Киев хотноо өчигдөр /2019.09.13/ болсон Ялта Европын стратеги форум дээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнүүдээ цуцлахгүй байхыг барууны орнуудад уриалжээ.
Тэрбээр “Зарим барууны орнууд ОХУ-т хориг тавьснаасаа болж, их мөнгө алдаж байгаа тухай ярилцаж байна. Тэд мөнгөө алдаж байна. Харин бид хүнээ алдаж байна. Хориг арга хэмжээ гэдэг бол энэ дэлхий ертөнцөд хэв журмыг сахиулахын тулд байдаг татвар гэж ойлгож болно. Дэлхийн энх тайван, амар амгалан байдлыг сүйтгэж байвал зохих татвараа төлөх л ёстой. Тиймээс ОХУ-д тавьсан хориг арга хэмжээнүүд хэвээр үлдэх ёстой” хэмээн хэлсэн байна.
ОХУ нь 2014 онд Крымийг өөртөө хүчээр нэгтгэсэн хэмээн буруутгаж АНУ, Европын Холбооны орнууд Москвагийн эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авсан билээ. Эхний ээлжид Крымийн удирдлагуудын эсрэг хориг арга хэмжээ авсан бол удалгүй Крым дэх үйл явцад холбоотой гэж үзсэн Оросын албан тушаалтнууд, аж ахуйн нэгжүүдийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ