"Ньюс" агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлээс дараах асуултад хариулт авлаа.
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монголд айлчлахын өмнө Ц.Уянга, Г.Ганбат нар нийгмийн сүлжээнд жиргэснийг тагнуулын байгууллагын гомдлоор цагдаа шалгаж байна. Таныг мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдыг гүтгэсэн гэх гомдлоор цагдаа дуудсан. Жиргээг уншихаар үзэл бодлоо хурц л илэрхийлсэн харагддаг. Энэ үйл явдлыг та хэрхэн харж байна вэ?
-Ерөнхийлөгч Х.Баттулга Путинизмыг Монголд оруулж ирээд байна. Хүмүүс анзаарахгүй байгаа болохоос биш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Монгол Улсад айлчлахын өмнө Москвад эрх баригчид нь сөрөг хүчнээ цагдаагийн хүчээр дарамталж, үр хүүхдийг нь шалгасан бүдүүлэг үйлдэл болсон. Сөрөг хүчнээ сонгуульд оролцуулахгүй, сонгуульд оролцуулаагүйг нь тайван замаар эсэргүүцэхээр тусгай хүчнээр дамжуулан шүүхийн байгууллагатайгаа нийлж дарамталсан. Ийм үйл явдал Монголд яг зэрэгцэж болсон. Хууль, шүүхийн байгууллагатайгаа нийлж, ардчиллын үнэт зүйлийг нухчин дарж байгаа үйлдлийг Путинизм гэж хэлээд байгаа юм. Үнэндээ бол энэ бүхнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоотойгоор хийж байна. Х.Баттулга бол ардчиллаасаа урваад зогсохгүй ардчиллыг тэвчихээ болиод, үзэн ядах боллоо. Тиймээс Путинизмыг Монголд улайм цайм ил тодоор оруулж ирж байна.
-Таныхаар хуулийн байгууллага эрх баригчдын гар хөл болж ажиллаад байна гэсэн үг үү?
-Хууль хүчний байгууллага ичихээ байсан. Цагдаагийн ахмад Б.Ганзориг гэдэг хүн Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгыг гүйцэтгэдэг болсон. Хүмүүсийн үгээ хэлэх Үндсэн хуулийн эрх лүү халддаг болсон. Хүний эрх, хүний үг хэлэх эрх чөлөөг Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан байдаг. Цагдаа бол хүний эрх, хүний үг хэлэх эрх чөлөөг хангах үүрэгтэй. Гэтэл хүний эрх, үг хэлэх эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй цагдаа Ерөнхийлөгчийн захиалгаар ардчиллын үнэт зүйл болсон хүний эрх, хүний үгээ хэлэх эрх чөлөөг нухчин дарж байна. Цагдаагийн ахмад Б.Ганзориг “Хууль ямар хамаатай юм бэ” гэж хэлж байна шүү дээ. Манай залуучууд анхаарах хэрэгтэй. Монголын залуучуудын эрх, эрх чөлөө баталгаагүй болсон. “Ерөнхийлөгч муу ажилласан, Засгийн газар муу ажилласан” гэж бичвэл, жиргэвэл нэр төрд халдлаа гээд ялладаг болж байна. Ийм зүйл рүү улайн цайм орж байна. Орост, Москвад болж байгаа үйл явдал, нухчин дарж байгаа үйл явдлын аргатай яг ижил. Цагдаагийн хүчээр барьж аваад, өөрсдийнхөө гар, хөл болсон шүүхээр оруулаад, цуглаанд хүүхдээ оруулсан гээд шүүж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Г.ХОРОЛ
"Э.ОЮУНБОЛДЫН МЭДЭГДЭЛД 8 УДАА ЗЭВҮҮЦЭХ СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ИЛЭРСЭН"
Сүүлийн үед дэлхий дахинаа маркетингийн салбарт нейромаркетингийн судалгаа хурдацтай хөгжих болжээ. Энэ нь хүний зан төлөв, биометрик үзүүлэлтүүдэд үндэслэн хүнийг судлах технологийн боломж юм. Үүнийг Монголдоо хөгжүүлж, дэлхийн зах зээлд гарах зорилготой нэгэн бол “AXON нейролаб” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Санхүү, эдийн засгийн их сургуулийн ахлах багш Б.Нандин-Эрдэнэ юм. Тэрбээр нейромаркетингийн тоног төхөөрөмжөө ашиглаад, Улсын аварга Э.Оюунболдын допингийн талаарх мэдэгдэлд нүүрний хувирлын шинжилгээ хийжээ. Түүнтэй энэ талаар ярилцлаа.
-Нейромаркетинг гэж чухам юу вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Нейромаркетинг гэдэг нэр томьёог анх 2002 онд Роттердамын менежментийн Их сургуулийн профессор Ale Smidts гаргаж ирсэн. Үгийн утгийг тайлбарлавал, нейро гэдэг нь тархи судлал гэж манайд орчуулдаг. Тэгэхээр тархи судлал нэмэх нь маркетинг болж байна. Орчин үед шинжлэх ухаан их өөрчлөгдөж байна л даа. Өмнө нь маркетинг, тархи судлалын хүн тусдаа ялгаа заагтай байсан бол орчин үед аливаа шинжлэх ухааны ололтуудыг өөр шинжлэх ухаан авч ашигладаг, харилцан салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлдэг хэв маягтай болсон байна. Нейромаркетинг яг энэ жишгээр явж байгаа. Өөрөөр хэлбэл, маркетингийн шинжлэх ухаан хэрэглэгч ямар шийдвэр гаргадаг вэ гэдгийг судалдаг. Уламжлалт бидний мэдэх маркетингийн арга хэрэгслүүд тухайн хэрэглэгч яагаад чухам уг бүтээгдэхүүнийг худалдаж авч байгаа вэ, худалдан авах шийдвэрийг яагаад гаргах болов гэдгийг төдийлөн тодорхойлж чадахгүй байгаа юм. Тиймээс түүнийг тодорхойлохын тулд нейромаркетингийн арга хэрэгсэл, ололт амжилт тусална. Үндсэндээ аливаа хэрэглэгчид, ямар нэгэн маркетингийн өдөөгчид яаж хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдгийг нейрол болоод биометр үзүүлэлтээр судалдаг шинжлэх ухааныг хэлж байгаа юм.
-Нэг ёсондоо хүний тархи, оюунаар дамжуулаад маркетинг хийж бизнесээ өргөжүүлж болно гэж ойлгож болох уу?
-Яг тархиар дамжуулаад гэж хэлвэл өрөөсгөл болох байх. Ерөнхийдөө бидний гаргаж байгаа шийдвэрийг тархи яаж хүлээж авч байгаа вэ гэдгийг судлаад, түүн дээр үндэслэж аль шийдвэр нь зөв, буруу вэ гэдгийг ялгаж мэдэх үйл явц юм. Үүнийг ажлын байрны ярилцлага дээр 100 хувь ашиглаж болно. Хариуцлагатай албан тушаалд хэн нэгнийг томилох гэж байгаа бол тухайн хүнийг ядаж л ямар нэгэн залилан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж, ямар нэгэн хууль зөрчиж байсан уу гэдгийг мэдэж болно.
-Үүний тулд судалгааг юун дээр үндэслэж хийх вэ?
-Нейро дээр гурван төрлийн өгөгдөл цуглуулдаг. Нэгдүгээрт, сайкометрик тестээр илэрдэг бидний сэтгэл зүйн зан төлөв. Хоёрдугаарт, биометрик буюу хүн ямар нэгэн зүйлийг хараад нүдний харц, нүүрний хөдөлгөөн, зүрхний цохилтоор үзүүлж буй хариу хувирал. Гуравдугаарт, нейрол буюу тархины аль нэг хэсэг дээр ямар идэвхжил үүсч байна вэ гэдгийг бичиж авах гэсэн өгөгдлүүдийг цуглуулах юм. Ер нь нейромаркетинг сүүлийн үед яагаад ийм хурдацтай хөгжиж байна вэ гэхээр аливаа бүтээгдэхүүний ялгаа зааг багассантай холбоотой. Тухайлбал, электрон бараа гэхэд бүх брэнд ялгаагүй чанартай болчихлоо. Нөгөөтэйгүүр хүн худалдан авалт хийхдээ тэр бүр ухаалаг шийдвэр гаргаад байдаггүй. Хүн гэдэг утгаараа сэтгэл хөдлөл дээрээ суурилж шийдвэрээ гаргадаг. Тэгэхээр сэтгэл хөдлөлийг таньж мэдсэнээр брэнд бүтээх боломж бий гэж харж байгаа учраас нейромаркетинг хурдацтай хөгжих болсон гэж болно.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ц.АРИУНЗАЯА