “Рио-2016” зуны 15 дугаар паралимпийн наадамд байт харваа, пауэрлифтинг, буудлага, жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт найман тамирчин эрх аван оролцож жүдо бөхөөр Б.Ууганхүү, пауэрлифтингээр Э.Содномпилжээ тус тус паралимпийн хүрэл медаль хүртэж манай тус наадамд оролцсон 159 орноос 75 дугаар байрт шалгарсан юм.

Өвлийн пара спортын төрлөөр гүйлтийн цанын тамирчид 2006 онд Итали улсын Турин хотноо болсон паралимпын наадамд анх удаа оролцсон түүхтэй. Канад улсад болсон “Ванкувер-2010” өвлийн паралимпийн наадамд манай хоёр тамирчин урилгаар оролцсон бол 2014 онд ОХУ-д зохион байгуулсан “Сочи-2014” Өвлийн паралимпийн наадамд ДАШТ-ээс анх удаа цанын тамирчин Б.Ганболд  эрх авч, амжилттай оролцсон билээ.

БНСУ-д болсон “Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадамд Б.Ганболд гүйлтийн цанын гурван зайд хурдаа сорьсон бөгөөд 1,5 км зайд уралдсан 35 орны тамирчдаас 14 дүгээр байрт шалгарсан өндөр амжилтыг үзүүлсэн.

Өнөөдрийн байдлаар, манай улсад пара спортын 16 спорт холбоо албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Одоогоос 10 жилийн өмнөөс Монголын паралимпын хороо шинэ бүтэц зохион байгуулалтад орж, 2017 оноос Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/ болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад паралимпийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир спортод татан оролцуулах, ОУПХ-ны гишүүн орнууд, олон улсын пара спортын байгууллагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх олон шинэ ажлыг хэрэгжүүлээд байна.

Тухайлбал, МҮПХ нь БНХАУ, БНСУ, ОХУ, Япон, ХБНГУ, Хонконг, Казахстан зэрэг 10 гаруй үндэсний паралимпийн хороотой хамтын ажиллагаатай ажиллаж байна. ОХУ болон БНХАУ-д МҮПХ-ны төлөөлөгчийн газар ажилладаг. ОУПХ-ноос 2011 онд МҮПХ-г идэвх санаачлагатай, бүтэц зохион байгуулалтыг сайн удирдан чиглүүлж ажилласныг өндөр үнэлсэн байдаг. Мөн 2013 онд ОУПХ таван тивийн 100 гаруй үндэсний паралимпын хорооны дунд судалгаа хийж, сүүлийн шалгаруулалтад 22 үндэсний паралимпын хорооноос МҮПХ Ази тэргүүлэн шалгарч эх орондоо 2014, 2015, 2016 онд төсөл хэрэгжүүлэх эрхээр шагнуулсан юм.

Азийн паралимпийн хороо /АПХ/-ны 2019 оны Ерөнхий Ассемблейн чуулганаар МҮПХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат “Эмэгтэйчүүд ба спорт” хорооны даргаар сонгогдсон. Ийнхүү Монгол Улс анх удаа АПХ-ны удирдах зөвлөлийн гишүүнтэй болоод байна. Мөн Н.Оюунбат нь ОУПХ-ны Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр тус хорооны “Эмэгтэйчүүд ба спорт” дэд хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Ази тивийг төлөөлөн томилогдсон юм.

Пара спортын төрлүүдийг хөгжүүлэхэд мэргэжлийн шүүгч, өндөр мэдлэг, чадвартай багш дасгалжуулагч нэн чухал үүрэгтэй байдаг. Олон улсын хараагүйчүүдийн холбоо, Монголын паралимпын хороо, Монголын хонхот бөмбөгийн холбоотой хамтарч анх удаа Монгол Улсад хонхот бөмбөгийн олон улсын шүүгч, дасгалжуулагч нарын сургалт семинарыг 2014 онд амжилттай зохион байгуулсан юм. Мөн 2015 онд АПХ-той хамтарч Бочи спортын шүүгч, дасгалжуулагчийн сургалтыг Дэлхийн Бочи холбооны дэмжлэгээр амжилттай зохиож, энэ спортыг хөгжүүлэх гарааг эхлүүлж олон тамирчдыг төрүүлээд байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Спорт цогцолборыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг 2013 онд шийдвэрлүүлсэн. Тус цогцолбор баригдсанаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй пара спортын холбоод өөрийн гэсэн стандартын заал танхимтай болох юм. Ингэснээр пара спортоор хичээллэгч тамирчид бэлтгэл сургуулилтаа стандарт зориулалтын дагуу хийх тааламжтай орчин бүрдэж амжилтаа улам бүр ахиулж дэлхийн түвшинд хүрч өрсөлдөнө. Энэхүү Спорт цогцолборын зураг төслийн ажилд 200 сая төгрөгийг нийслэлийн хөрөнгөнөөс гаргаж зарцуулсан байна. Улмаар БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд 2019-2021 онд уг цогцолбор ашиглалтад орох юм.

Багш дасгалжуулагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад дотоодын сургалтад тогтмол хамруулж байна. Тухайлбал, багш, дасгалжуулагчдыг 2017-2019 оны байдлаар гүйлтийн цанын төрлөөр Герман, уулын цанын төрлөөр Арабын нэгдсэн Эмират улс, усанд сэлэлтийн төрлөөр Сингапур улсад сургалтад хамруулсан юм. Мөн энэ онд Тайланд улсад болсон ОУПХ-ны удирдах ажилтны сургалтад хүмүүсээ хамруулсан байна.

МҮПХ-ноос төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэхэд улсын төсвөөс болон олон улсаас дэмжлэг туслалцаа авдаггүй. Харин ивээн тэтгэгч, хандивлагч байгууллага, хувь хүмүүсийн туслалцаа, дэмжлэгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Иймд төрийн болон ТББ-уудын дэмжлэг хамтын ажиллагаагаар төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг тус хорооны үйл ажиллагаа харуулж байна.

МҮПХ бол БТС-ын тухай хууль, төрөөс БТС-ын талаар баримтлах бодлогыг үндэслэл болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ангиллын дагуу пара спортын холбоодод бэлтгэл, сургалтыг нь зохион байгуулж, тус холбоодын ажил үйлчилгээг нэгдсэн бодлогоор удирдан чиглүүлэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэхийг эн тэргүүний зорилтоо болгон ажилладаг. Энэхүү зорилт өнөөдөр амжилттай хэрэгжиж, жил ирэх тусам пара спортоор хичээллэгчдийн тоо өсөхийн зэрэгцээ шинэ залуу тамирчид олноор гарч ирж, тэдний ур чадвар ахисаар байгаа юм.

Үүний нэг тод жишээ бол “Гуанжоу-2010”, “Инчеон-2014”, “Жакарта-2018” Азийн паралимпын наадамд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцож энэ наадмуудаас манай тамирчид 3 алт, 4 мөнгө, 14 хүрэл нийт 21 медалийг Азийн пара наадмаас аваад байна.

“Токио-2020” зуны пара олимпийн наадамд оролцох шигшээ багаас З.Ганбаатар /буудлага/, Э.Содномпилжээ /Пауэрлифтинг/, Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа /хоёул таеквондо/, Ц.Цогтгэрэл /хөнгөн атлетик/ нарын таван тамирчин эрх өвөртлөөд, бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байгаа юм.

Токиогийн паралимп эхлэхээс 345 өдрийн өмнө амжиж эрхээ авах тамирчид ч эрхийн төлөөх тэмцээндээ эрчимтэй бэлтгэж байгаа бөгөөд эрх авах боломжтой тамирчин цөөнгүй байна.

Ингээд Монголын Паралимпийн өдрийн баярын мэндийг хүргэе.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мэндээ 2019-09-14 202.179.26.75

Энэ мэдээ дэндүү урт байна, тэгээд пара-олимпийн өдрийг яаг хэдний өдөр тэмдэглэдэгийг бичээгүй байна, алтан медаль авсан гэж амтай болгон ярьжээ, яг хэдний өдөр нь алга.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж