Гологдсон макет, ГОМДСОН ЕРӨНХИЙ САЙД

Хуучирсан мэдээ: 2019.09.14-нд нийтлэгдсэн

Гологдсон макет, ГОМДСОН ЕРӨНХИЙ САЙД

Гологдсон макет, ГОМДСОН ЕРӨНХИЙ САЙД

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны удирдлагууд болон Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж, төслийн макеттай танилцах үеэр нэлээд бухимдсан бичлэг өчигдрийн сошиалын гол дуулиануудын нэг байлаа. Үнэндээ ч боловсролын салбарын удирдлагуудын хариуцаж хийсэн макетыг харсан хэнбугай ч халаглаж бухимдмаар, Ерөнхий сайд уурлаж загнах нь бүү хэл, уйлмаар л эд байна лээ. Арван жилийн хүүхдүүд ч ийм арай ийм мангар макет хийхгүй байсан биз.   

Ерөнхий сайдын өөрийнх нь хэлсэнчлэн “Музей засварлах хөрөнгө мөнгө, газрын асуудлыг нь шийдэж өгөөд байхад” нь бүтэн жилийн хугацаанд шүдэнзний мод хооронд нь наачихсан хүмүүсийг “Та нар ажил хийвэл хийцгээ, чадахгүй бол ажлаа өг. Та нарын цаана олон чадвартай залуу гудамжинд байна. Гадаад, дотоодод сургууль төгссөн хүмүүс төрдөө зүтгэе, ажил хийе гэж байна. Чадахгүй бол битгий энд буг болоод суугаад бай, зайлцгаа” гэж хэлэхээс ч яалтай. Зүй нь тэднийг загнаад өнгөрөх бус ажлаас нь халахыг нь халж, төрийн албанаас хөөхийг нь хөөх байсан юм. Төрийн мөнгөөр хүүхдийн тоглоомоос дор юм хийснийх нь төлөө шүү.

Сүүлийн үед Ерөнхий сайд нэлээд эмоцитой, хувь хувьсгалгүй толгой дараалан загнах болсон. Гэвч Ерөнхий сайд уурлахаас цаашгүй байгаа нь нөгөө л тогтолцооны гажуудал. Толгой томтой, танхимын зарчмаар биш, ганцаарчилсан тоглолт хийдэг сайд нартаа бүх шатанд авлига, хүнд сурталд идэгдсэн төрийн албаныхантай үе үеийн Ерөнхий сайдууд хариуцлага тооцож чаддаггүй. 

 Монголын төрийн алба элдэв янзын улс төрийн хүчин, бүлэглэлүүдийн шахааны хүмүүсээр дүүрч, дээр дооргүй, жижиг томгүй авлигад идэгдсэн. Хүнд суртал бол хамгийн дээд цэгтээ хүрсэн. Хамгийн бага цалинтай төрийн албаныхан өнөөдөр хамгийн том жип унаж, хамгийн тансаг байшинд амьдардаг нь болсон. 

Тиймээс хуулиар дархлагдсан төрийн албыг төрийн албаныхнаас цэвэрлэх цаг нэгэнтээ болжээ. Тэр тусмаа дунд шатны “том” авлигчдыг төрийн албанаас цэвэрлэх зөвхөн У.Хүрэлсүхийн хийх ажил биш. Хуулиа өөрчлөхгүйгээр Ерөнхий сайд “зайлцгаа” гэж загналаа ч төрийн албаныхан зайлахгүй. Шүүхээр заргалдаад ороод ирдэг хүмүүс одоо ч боловсролын яамны боловсролгүй удирдлагуудын нэг хэвээрээ байгаа.

Ерөнхий сайдын зүгээс “Ондоо өнцгөөс асуудлыг харж, ажлаа хиймээр байгаа”-г сануулж, улс төрийн хэрүүл тэмцлээ больё” гэсэн нь зөв. Монголын төрийн албанд ч, төрийн бус байгууллагуудад ч, улс төр, нийгэм нь ч бүхэлдээ талцалтай, ажил хийхээс илүү амаа хөдөлгөдөг хүмүүсээр дүүрсэн. Үүнийг өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тогтолцоогоо сайжруулж, хариуцлагаа нэмэх тухай л яриад байгаа хэрэг.

Гологдсон макет, гомдсон Ерөнхий сайдын үг бол манай байж байгаа царай шүү дээ. Ийм төрд апдэйт хийх тухай л Ерөнхий сайд хэлээд байгаа юм. 

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж